Олон улсын харилцааны судлаач-профессор, ахмад дипломатч Д.Баярхүүгээс Дорнын эдийн засгийн чуулганы талаар тодруулга авлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганаас ганзага дүүрэн ирснийг албан мэдээнүүдээс нь харлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүний хувьд чуулганы уур амьсгал ямар байсныг сонирхуулахгүй юу?
-Чуулганы уур амьсгал гэдгийг монголчууд Орос-Украины цэргийн мөргөлдөөний фонон дээр авч ярих гэж байгаа бол арай туйлширсан хэрэг болно. Дайны байдалтай байгаа, дайн хийж байгаа улс орны шинж тэмдгийг Владивостокт олж мэдэрсэнгүй гэж хэлэх байна. Форум хэвшсэн загвараараа явагдаж байх шиг байна. Уригдсан гадаадын төр-засгийн тэргүүнүүдээс Монгол, Армен, Мьянмар, Хятадын төлөөлөгчид биечлэн очиж нэгдсэн хуралдаанд ОХУ-ын ерөнхийлөгчтэй зэрэгцэн сууж байгаад үг хэллээ. Энэтхэг, Малайз, Вьетнамын Засгийн газрын тэргүүнүүд цахимаар үг хэллээ. Өмнөх уулзалтуудад Япон, Өмнөд Солонгос ихээхэн хүндтэй, үүрэгтэй дээд өндөр түвшинд оролцдог байсан бол энэ удаа шинэ тоглогчид гарч ирсэн нь харагдлаа. Армен, Мьянмар хоёр байна. Уламжлалт идэвхтэй оролцогчид байгаагүй. Энэ уулзалтад уригдсан нь анхаарал татлаа. ОХУ-ын олон улсын байр суурь хүндхэн сорилт туулж байна. Үндсэндээ Европоос бүрэн таслагдсан. Өмнөшөө, зүүншээ гарц хайж идэвхтэй ажиллаж байгаа нь харагдлаа. Европтой олон жил явуулсан хамтын ажиллагаа нь зогсож, харин Ази тивийн том хаалга нээгдэж Европыг байтугай орлож чадна гэсэн итгэл оросуудад байх шиг байна. Чуулга уулзалт дээр хамгийн их улстөржсөн нь ганцхан В.Путин гуай л байлаа. Украинтай явуулж байгаа дайнаа алхам тутамдаа тайлбарлаж харагдлаа. Хөтлөгч орос сэтгүүлч ч эгзэгтэй олон асуулт тавьж хариулуулахыг хичээлээ. Өөрөөр энэ дайны тухай дурссан дурдсан гадаадын ганц ч удирдагч байгаагүй. Оросын Алс Дорнод, Дорнод Сибирийн олон субьект БНУ, мужуудын үзэсгэлэн худалдаа бүхий павильонууд анхаарал татлаа. Сайхан зохион байгуулсан байна. Маш олон бизнес уулзалтууд болж байгаа харагдсан.
-Ковид болон дайны улмаас эдийн засаг хүнд байгаа. Иймд манай улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах ямар яриа хэлэлцээ Владивостокт албажив?
-Олон улсын харилцаа түвэгтэй байна. Орос өөрөө хүнд байдалд байна. Олон улсын санкц дор байна. Гэхдээ асар их боломж байна. Сибирь, Алс Дорнод асар их нөөцтэй, хамтран ажиллах чинхүү сонирхолтой байна. Энэ үед зөв маневрлавал хождог цаг гэдэг нь Владивостокт харагдаж байна. Монгол бол зөөлөн хүчний бодлоготой жижиг улс. Бидэнд юу хэрэгтэй, бид эдийн засаг нийгмийн ямар бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх ямар хүч нөөцтэй, ямар боломжтой, ямар давуу талтай гэдгээ л ярих гэж манай удирдагчид энэ форум руу очиж байсан нь энэ удаа яг давтагдлаа. Олон улсын, олон талт яриа хэлэлцээ гэхээсээ зочин гол улс-ОХУ-тайгаа асуудлаа ярилцаад авах нь чухал байв. Үүндээ ч Ерөнхий сайд хүрсэн байх. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогын төслүүдээ бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урилаа” гэсэн мэдээ Засгийн газрын сайтад гарсан байгаа. Энэ гарчиг л Владивостокт ямар алхам хийв гэдэгт хариу өгчихөж байгаа юм шүү дээ. Оросын төмөр зам, Газпром банк, Роскосмос, Газпромын удирдлагатай уулзаж Монголд хэрэгтэй төслүүдээ танилцуулж, хэрэгжиж байгаа зарим төсөлдөө үнэлэлт дүгнэлт, дэмжлэг авчихна гэдэг чамлалтгүй том ажил. Манай эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах уу гэж өөрөө асууж байна. Манай эдийн засагт бодит хувь оруулах гол эзэд монголчууд өөрсдөө шүү дээ. Эрх баригчид нь сайхан, сайхан хамтын ажиллагаа ярилцаад ирдэг, хэрэгжүүлэх гэхлээр дунд доод шатандаа замхардаг, саатдаг, авлига оруулдаг, олон түншийг мөргөлдүүлдэг урьдын дутагдлаа бид засах ёстой.
-Эгийн голын УЦС-ын хувьд олон жилийн өмнөөс яригдсан төсөл. Гэвч оросуудын эсэргүүцэлтэй тулгарч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Харин энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ын төслийн талаар онцолсон бөгөөд гацаанаас гарлаа гэж мэдээлж байна. Энэ яг бодитой хэрэгжиж чадах уу?
-Энэ чинь НҮБ-ын ЕНБД-аас дэмжлэгтэй бүтээн байгуулалтын том төсөл. Оросын “gazeta-n1.ru” гэх сайтад “Монгол дахь Эгийн гол дээрх усан цахилгаан станцын барилгын төслийг НҮБ сайшаалаа” гэсэн гарчиг бүхий томхон нийтлэл энэ оны наймдугаар сарын 10-нд тавигдсан байсан. Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцох үедээ Ерөнхий сайд энэ асуудлыг НҮБ-ын ЕНБД-д тавьж, өнгөрсөн зун бүр биечлэн ирэх үед нь дэмжлэг авчээ гээд оросын сайтад бичсэн байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг хүсч энэ төслөө хэрэгжүүлэх болж байгаа нь Монгол-Орос-НҮБ гэсэн стратегийн жижиг гурвалжинд манай улстөрчид зөв маневрласны л үр дүн шүү дээ. Сая Дорнын чуулга уулзалт дээр “Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томхон 47 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг төслүүдэд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэсэн мэдээ явж байгааг эргээд дурдах нь зүйтэй болов уу.
-Шатахууны үнийг тогтвортой барьж, дизель түлшийг 10 хувиар бууруулахаар болсон гэж байна. Хоёр улс нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчихлээ. Манай эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Мэдээж сайнаар нөлөөлнө. Гэхдээ бид нэг зүйлийг наанатай цаанатай ойлгох хэрэгтэй. Манайхан төдийлөн ярилцдаггүй өнцгөөс хэдэн тайлбар хэлье. ОХУ-ын төр засгаас Монголд нефтин бүтээгдэхүүн нийлүүлж гийгүүлдэг тухай арай өөр өнцгийн мэдээлэл байдаг. Оросууд “нефтетрейдер Trafigura” (Трафигура) гэж нэрлэгддэг олон улсын худалдааны компанитай хамтран ажилладаг. Сингапурын биржээс Роснефтийн хувьцааг худалдан аваад бусад улсуудад худалдахдаа үнээ нэмж өсгөн дундаас нь ашиг олдог гэх үү дээ. Олон улсын санкцаас болоод энэ Трафигура хамтын ажиллагаагаа сааруулахад л Монголын бензин шатахууны хангалт таг зогсоно. Орос дур мэдэж найрамдлын гараа сунгахгүй. Трейдер Трафигура компанийн төлөөлөл Улаанбаатарт байдаг байх аа. Улс төрийн гэхээсээ жинхэнэ бизнесийн, ашгийн төлөө энэ компанитай манай шатахуун импортлогч компаниуд нягт хамтран ажиллах хэрэгтэй. Засгийн газар, улстөрчид оролцохгүй байвал илүү сайн. Украинд дайн дэгдлээ гээд манай улстөрчид, салбарын яам нь бужигнаж, Орос руу сайдаа илгээж байгаа нь угтаа бол дэмий алхам юм шиг санагддаг. Трафигуратай л хамтран ажиллавал зөвдөнө. Үүнийг хаа хаанаа ойлгоосой.
-Дорны эдийн засгийн чуулганаар хөндөгдсөн бас нэг чухал асуудал бол хийн хоолойн төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ зарласан явдал байлаа. Хэрэгжих хугацааны хувьд нэлээд хүлээлт дагуулсан төсөл шүү дээ?
-Газпромын дарга өөрөө үнэлж байна лээ. Монголчууд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж. Мэдээж том төсөл учраас удна. Өнөө маргаашгүй бид хийгээр хангагдана гэж гэнэнээр итгэх хэрэггүй. Монголоор дамжуулах хоолой тавина, Монгол бол манай найрсаг хөрш, түнш, Монгол бол тогтвортой түнш гэж Путин ерөнхийлөгч чуулга уулзалт дээр хэлж байсныг бидэнд өгч байгаа үнэлгээ гээд л ойлгочих хэрэгтэй.
-Төмөр замын хувьд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?
-Ерөнхий сайд зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг урагшлуулах талаар ярьсан. Ийм төсөл хамтран хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй хоёр болон гурван талт, цаашилбал энэ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд суурь шинэ нөхцөл болно гэж тэмдэглэсэн. Мөн Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд Монголын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийн асуудлыг гүнзгийрүүлэх дээр Оростой санал нийлсэн. Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох асуудлын талаар ярилцсан. Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлье гэдэг дээр Оросын тал байр сууриа илэрхийлсэн. Цаашлаад Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд Оросын компанитай хамтарч ажиллахаар болж байх шиг байна. Энэ бол чамлахаар чанга атгах чухал эхлэл болов уу