Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү DNN.mn

Засгийн газрын уржигдрын хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэж байгааг мэдэгдэв. Импортын бүтээгдэхүүнд найр тавьж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна гэж үзэгсэд цөөнгүй байна. Гэхдээ их даруухнаар. Байр сууриа илэрхийлэгч талууд бүгдээрээ ноомой, хүлцэнгүй, яг үнэнийг хэлчихвэл өөртөө гай тарьчих болов уу гэсэн айдастай. Өнөөдрийн цагийн өнгө, цөвүүн байдал юм даа. Цаанаа үнэн байдал яг ямар байгааг хэлье.

Яахаараа уржигдар орой Монгол Улсын Засгийн Газар “Цементийн импортын татварыг тэглэх” асуудал хэлэлцэж байхад, зэрэгцээд урд хөршөөс цемент ачигдаж байдаг юм. Монголын төр ийм шийдвэр гаргана, бид ашгаа эхлүүлж байя гээд Монголын Засгийн Газрын бүх шийдвэрийг урьдчилан мэдэж байдаг гэсэн үг үү. Захиалсан юм шиг. Урд хөршид 200 мянга байгаа цементийг энд оруулж ирээд 600 мянгад ченжүүддээ өгөхөд хангалттай ашиг. Гэхдээ 600 мянгад өгч тэнэглэхгүй байх аа, ордон, яам, төрийн бүтцэд шигдсэн луйварчид бодлогоор улам өсгөөд 800 мянгад хүргэх зам руугаа явж байгаа байх.

Цементийн импортын татварыг тэглэснээр 600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянгад бууна гэсэн худлаа ярианд итгээд яахав. Монголд нэгэнт л үнэ нь өсчихсөн бол хэзээ ч бууж байсан түүхгүй. Ийм худал, зорилтот мэдээллийн цаана бүх луйвар явагддаг. “Монполимет”, “МАК”-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Харин төрийн өмчийн Хөтөл юуны учир жинхэнэ хэрэгцээт улирлаар засварт ордог юм. Зөвхөн Хөтөлийн цемент тасалдсанаас дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж чадахгүйд хүрлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан нь албан ёсоор мэдэгдлээ шүү дээ. Зөвхөн энэ хэдэн үг, мэдээллийн логикийг та бүхэн хар даа. Үнэхээр дайн, тахал, геополитик, хил гааль, хоёр хөршийн хамааралтай, Монголоос огт шалтгаалахгүйгээр цемент тасалдав уу. Хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл явагдав уу. Ченжийн систем ноёлоод эхлэв үү.

Үндэсний үйлдвэрүүдээ татан буулгаж байгаа төр засаг дахь ноёрхогчдын үйлдэл нь 100 жилийн өмнө Монголын автономит засаглалыг татан буулгасан түүхийг сануулаад, бүр зүйрлэмээр болоод байх юм. Тухайн үеийн Богдын засагт байсан ноёд түшмэд хэсэг бүлэг хүмүүс хэлэлцэхдээ, “Энэ муу Их шавийнхан зөвхөн баяжаад ханахгүй нь. Эднийг ингэж хагартал баяжуулж байснаас төвөг зүгээр автономит засгаа татан буулгаад Да Жунтанд дагаар орчихъё” гэсэн үнэхээр арчаагүй хор найруулга. Ингээд хэдэн эрх мэдэлтэн Богд хаант Монгол Улсын автономит засаглалыг татан буулгаж, улмаар хятадуудад дагаар орсон шившигт түүхийн бичил хувилбар явагдах шиг санагдлаа. Бод доо, болоод байгаа, бүр бүх хүчин чадлаараа ажиллаж дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний хоёр том үйлдвэрлэгч “Монполимет”, “МАК” хоёрынхаа зах зээлийг булааж Хятад улсын үйлдвэрлэгчдэд найр тавьж өгч байгаа нь ямар учиртай юм бэ. Энийг ингэж их түүхээр нь зүйрлэн сануулахаас өөр арга алга байна. Жижиг сэдэв ерөөсөө биш.

Тахалтай, дайнтай энэ он жилүүдэд хоёр хөрш хилээ хаахад Монгол Улс ямар байдалд орж байгааг харж байна. Юу ч дотооддоо үйлдвэрлэдэггүй ард түмэн балрах юм байна. Бензин, эрчим хүч хойноос шууд хараат. Тэдний зүгээс энэ хоёр стратегийн нийлүүлэлтийг сануулахад эндээ сэхүүн монголчууд ивануудын өмнө гөлөг болох жишээтэй. Яах юм, гэрэл цахилгаангүй, бензин шатахуунгүй XXI зууны Монгол болчихвол хүннү сүннүгийн үеэсээ юуны ялгарах юм. Урд хөрш хилээ хааж, нээгээд биднээр наадаж байна. Хаах тоолонд хашгирч, нээх тоолонд нь нэг их баярласан ард түмэн. Ийм л хөөрхөн нөхдүүд дээ гээд цонхны цаанаас инээлдээд сууж байна. Их хөршүүдийн ийм л тохуурхал дунд бидний монголчууд яаж ийж байгаад тус бүрдээ нэг сая тоннын хүчин чадалтай хоёр том цементийн үйлдвэртэй болсон. Энэ бол Монголдоо том дэвшил. Өөр юу байгаа юм. Энэ хоёр цементийнхээ үйлдвэрийн хүчинд хэдэн арван барилга байшин, орон сууц ашиглалтад орж, зам талбай тавигдаж байна. Хөгжиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгж яривал наад цементээр барьсан барилга орон сууцуудыг гадаадад ажиллаж байгаа монголчуудын явуулсан мөнгөөр худалдан авч байгаа юм. Их эрүүл мөнгөний систем үйлчилж байгаа эдийн засгийн урсгал. Салбарлаад бизнесийн олон том жижиг харьцаа цементийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд эргэлдэж байгаа. Хэнээс ч юу ч гуйхгүйгээр болоод, зөв юм руугаа явж байгаа цементийн үйлдвэрлэлээ ийнхүү төр засгаас нь устгах шийдвэр гаргасан нь хүнд үед Монголын автономитыг устгасан 100 жилийн өмнөх түүхтэй жишин зүйрлэхээс өөр арга алга. Том түүхтэй жишлээ гэж битгий үзээрэй. Түүх давтагдвал хошин шог болдог, эсвэл гуниг харуусал болдог гэсэн үг бий.

