Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ковидыг ялсан бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд үлдэнэ DNN.mn

Үндсэн хуулийн Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд “давхар дээл”-тэй байж болно хэмээн тогтоосноор гишүүд сайдын суудалд нүдээ ухаж өгөхөөс наахнуур гүйлдэж байна. Хоёр болон түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон гишүүд “би сайд болно, болохгүй бол тэрийг сайд болго” хэмээн хоршиж эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэж байна. Энэ дундаас хуучин сайдуудын хэн нь үлдэж хэн нь явах вэ гэсэн яриа нийгэмд ид яригдаж байна. Тэгвэл Явах уу, үлдэх үү булангийн өнөөдрийн онцлох хүн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд. Түүнийг дараагийн Засгийн газарт үлдэх эсэхийн ганц шалгуур нь дэлхий нийтийн толгойны өвчин болсон “Ковид-19”. Монгол Улс ковидын хүнд цаг үеийг хүссэн ч, эс хүссэн ч С.Энхболд гэсэн сайдтай туулсан нь үнэн. Одоо дүгнэх цаг нь болж. Монгол Улс ковидыг амжилттай давсан уу. Давсан бол тэр амжилтыг Эрүүл мэндийн сайдтай л холбож ярина. Давж чадаагүй бол алдаа хариуцлагыг бас л Эрүүл мэндийн сайдтай л ярина. Өөр хэнтэй ярих юм бэ. Монгол Улс ковидыг даван туулсныг аль нэг дүүргийн эрүүл мэндийн даргатай холбож ярилтай биш.

Дэлхийн 200 гаруй улс ковидын вакциныг булаацалдаж байсан нь саяхан. Дипломат харилцаанаас эхлээд хувь хувьсгалын бүхий л шугамаар дэлхийд нэн ховор байсан ковидын вакцины эрэл хайгуулд мордсон. Тэр дунд Монгол Улс ч вакцины эрэлд гарсан. Цар тахлын тэр хүнд цаг үед цөөхөн орон л хүн амаа вакцинжуулж чадсаны нэг нь Монгол Улс. Вакцины төлөөх эрэлд инээдмийн гэмээр арга замаар ч вакциныхаа санхүүжилтийг олсон ганц нэг улс бий. Жишээ нь, аль эрт АНУ-ын иргэншилтэй болчихсон өөрийн орноос гарвалтай Холливудын одод, алдартай тамирчдыгаа ашиглаж вакцин хайж байсан орнууд бий. Харин манайх тэгээгүй. Албан ёсны дипломат харилцаа, Эрүүл мэндийн яамны чадварлаг бодлого, Засгийн газрын уйгагүй хөөцөлдлөгөөгөөр цаг алдалгүй вакцинтай залгасан. Нэгэнт олж авсан вакцинаа өргөн уудам нутаг дэвсгэртээ маш амжилттайгаар тарааж хот, хөдөөгүй бүгдийг нь вакцинжуулсан. Тэртээх баруун хязгаар дахь Ховдын Булганаас зүүн хязгаар дахь Дорнодын Халхголын уулын мухарт байгаа малчин өрхүүдийг ч вакцинжуулж чадсан нь худлаа биш. Маш богино хугацаанд нөөцийн орыг мянга мянгаар нь бэлдэж чадсан. Ковидын хүнд нөхцөлд ажилласан эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалинг огцом нэмж чадсан. Мэдээж энд алдаа бол байгаа. Гэхдээ оноо нь илүү гэдгийг ковидыг даван туулсан өнөөдрийн өндөрлөгөөс бид харж байна.

Баргийн аавын хүү барьж авахааргүй тийм хүнд цаг үед гал усан дунд Эрүүл мэндийн сайдаар очсон залуу гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Тахал, дайн хоёр дэлхийг барьц алдуулж байгаа энэ хүнд цаг үед Монголын эрүүл мэндийн салбарын гай, гавьяа хоёрыг хоёуланг нь 100 хувь үүрэхээс өөр аргагүй хүн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн. Дэлхий нийтийн шүдний өвчин болсон ковидыг Монгол Улс даван туулж чадсан гэж үзэж байгаа бол энэ гавьяатай Эрүүл мэндийн сайд холбогдоно. Хэрвээ туулж чадаагүй гэж үзэж байгаа бол бас л энэ залуутай холбогдоно. Үүнийг тунгаах цаг болсон бололтой.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ Засгийн газраас явах сайд уу, үлдэх сайд уу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *