Сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Өнөбилгүүн анхны сэтгэгдлээ хэн хэндээ таниулсны дараа амьдрал зохиох үед эмэгтэйчүүд юунд анхаарал хандуулах ёстой байдаг талаар ийн хариулжээ.
Тэрээр, “Ерөнхийдөө хувьцаа худалдан авахтай адилхан. Үнэ нь маш их өссөн хувьцааг хүн бүр хошуураад худалдан аваад маш их мөнгө алддаг шүү дээ. Тэрэнтэй адилхан эрэгтэй хүнийг хувьцаатай зүйрлээд хэлчихэж болно. Эмэгтэй хүмүүс хөрөнгө мөнгөтэй, царайлаг, бие хаа өв тэгш залуутай хувьцааг зүйрлээд яривал хүн болгоны анхаарлыг татдаг хувьцаа гэж хэлж болно. Гэтэл яг хувьцааны зах зээл юу болдог вэ гэхээр хүн болгон худалдан авч байгаа үнэ нь хөөсөрсөн хувьцаанд маш болгоомжтой хандах ёстой байдаг. Үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс шууд үнэ нь өсчихсөн бэлэн хувьцааг авах гээд байдаг. Гэтэл жинхэнэ арилжаа хийдэг мэргэжлийн хүмүүс маш хямдхан мөртлөө ирээдүйд өсөх магадлал өндөртэй, суурь боломжууд нь өссөн хувьцааг худалдаж авдаг.
Тэгэхээр үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс эр нөхрөө сонгохдоо нэр хүнд нь өсчихсөн, мөнгөтэй хүнийг сонгохоосоо илүү ирээдүйд өсөх магадлалтай хувьцаа буюу одоогийн байдлаар шинээр бизнес эхэлж байгаа, сургуулиа амжилттай төгсөж байгаа тийм хүнийг сонгох нь зүйтэй.
Гэтэл эмэгтэй хүмүүс үүнийг мэддэггүйгээсээ болоод олны танил, нэр хүндтэй, мөнгөтэй хүмүүс рүү хошуурдаг. Тэр нь эсрэгээрээ маш олон буруу зүйлийг дагуулдаг. Үндсэн мэргэжлийн хүмүүс юуг судалдаг гэхээр ирээдүйд хэр тогтвортой байх юм, компани нь цаашид үр өгөөжөө авч ирэх юм уу, үгүй юү гэдгийг маш нарийвчилж судлаад, санхүүгийнх нь тайлан тодорхой гардаг уу, үгүй юү гэдгийг судалдагтай адилхан эрэгтэй хүмүүсийг яаж судлах ёстой вэ гэхээр сэтгэлээр унамтгай юу, архи дарс уудаг уу, өөртөө зорилго тавьдаг уу, тавьсан зорилгодоо хүрдэг үү, хөдөлмөрч үү, тууштай юу гэдгийг харах ёстой.
Түүнээс тэр хүний мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу гэдгийг нь харах хувьцаан дээр гаргадаг алдааны үзэгдэлтэй адил зүйл бий болно гэсэн үг” гэв.