“Монполимет”-ын зүгээс үйлдвэрлэсэн цементээ хотод, зах зээлд хүргэж чадахгүй байна. Вагон, төмөр зам олдохгүй байна гэх. Энэ асуудлыг их томоор харж, шогшрох хэрэг байх ч үгүй. “Монполимет”-ынхны зүгээс Монголын төмөр замын ачаааны вагоны 70 хувийг хяналтандаа аваад бараг 20 жил болж байгаа “Болд төмөр ерөө”-гийн босстой л хэл амаа ололцох асуудал шүү дээ. Цаад бодит үнэн ийм энгийн, бас хөгийн. Гэтэл ард түмэн даяараа, төр засаг тэр чигээрээ, Их хурлын гишүүд, дарга нар нийтээрээ том том, хүнд хүнд юм яриад л… Дэргэд чинь сууж байгаа Б.Дэлгэрсайхан бүх учрыг мэднэ, та нарыг дотроо шоолоод, инээгээд л сууж байгаа шүү дээ.

Ингэж дотоодын том хоёр үйлдвэрийнхээ зах зээлийг урд хөршид найр тавьж, улмаар устгаж, хөршөөс буцаад хараат болгон ашиг хийх нь хэнд ашигтай вэ. Гадныхны гар хөл болсон манай зарим нэг ашиг харагчдын, гадны мөнгийг угаадаг төр дэх луйварчдад л ашигтай.

Импортын татварыг ингэж л тэглэхгүй бол Дарханы зам энэ намар ашиглалтад орохгүй нь гээд мэдэгдэж байгаа Сангийн сайд юу ч мэдэхгүй, юуны ч учрыг ойлгохгүй байна гэдэгт хэзээ ч итгэхгүй. Тэгж яривал өнөөдөр Монголын цементийн зах зээлийг булаан авч байгаа урд хөршийн хэдэн компаниас болж Дарханы зам чинь дампуурсныг бүгд мэднэ. Тэдэнтэй төр засаг дахь хэн хэн сүлбэлдэж, үйлдсэнийг түмэн олон мэднэ. Бүгд логиктой. Энэ бүх эх захгүй мэт, учир тойм нь олдохгүй мэт /уг нь хамгийн тодорхой учир шалтгаантай луйврын схем/ хэрэг явдлын гол эздийг АТГ-аас шалгаж байна л гэх. Гэтэл УИХ дахь хамгийн нөлөөтэй байнгын хорооны дарга болчихсоныг нь ард түмэн мэдээгүй явж байх жишээтэй. Хөөе нөхөд өө, УИХ дахь Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга гэдэг чинь төрийн гурван өндөрлөгөөс дутуугүй халдашгүй дархан эрхтэй байдаг юм шүү дээ. Их гарын “эд”-ийн ийм том албан тушаалд хэдхэн хоногийн өмнө сэм очиж дархлагдсаныг мэдэрсэн сэтгүүлч ч алга.

Ийм л нөхдүүд тарвалзаж буй байшингаас, орчноос энэ хэрийн эх орноо самарсан, өнөөдрийн өчүүхэн хүндрэлийг далимдуулан, төр засгийн хэмжээнд луйврын замаа засч байгаа учир шалтгааныг цагаан ард түмэн минь даанч нэг ойлгохгүй юм даа.

Цементийн асуудал Монголд хүндэрсээн. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Тийм болохоор Дарханы зам бас хүндэрсэн. Яг нэг сарын дараа Дарханы замын нэг урсгалыг ашиглалтад өгөх байтал цемент байдаггүй шүү. Урд хөршөөс хямд цемент оруулж ирэхээс өөр арга алга… Өнөөдрийн тайлбар ийм энгийн. Яг л ийм процесс 100 жилийн өмнөх Монголын түүхэнд байсан нь монголчуудын ёс суртахуун өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүйн тод жишээ. Технологийн дэвшил тэнгэрт гартал өөр болсон. Харин монгол хүний ёс суртахуун сайжраагүй юм байна. 1919 онд Цэцэн хан аймгийн сурвалжит ноён, түүхт хүн Доржпалам Богдын төрд ямар нөлөөтэй байж автономитыг устгалцаад Бээжинд очиж бүглээ. Түүх уншдагууд нь мэднэ. Түүний үйлдэл өнөөдрийн том даргатай ердөөсөө ялгарах юмгүй. Өнөөдрийн нөхөр үнэнд гүйцэгдвэл Сентоза арал, цаашлаад Хавай, Хайнань руу дүрвэх байх. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь Монгол Улс, Монголын ард түмэн л аймшигтай хохирдог. Хөршүүдийн эрхшээлд үеийн үед явах замыг засч байгаа л шившигт үйлдэл юм даа…

9 replies on ““Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *