Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дүн чухал уу, төлөвшил чухал уу DNN.mn

Хүүхдүүдийг хойрго, аливаад тоомжиргүй хандах хандлагыг бид сүүлийн үед далд ухамсарт нь суулгаад байх шиг. Боловсролын тогтолцооны гажиг, их дээд сургуулийн цомхотголыг ярихдаа Монголын их, дээд сургуулиудын сургалтын чанар муу байгааг дурдаад сурагч бүр заавал их сургуульд элсэх шаардлагагүй хэмээдэг болсон.

Үүнийг дагаад “..арван жилийн дүн чухал биш. Заавал онц сурах шаардлагагүй” хэмээн сурагчдыг тайвшруулах инфлюсерүүдтэй ч боллоо. Мэдээж энэ бүх үгс үнэний ортой.

Гэхдээ цагаан цаастай адилтгадаг хүүхдүүд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа бол. Наанатай цаанатай эргэцүүлж чадаж байгаа болов уу. Бидний бодолтой, бодолгүй хэлсэн үг бүхэн хүүхдэд ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүрч байдгийн жишээ саяхан гарлаа.

Эцэг эх нь хүүхдээ хичээлдээ шамд хэмээн зэмлэтэл “Арван жилийн дүн чухал биш юм байна лээ. Инстаграм дээр миний дагах дуртай хүн “Арван жилийн мэдлэгтэй, мэдлэггүй амьдарчихдаг. Арван жилд үзсэн томьёо ажил дээр гараад хэрэг болдоггүй гэж ярьж байсан” хэмээн хариулж байна гэнэ.

Хүүхэд бүр онц сурах албагүй нь үнэн. Хүүхэд бүр их сургуульд элсэх ёсгүй нь ч үнэн. Гэхдээ суурь боловсрол эзэмших гэж байгаа хойно урдах зорилт руугаа тэмүүлдэг байх хандлагыг төлөвшүүлэх л ёстой. Гэтэл хэн нэгний мотиваци өгөх гэж хэлсэн үгнийх нь дундуур цухалзах эдгээр үгсийг сурагчид соргог гэгч нь хүлээж аваад байна. Энэ нь нэг талаараа хүүхдүүд аливааг хойш тавьдаг, аливаад хойрго, тоомжиргүй хандахын эхлэл болчих вий.

Онц сур гээд байгаа юм биш ч бага насанд нь хайнга хандлагыг төлөвшүүлчихээд хэдэн жилийн дараа сэтгэл, хариуцлагатай, тууштай байдал нэхэх нь бас өрөөсгөл юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *