Улс төр судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Батжаргалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрдээ ярьж байна. Зарим нь хийх шаардлагагүй гэх, зарим нь гадаад, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулж хийх шаардлага бий хэмээн үзэж байна. Та хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг дэмжиж байна уу?
-Эрх зүйн орчин гэдэг нийгэм цаг үеэ дагаад улам сайжирч байх ёстой. Энэ бол хуулийн оршин байх гол эрчим хүч гэж ойлгож болно. Цаг үеэсээ хоцорчихсон хууль амьдралтай зөрчилддөг. Тэр утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн учраас дэмжиж байгаа. Гэхдээ ямар өөрчлөлтийг хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Таны хэлснээр гадаад, дотоод нөхцөл байдал өөр болсон нь үнэн. Цар тахлын нөлөөлөл, олон улсын хямрал, дайн тулаан, янз бүрийн хориг гээд дэлхий ертөнц адармаатай байна. Энэ олон асуудал манай улсад томоохон нөлөөлөл үзүүлж байгаа юм. Орост тавьсан олон улсын хоригоос болоод бид хойд хөрштэйгөө өмнөх шигээ хамтран ажиллаж чадахгүй байна. Урд хөршийн цар тахлын бодлогоос болоод манай улсын бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, боомтуудын нэвтрэх чадвар одоо ч олигтой дээрдсэн зүйлгүй байна. Тэр утгаараа нийгэмд нөлөөлж байгаа сөрөг үр дагавар, тэр дундаа нийгмийн харилцаанд илэрч байгаа эрх зүйн зөрчилтэй асуудлыг бид шинэчлэх, засварлах шаардлага бий болсон. Манай ард түмэн нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага байна уу гэж эргэлзэж байна. Байна, хамгийн ихээр байна. Манай улс хоёрхон л хөрштэй. Энэ хоёр улсын нөхцөл байдлаас болоод манай улсын эдийн засаг үндсэндээ хямралын байдал руу орсон шүү дээ. Тиймээс бид дотоод зохион байгуулалт, тогтолцоондоо өөрчлөлт оруулж байж энэхүү хямралыг богино хугацаанд даван туулах учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтолцоогоо сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байна. Улс төрийн тогтолцоо зөв байж төрийн бодлого зөв явна. Төрийн бодлого зөв гарч байж улсын хөгжил, эдийн засгийн сэргэлт бодитоор бий болох боломжтой. Одоо манай улсын гадаад өр аюулын харанга дэгдээж байна. Энэ нь юунаас болсон бэ. Нөгөө л улс төрийн тогтолцооны гажиг, буруу шийдвэрээс болсон. Тиймээс л бид Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон гэж хэлээд байгаа юм.
-Цагаан дээр хараар биччихсэн зүйлийг өөрчлөх амархан байх. Гэхдээ ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг хурдасгах, зөв шийдвэр гаргах тэрхүү тогтолцоог бид бодитоор хийж чадах уу. Энэ өөрчлөлтийг улс төрийн хэсэг бүлэг нам, этгээдүүдийн сонирхол, эрх ашгийн хүрээнд хийгдэж байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Товчхондоо бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дорвитойхон хийж чадах уу?
-Үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол Улс гэж багшийн хэлсэн үг уг өөрчлөлтийг хийх, хэлэлцэх цаг үед улам тод санагдаж, чихэнд сонсогддог. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтийг нийт иргэдийн гэхээс илүү улс төрийн хүрээнийхэн илүү хүсч байгаа гэдэг үнэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой хийх эсэх нь нийт иргэдийн хүсэл, идэвх, улстөрчдийн зориг, шударга байдлаас л хамаарна. Тэр утгаараа монголчууд бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна уу. Энэ талаарх мэдээлэл ямар түвшинд, нийгмийн хэдэн хувьд нь хүрсэн эсэх талаар судалгаа, мэдээллийг маш сайн явуулах учиртай. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсчихоод ирсэн. Ерөнхий хандлагаар бол Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр бусад асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн иргэдийн байр суурь байна. Энэ бол иргэд бодитой мэдээллээс хол байгаагийн илрэл. Харин цөөнгүй иргэд зайлшгүй уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн байна лээ. Энэ бол мэдээлэлтэй, үнэхээр эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол бид цаашид явах, хөгжих ямар ч боломжгүй гэж харж байгаа иргэдийн үзэл бодол болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг сүүлд 2019 онд хийсэн. Энэхүү өөрчлөлтийн төсөлд одоо яригдаж байгаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг хязгаарлахгүй байх, Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох зэрэг заалтууд болон сонгуулийн тогтолцоог холимог болгож, ердийн хуулинд биш, Үндсэн хуульд оруулж өгөх зэрэг заалтууд тусгагдаж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх барьж байсан намын өөрсдийгөө бодсон шийдвэрээс болж ихэнх зүйл заалтууд нь татагдаж, нийгмийн сүлжээ буюу фэйсбүүкээр цацагдсан сайн, муу мэдээлэлд тулгуурлаж өөрчлөлтийг баталчихсан. Үүнд хуульч хүнийхээ хувьд үнэхээр харамсаж явдаг.
-Таныхаар тэгвэл эрх баригчид нийгмийн сүлжээнд тавигдсан сэтгэгдэл, хандалт ихтэй мэдээллээс шалтгаалж ямар нэгэн улс төрийн шийдвэрүүдээ гаргаж байна гэсэн үг үү?
-Эрх баригчид ч гэлтгүй юм бүхэн тийм л болчихлоо. Энэ маш буруу үзэгдэл. Нийгмийн сүлжээнд хэн нэгэн хүн хандалтаа ихэсгэх гэж ямар нэгэн мэдээлэл оруулдаг. Тэрхүү мэдээлэл нь үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Хамгийн аюултай нь тэрхүү мэдээнд судалгаа, дүн шинжилгээ, боловсруулалт гэж юу ч байдаггүй. Өнөөдөр үнэн харагдах мэдээлэл олон. Гэвч хэдэн сар, жилийн дараа тэрхүү мэдээлэл нийгэмтэй зөрчилдөж эхэлдэг. Энэ бол судалгаагүй бодит бус үнэн мэдээлэл гэж шинжлэх ухаан талаас нь үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай улстөрчид, эрх баригчид иймэрхүү мэдээлэлд итгэж, улс орны ирээдүйд заналхийлсэн шийдвэрүүдийг олон гаргадаг болсон. Төрийн шийдвэр гэдэг ямагт ирээдүйгээ харсан, өнөөдөртөө хэрэгжүүлэхэд хэцүү ч ирээдүйн сайн сайхны суурь болж өгөх ёстой тийм л бодлогыг баримтлах шаардлагатай. Ерөнхий сайд хэлдэг “Өнөөдөр давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргаж болно. Гэхдээ ирээдүйд бидэнд чихэр мэт амттай амьдрах боломж бүрдэнэ” гэж. Угтаа төрийн бодлого ингэж л гарах ёстой. Харамсалтай нь манайд сүүлийн гуч гаруй жил төрийн бодлого ямагт алдаатай гарч ирсэн. Үүнийхээ горыг бид өдөр бүр л амсаж байгаа. Цаашид энэ хэвээрээ явсаар л байвал Монгол Улс хөгшин хонины насгүй л боллоо гэсэн үг шүү. Тиймээс тогтолцоогоо доривтой, зоригтой өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцооноосоо бид хэзээ ч ухрах ёсгүй. Үүнийгээ сайжруулж улам боловсронгуй болгож, төрийн хүнд суртал, шийдвэр, авлига, төрөөс хулгай хийдэг тогтолцоог алга болгох шаардлагатай.