Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага өчигдөр гишүүн орнууддаа байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалжээ.
Украины дайн эхэлснээс хойш тус холбоо Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахыг чармайж байгаа. Гэвч ирэх өвөл эрчим хүчний хямрал тохиолдох магадлалтай болоод байна.
Украины засгийн газрыг дэмжсэн бодлогынх нь хариуд Оросын тал Европын Холбооны арав гаруй улсад байгалийн хий нийлүүлэхээ зогсоож, Герман улсад нийлүүлдэг хийн хэмжээгээ бууруулах магадлалтай болсон юм.
Германы зах зээлд хий нийлүүлдэг “Умард Урсгал 1” дамжуулах хоолойн ээлжит засварын ажил дуусаж, өнөөдөр үйл ажиллагаа нь сэргэх хуваарьтай байгаа. Гэхдээ дамжуулах хийн хэмжээ нь нэлээд хэмжээгээр буурахыг Москва урьдчилж анхааруулсан юм.
Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Орос биднийг сүрдүүлж, эрчим хүчээ зэвсэг болгон ашиглаж байна. Тэд хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож, энэ нь Европын Холбоонд хүндээр тусах магадлал өндөр боллоо. Манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон улсад хямрал үүсвэл бусад бүх гишүүн улсуудад нөлөөлөх болно” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Тэрбээр энэ үеэр ирэх өвлийг хэрхэн амжилттай давах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Төлөвлөгөөнд Европын Холбооны гишүүн орнууд наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл хугацаанд хийн хэрэглээгээ сайн дурын үндсэн дээр 15 хувиар бууруулах санаачилга багтсан байна. Энэ хэмнэлт нь сүүлийн таван жилийн дундаж хэрэглээтэй харьцуулсан тооцоо юм.
Европын Холбооны хамгийн том эдийн засагтай Герман улс Украины дайнаас өмнө нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 50 хувийг ОХУ-аас авдаг байв.
Европын Холбооны нийт хэрэглээний 40 хувийг ОХУ хангадаг байжээ. Одоогоор ОХУ-ын эрх баригчид Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсуудад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерландын нийлүүлэлтээ багасгаад байна.
Тухайлбал “Умард Урсгал 1” дамжуулах хоолойн нийлүүлэлт дайны өмнөх үеэс 60 хувиар буурчээ. Ирэх өвөл ОХУ нийлүүлэлтээ бууруулсан хамгийн муу хувилбараар тооцоолоход Европын Холбооны эдийн засаг 1.5 хувиар агших төлөв гарсан байна.
Урсула фон дер Ляйены танилцуулсан төлөвлөгөөг Европын Холбооны гишүүн 27 орны эрчим хүчний сайд нар ирэх Мягмар гарагт хэлэлцэх юм.
Эх сурвалж: The Guardian