Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө үе үеийнхэн нь хөдөлж эхэлжээ DNN.mn

АН-ын хагаралтай байдал намын жирийн гишүүд байтугай Монголын ард түмний толгойг эргүүлсэн асуудал болсоор удлаа. Энэ янзаараа хоёр талд “Би жинхэнэ дарга. Хууль ёсны тамга, тэмдэг нь надад бий” гэж хашгичсаар 2024 оны сонгуультай золгох нь байна. Нийгэмд АН-ын нэр хүнд навс унасан. Ер нь улс төрөөс арчигдах өнгөндөө орсныг судлаачид хэлж, сануулсаар байгаа. АН-ын хэрүүлийн алимыг анх тарьсан хүн нь С.Эрдэнэ гэж ихэнх нь цоллодог. Тэрбээр цагтаа фракцгүй нам байя гэж уриалж байв. Ц.Туваанд намын даргын тамга тэмдгээ шилжүүлж өгснөөр өнөөдрийн энэ маргааны эхлэл тавигдсаныг бүгд мэднэ. С.Эрдэнэ буцаж намын дарга болонгуутаа ҮБХ-ны гишүүдээ хасаад шинээр ҮБХбайгуулчихсан. Харин түүнд хөөгдсөн улсууд Женко дээр очоод “Бид хүчинтэй ҮБХ-ны гишүүд” гээд суучихсан. С.Эрдэнэ, Х.Баттулга нар шүүхийн шийдвэрийг хоёр талд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад зогсохгүй намын дэргэдэх байгууллагуудыг ч хоёр хувааж амжив. МоАХ, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоод салцгаасан. Одоо Ардчилсан залуучуудын холбоог хуваах процессыг тэд хийж байна. Ийм байдалтайгаар АНцааш хол явж чадахгүй нь ойлгомжтой. Хэрэв ан цав нь ойрмогхон хугацаанд анихгүй бол АНбайх, байхгүйн асуудал яригдана. Ардчиллын үнэт зүйл болсон энэ нам устаж үгүй болбол мэдээж өрсөлдөгч намууд, ялангуяа эрх баригч МАН-д хамгийн их ашигтай. Тиймээс тэд АН-ыг золигт гаргахын тулд туг тахиж байгааг улс төрийн хүрээнийхэн ярьцгаах юм билээ.

Хэрэв АНбайхгүй болбол Монголын хувь заяа баларна. Өнөөдөр дэлхий ертөнц, Монгол Улс ямар байгаа билээ. Дайнтай, цар тахлын дараах эдийн засгийн хямрал нүүрлээд хаа хаанаа хүнд байгаа. Амаргүй бэрх цагт АНмонголчуудын амин сүнс байх ёстой. Бодит байдалд дүгнэлт хийж, асуудлын гарц, гаргалгааг шийдэх, “ах нар”-ын зодооны золиос бололгүй, намаа аваръя гэсэн сэтгэл зүтгэлтэй, сийрэг толгойтой залуус АН-д олон бий. Ер нь талцаж, эвдрэлцээнд юунд ч хүрдэггүйг АН-ынхан хаа хаанаа ойлгоцгоосон бололтой. Одоо аль, аль тал нь хүлээцтэй хандацгааж, эвлэлдэн нэгдье гэдэг мессэжийг нийгэмд өгөх болов.

АН-ын ан цавыг эвэнд оруулахаар үе үеийн төлөөллүүд хөдөлж эхэллээ. Энэ бол улс төрд өгч байгаа том дохио. Сүүлийн үеийн мэдээллээс харахад АН-ын шилдэг лидерүүдийн нэг С.Баярцогт намын эв нэгдлээ хангахаар завгүй ажиллаж байгаа бололтой. Залуу үеийн төлөөллүүдээс МХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, О.Магнай, Д.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн нарыг нэрлэж болно. Хуучин кадруудаас УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Я.Санжмятав нар байна. Нийгэмд зөв харагдаж ирсэн эдгээр улсуудаас гадна шинэ үеийнхэн гээд бүгд тал талд уулзалт хийж, АН-ын туган доороо нэгдэхээр хөдөлцгөөж байгаа ажээ. Тэдэн дунд хэн нь ч дарга болно гэж хувийн амбиц хөөгөөгүй. Хөгшин, залуугүй ардчилал гэх үнэт зүйлийнхээ төлөө хөдөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *