Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Жил бүр хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-аас манай улсад хамгийн олон жуулчин ирдэг байна. Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харвал, цар тахлаас өмнө БНХАУ-аас жилд 130 орчим мянга, харин ОХУ-аас 80 мянга орчим жуулчин Монгол Улсад аялахаар ирж байжээ.
Харин жагсаалтын дараагийн байруудад Өмнөд Солонгос, Япон, АНУ, Казахстан, Герман, Франц, Австрали, Их Британийн жуулчид жагсаж байна.
Монголбанкны судалгаанд дурдсанаар, Монголд ирсэн жуулчид ирсэн улс орноосоо хамаарч зардал нь харилцан адилгүй дунджаар 9 хоногт 1,463 ам.доллар зарцуулдаг байна. Мөн жуулчдын 56% нь жуулчны компаниар үйлчлүүлдэг бол 44% нь хувиараа аяллаа зохион байгуулдаг хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.