Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Баярлалаа DNN.mn

Хичээлийн эхний өдөр дунд ангийн охины маань багшаас дуудлага ирэв. Сандарсан хоолой харилцуурын цаанаас тэвдэнэ. “Танай охины хуруунд мөнгөн бөгж гацчихжээ. Өвдөөд байна гэж уйлаад байхаар нь бид авах гэж зөндөө оролдлоо. Та хүрээд ирэх үү” гэв. Түргэн гэгч нь яаран очтол чигчий хуруундаа амгүй мөнгөн бөгж оруулаад тээглүүлчихэж. Памбийж хавдсан хуруугаа хөдөлгөж чадахгүй охин үр минь их л зовуурьтай шаналж угтав. Ум хумгүй машинд суугаад шууд л Онцгой байдлын Аврах анги руу хөдөллөө.

Охид болсон хойно хичээлийн эхний өдөр гангарч ирцгээж л дээ. Нэг найз нь мөнгөн бөгжөө сонирхуулаад охид сонжсон бололтой. Чихэндээ ээмэг ч зүүдэггүй манай хүүхэд тэр үед гэнэт сониуч зан нь хөдөлж, хуруундаа зүүж гэнэ. Торохгүй орсон өнөөх бөгж нь буцаж гараагүй байна. Гайхаад баахан зулгаасан боловч бараагүй аж. Сүүлдээ өвдөөд болохгүй болохоор нь багшдаа хэлтэл сургуулийн эмч дээр дагуулж очжээ. Эмч бөгжийг хайчлах гэж үзсэн боловч бүтэлгүйтэж. Бас хүйтэн усанд хурууг нь сойж, ургамлын тосоор тосолсон боловч нэмэр болсонгүй. Ангийн нөхөд нь фэйсбүүкээс зөвлөгөө хайж утас эргүүлж үзсэн ч үр дүн олоогүй байна. Сүүлдээ хөдөлмөрийн багш дээрээ очтол хөрөөдөн авч арай болохгүй гэжээ.

Энэ хооронд хуруу улам хавдах нь ойлгомжтой. Харин онцгойгийн аврагчид хормын дотор охины минь хурууг таслах шахсан бөгжнөөс нь салгаж өгөв. Аврах хувцастай багаж барьсан залуучууд охиныг тойрч, нэг нь зааварлаж, нөгөө нь тасдагчаараа хавчиж, өөр хоёр нь бөгжийг болгоомжтой тэнийлгэнэ. Тэд “Ингэж айхатар хавчсан бөгж хурууг гэмтээх ч аюултай. Энэ их өвдөлтийг тэссэн маш сайн охин байна” гэж охиныг минь урамшуулах нь хайр хүрэм. Бас болоогүй “Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэг чинь энэ шүү дээ” хэмээн цаашлуулав. Ер нь ийм тохиолдолд элдэв туршилт хийж цаг алдах хэрэггүйг сануулж байлаа. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэдэг аврагчдадаа баярлалаа. Ээж, аавууд минь үр хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахад нь янз бүрийн эд зүйлс өгч явуулахгүй байх тал дээр анхаарлаа сулруулж огт болохгүй нь байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *