Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ зуны улс төр ингэж өрнөж байна DNN.mn

УИХ-ын чуулган завсарласан зуны урт өдрүүдэд гишүүд өргөн дэлгэр наадаж яваагаа сошиал түмэнтэйгээ завсаргүй хуваалцаж байна. Инфляцийн өсөлт эдийн засгийг сөхрүүлж, үнийн хөөрөгдөл иргэдийг туйлдуулж буйг тэд бодох ч завгүй сайхан амарч, аялж байгааг нь харцгаалаа. Харин хөшигний ард улс төр өрнөдгөөрөө л өрнөж байна. Эрх баригчид яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж явуулах тохироогоо тал талд хийгээд сүйд байгаа сурагтай. Олон нийтэд ил болоогүй эцэг хуулийнхаа төслийг ирэх наймдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн араас Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дараагийн сонгуульд МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин гарч ирэх бүрэн боломжтой байтал өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх нь цаанаа өөр зорилготойг хэлээд байна. Тэд өөрсдийн баталсан Үндсэн хуулиндаа эргэн засвар хийх гэж улайран зүтгэж байгааг улс төрийн хүрээнийхэн олон янзаар тайлбарлах юм билээ. Энэ намар эдийн засаг улам хүнд болно гэдгийг толгойтой бүхэн хэлдэг. Улсаараа дефолт зарлаж болзошгүйд Валютын сан эмзэглэж байгааг ч гадны агентлагууд онцлоод эхэлчихлээ. МАН энэ байдлаараа 2024 оны сонгуульд иргэн бүрт гулууз алт амлаад ч гарахгүй гэдэгт хашрууд ам бардам байна. Зуун жилийнхээ ойгоор улсаа дампуурлын ирмэгт авчирсан эрх баригч хүчин улс төрийн ямар мэргэн нүүдэл хийх бол.

Судлаачдын хэлж байгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ онд хийж дуусгах бололтой. Ирэх жил МАН өөрсдийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Үндсэн хуулиараа дахин сонгууль явуулах гэж үзнэ гэсэн яриа гараад удлаа. Зарим улс төр судлаач үүнийг боломжгүй гэдэг. Нийгмийн сэтгэл зүйг тестлэх гэсэн шум төдийхнөөр тайлбарлав. Ер ямар улс төр явуулбал ард түмэнд таалагдахыг танддаг ийм арга манайд түлхүү хэрэглэгддэг. Нийгмийн уур амьсгалыг мэдрэх гэж албаар мэдээлдэг. Ойрын жишээ гэвэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, намынхаа эвлэрлийн талаар ярилцлаа гэх мэдээлэл төвийн зарим хэвлэлд гарсан. Үүний араас Женко Л.Оюун-Эрдэнэ нар муудалцаж, улмаар экс Ерөнхийлөгчийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэж шуурах болов. Яг үнэндээ Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаагүй, дээр хэлсэнчилэн нийгмийн байдлыг тандах агуулгатай зохиомол мэдээлэл хэмээн ойрын эх сурвалжууд нь ярих юм. Харин Л.Оюун-Эрдэнэ Женког шалгах үүрэг өгч, АТГ сүрхий ажиллаж эхэлсэн гэдэг бол жинхэнэ тавилттай жүжиг. Өөрийн зөвлөхөөр сонгосон хүнээ хуулийн байгууллагад өгсөн нь үнэмшилгүй. Агуулгын хувьд харвал, эрх барьж байгаа хүчний дарга хүн эсрэг намынхаа буусан Ерөнхийлөгч, тэр дундаа намаа хагалан буталгасан хүнтэй ямар ч холбоо сүлбээгүй шүү гэж нийгэмд ойлгуулах гэсэн мессэж юм. Эцсийн дүндээ ийм мэдээлэл хаанаас угшилтай нь чухал биш. Улстөрчид ард түмний нүдэнд үргэлж жүжиглэж байдаг улс. Ил, цагаан алалцдаг ч эвлрэх орон зайгаа ямагт хадгалж чаддаг хүмүүс. Яагаад гэвэл томоохон тендер, зөвшөөрөл гээд их мөнгөн дүн эргэлддэг “наймаа”-нд дөрөө нийлэн ашиг хүртдэг улс шүү дээ, тэд.

Эрх баригч хүчний томчууд Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хоёр талд гараад байгааг мэр, сэр ярих боллоо. Хэрүүлээ тулгандаа хадгалж чаддаг онцлогтой МАН-ын зөрчилдөөн хэзээ мөдгүй задарч мэдэхээр байгааг ч дотроосоо цухуйлгаад эхэлжээ. Намаа хуваасан нөхрийг дэргэдээ байлгаснаар Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн фракцид нэлээд зэмлүүлэх болсон гэдэг. Тиймдээ ч Женког шалгуулах үүрэг өгсөн гэх ийм нэг гаргалгааг ч ярих хүмүүс байна лээ. У.Хүрэлсүх Женко хоёр хоорондоо хачин нугасгүй биш бил үү гэтэл харилцаа нь хөндийрөөд өмнөх шигээ сүжрэхээ больсон л гэнэ. Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөө хүсэж очсон Женкогийн гуйлтыг Ерөнхийлөгч маань үл тоосон л гэнэ. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдтайгаа ч түр тар болсон гэв үү дээ. Анх гурван сарын хугацаатай засаг удирдуулахаар тавьсан Л.Оюун-Эрдэнэ нэг өдөр толгой дээр нь гараад суухыг хэн мэдэх билээ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ нийгмийн бүх дайралтыг өөртөө авах МАН-ын “гал унтраагч” байв. Нэгэн цагт М.Энхболдыг Монголын төрөөс зайлаад өгвөл бүх зүйл сайхан болно гэж оройлон эсэргүүцэж байсан тэрбээр Миеэгийн хүмүүст албан тушаал амлаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах гэлээ хэмээн намын нөхөд нь ил, далд ярих болов. МАН-ын тогоонд энэ мэт халуун сэдэв буцалж байна.

АН-ын хувьд УИХ-д цөөхүүлээ хэрнээ эв түнжингүй. Энэ байдлаасаа болоод сөрөг хүчнийхээ үүргийг ч умартсан. Тэдний тэмцэл МАН-ын халаасны намуудад боломж олголоо гэж учир мэдэх хүмүүс халаглаж сууна. ХҮН үзэл баримтлалаасаа ухарч, барууны хүчний бодлогыг дагахаа зарласан. Хэрэв АН ийм арчаагүй, сул дорой байвал хэзээ ч сэхэхгүй. 2020 оны сонгуулийн дараагаас С.Эрдэнэ тамга тэмдгээ Ц.Туваанд шилжүүлж өгснөөр АН доторх хамаг будлиан өрнөсөн гэдэг ч энэ намыг улс төрөөс арчиж, өөрсдөөр нь үгүй хийх сценарийг МАН бичсэн тухай амтай болгон л ярьдаг. Хамаг лидрүүдийг нь шоронд явуулж, улс төрийн гэмт хэрэгтнүүд болгосон. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, С.Бямбасайхан, М.Энхсайхан гээд луугаруудыг нь барьж, хорьж, ялын бодлого сонсгож мөн ч их үйлийг нь үзсэн дээ. Монголын эдийн засагт гавьяа байгуулсан эдгээр эрхмийг гайтуулж, гайтуулж байгаад цагаатгасан. Тэднийг дахин улс төрд орох бүх боломжийг хааж, хилс хэрэгт унагасан нь АН-ын уналтын бас нэг шалтгаан байв. Одоо тэд хоёр талд тамга, тэмдэгнийхээ хэрүүлийг хийсээр… Монгол ард түмний өмнө хүлээсэн сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй гутамшигтай байна. Төрийн бодлогыг зангидаж явсан тэд түүхэнд шившигтэйгээр тарсан тухай тэмдэглэн үлдэх гээгүй л бол бушуухан нэг талдаа гармаар юм. Мэдээж хаа, хаанаа ашиг сонирхол байгаа л даа. Гэхдээ ямар үзэл баримтлал дор нэгдсэнээ тунгааж, ялгарах ёстой. Яг энэ цаг үед АН-ыг зангидах зангарагтай, тулхтай улстөрч үгүйлэгдэж байна. Ц.Элбэгдоржийг яг тохирно гэж хэсэг сэвсэн. Харин мань хүн өөрөө сонирхолгүй. С.Эрдэнэ, Женко хоёр байгаа цагт энэ нам хэзээ ч эвлэхгүй гэж жирийн гишүүд дэмжигчид нь зүхдэг. Ямар сайндаа л С.Эрдэнэ Их хурал дээрээ нэвширтэл зодуулж байхав дээ. Улбаа нь одоо ч хэрүүлээр үргэлжилсээр. Их хурлын зохион байгуулагчид даргынхаа нүдүүлсэн буруутанг нэг нэгнээсээ хайгаад нэлээд хэрүүлтэй байгаа гэнэ. С.Эрдэнийн хувьд намын даргын суудлаа өгөхөд бэлэн гэдгийг ярилцлага болгондоо илэрхийлдэг. Тийм хүн гарч ирэхэд ч амаргүй. Хоёр талд бужигнасан олныг нэгтгэж, эрх баригчдын элдэв дайралтаас бамбай мэт халхлах хашир улстөрч л энэ суудалд тэсэж, дараагийн сонгуулиас өмнө намаа эвлүүлж чадна. Тэгвэл сүүлийн үед АН дотор С.Баярцогтыг намын даргаар тавих яриа өрнөж эхэлсэн байна. Ирэх 2024 оны Их хурлын сонгууль ойртох тусам АН энэ янзаараа явбал улам хэцүүднэ. Анх байгуулагдсан барууны үзэл баримтлалаараа нэг талдаа гарч, АН-ын туган дороо нэгдэж чадвал дараа, дараагийн олон сонгуульд ялалт байгуулж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *