Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа шийдвэр, түүнийхээ үр дагаврыг сайн хянадаг байгаасай DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Саяхныг хүртэл ҮХНӨ-т оруулах асуудал нийгмийн хүчтэй сэдэв байлаа. Эцэг хуулиараа ойр ойрхон оролдох нь зохимжгүй гэх хэсэг байхад өнгөрсөн 30 жилийн алдааг Үндсэн хуулиар л өөрчлөх хэрэгтэй гэх хэсэг ч байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн гучин жилийн алдааг Үндсэн хуулиар засах хэрэгтэй гэх хэсэг байгаа бол би тэр хэсгийг нэг асуудлаар дэмжинэ, тухайлбал, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт хэрэгжэхгүй байгаа, тэр гучин жилийн алдааг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой гэсэн саналаар дэмжинэ. Үндсэн хууль маань Монгол Улсын бүрэн эрхт байдлын тухай заалтаар эхэлдэг. Үндсэн хуулийн нэг дүгээр бүлгийн гурав дугаар зүйлийн 1 –д : “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэж заасан байдаг.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхний “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн бүрэн эрхт байдлын тухай заалттай холбогдуулж засгийн бүх эрх гэдэгт ямар эрх хамарагдах ёстойг ойлгох хэрэгтэй. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх ард түмний мэдэлд байх, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт. Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг боловч Үндсэн хуулийн, ТӨРИЙН БАЙГУУЛАЛ хэмээх гуравдугаар бүлэгт ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, засгийн үйл ажиллагааг хянаж байх арга нөхцөлийг заахгүй орхисон. Тухайлбал, “Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцаараа эдэлнэ” гэсэн заалтаар Хууль тогтоох ажлыг ард түмэн хянах бололцоогүй болгосон. Ард иргэд төрийн хэрэгт шууд оролцож байхын тулд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстой атал түүнийг нь үгүй болгосон. Ийм учраас Үндсэн хуулийн энэ л гажуудлыг засаж, ард түмэнд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах эрхийг нь эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, тухайлбал, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллага буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Парламентыг хоёр танхимтай болгож ард түмний мэдэлд засгийн эрхийг өгөх, тухайлбал, Ардын Их Хурал хэмээх Төрийн эрх барих дээд байгууллагыг шинээр бий болгох, Одоогийн Улсын Их Хурлыг хууль боловсруулж батлах үндсэн үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх шаардлага байгаа боловч ухаарч шийдэхгүй гучин жил өнгөрөөлөө. Энэ гажуудлыг засаж, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөхгүй бол төр ард түмний нэгдэл, харилцан итгэлцэл бэхжихгүй. Ард түмний эрхээ эдлэх шаардлага улам хурцаар тавигдана.

Парламентын хоёр танхимын зохион байгуулалт, эрх үүргийн хуваарь зэрэг асуудлаар тодорхой санал байгаа. Тухайлбал, Сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон 450-500 гишүүнтэй байнгын бус ажиллагаатай Ардын Их Хуралтай байна. Ардын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгуулага болно. Ардын Их Хурлын мэдэлд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал байна.

Ардын Их Хурал нь Улсын Бага Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Засгийн газрын бүтцийг баталдаг, Ерөнхий сайд, шадар сайд нар болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор нарыг томилдог, улмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байна. Одоогийн УИХ-ын оронд АИХ-аас сонгосон 50 хүртэлх гишүүнтэй, тогтмол ажиллагаатай парламентын доод танхим буюу Улсын Бага Хурлыг бий болгож улсын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байх үндсэн үүрэгтэй ажиллуулна. Парламентыг ийнхүү хоёр танхимтай болгож, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын эрхийг ард түмний өргөн төлөөлөлтэй Ардын Их Хурлын мэдэл, түүний хяналтад өгснөөр манай улсад парламентын засаглал бүрэн утгаар хэрэгжих юм.

-Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж давхар дээл, УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхийлөгч хаанаас сонгогдох зэрэг олон асуудлыг хөндөх байсан ч эрх баригч нам Үндсэн хуулийн Цэцээр “гар хөл” хийж давхар дээлний асуудлаа шийдээд бусдыг нь хаячихлаа. Үнэхээр Цэц эрх баригч намын захиалгаар ажиллав уу. Та хэрхэн дүгнэж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй юү?

-Дахин хэлхэд, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай нэг л үндсэн асуудал байгаа. Тэр нь засгийн бүх эрхийг ард түмэнд эдлүүлэх. Үүний тулд Үндсэн хуулийн “төрийн байгуулал“ хэмээх гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулж, Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай парламент бий болгоод хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү түүндээ эдлүүлж, төрийн эрх барих дээд байгууллага болгосон алдааг засах зайлшгүй шаардлагатай. Манай одоогийн Улсын Их Хурал нь ард түмэн өөрөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага нь мөн үү? Ард түмэн УИХ-аар уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлж байна уу? гэж иргэдээс асууя. Олонх нь УИХ-ын гишүүдийн нэрийг улс төрийн намууд дэвшүүлж сонгуулдаг, УИХ-аар уламжилж төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж байдаггүй гэсэн хариу өгнө. Тийм шалтгаанаар иргэд, ялангуяа сэхээтнүүд одоогийн УИХ, түүний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах явдал нэмэгдсээр байгаа. Таны хэлж байгаа Давхар дээл, УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох зэрэг асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал биш. УИХ 2019 онд Үндсэн хуульд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн нэмэлт оруулсныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон шийдвэр гаргасныг зөв гэдэгт би эргэлздэг. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд “Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, мөн Цэц, түүний гишүүд гагцхүү Үндсэн хуульд захирагдана” гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 69-ийн 4 дүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэсэн байгаа. Эдгээрээс үзвэл Цэц маань Үндсэн хуулийг зөрчиж, түүний хүчинтэй байгаа заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан бололтой. Эрх мэдлээ хэтрүүлж, Үндсэн хуулийн биелэлтийг хянах биш, Үндсэн хуульд халдсан шийдвэр гаргасан гэж хэлж болох мэт. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд “Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл УИХ эргүүлэн татаж болно” гэсэн заалт байдаг юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа шийдвэр, түүнийхээ үр дагаврыг сайн хянадаг байгаасай. Хэрэв ард иргэдийн зүгээс “Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх заалтыг гажуудуулж байгаа учраас Үндсэн хуулийн хорь дугаар зүйлийг хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гарга” гэсэн хүсэлт Үндсэн хуулийн Цэцэд ирвэл яаж хандах бол?

-Өмнөх Засагт шинэ залуу гишүүд орж ирлээ. Ажлыг шуурхайлж байна хэмээн намынхан нь үнэлж байсан. Гэтэл мэргэжлийн гэгддэг сайдуудыг сольж оронд нь ашиг сонирхлын зөрчил гарч болохуйц гишүүдийг томиллоо. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газарт шинэ залуу гишүүд орж ирж байгаа, шинэ сэргэлтийн бодлого шуурхай хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Хилийн боомтуудын ажлыг сайжруулж нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, гаднын хамаарлыг багасгах, авто болон төмөр замын үйлчилгээг нэмэгдүүлж үйлдвэрлэл үйлчилгээний өртгийг хямдруулах зэрэг арга хэмжээ авч байгааг бүх талаар дэмжих шаардлагатай. Эдийн засаг хөгжлийн яамны сайдыг томилж ажиллуулж байгаа нь маш чухал. Эдийн засаг нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого, дунд хугацааны буюу таван жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцсан яамтай болж байгаад баяртай байна. Экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ялангуяа ноолуур, арьс шир, мах зэрэг малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж экспортод гаргах төслүүд хэрэгжүүлэх замаар 2-3 тэрбум долларын орлого олох боломж байгааг ашиглахад анхаараасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *