Амралтаараа та хаашаа аялах гэж байна. Төрсөн нутгаасаа эхлээд Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар аялахаар төлөвлөж байгаа биз ээ. Хаашаа л харна цэлийсэн хөх униар татаж, хөхөө донгодсон зун цаг хэн хүнийг хөдөө тийш даллан дуудаж байна.
Гэхдээ та хөдөө гадаа аялахдаа нэг л зүйлийг анхаараарай. Аяны ядаргаагаа тайлж энд тэнд цайлахдаа, амарч хоноглохдоо авчирсан хогоо эргээд ачаад яваарай. Таны машинд багтаад ирсэн идээ ундааны баглаа боодол буйран дээр чинь хог новш болон үлдэх нь цаашдын зам мөрт чинь бага гэлтгүй тээг саад болсоор байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. Манайхан жигтэйхэн улс. Цайны дээжээ өргөн сүжиглэж байгаад явахдаа сүүний савнаас эхлээд бүхий л хогоо машинаасаа гаргаж хаячихаад давхиад явдаг. Машинаа цэвэрлэж байгаа ч байгаль дэлхийгээ бохирдуулаад, лус савдагийг нь уурлуулж орхидог. Ингээд таны цаашдын аялалд ямар нэгэн зүйл тохиолдож эхэлдэг. Дугуй хагарах, замаа олохгүй төөрөхөөс эхлээд зам хийсэн нөхөд үг хэлээ ололцохоо болих, аялалдаа сэтгэл дундуур үлдэх гээд бүтэлгүйтэл тойрч бүчдэг.
Нэг их сүйдтэй юм биш боловч жижиг сажиг ийм зүйлс нэгдээд ямартаа ч хог хаясан хүмүүсийг тав тухгүй болгож дөнгөдөг гэж байгаа. Яагаад ингэдэг гэхээр нутаг усны лус савдагийн гомдол ийн дагадаг байна.
Харин буусан суусан газраа цэмцийтэл цэвэрлээд явдаг хүмүүсийн аян зам санасан ёсоор өлзий дүүрэн байж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэнэ. Мөн нутгийн уул усны эзэн савдгийн баярласан сэтгэл ийм өгөөмөр шагнал болон ирдэг. Энэ бол үхэхээс бусдыг үзсэн буурал эмээгийн яриа юм. Эмээ хэн нэгнийг айлгах гэж ийм зүйл ярьдаггүй. Орой бүр ярьдаг үлгэр домгоороо дамжуулан үр хүүхдэдээ сургадаг сургаал нь юм.
Нээрэн ч та машиндаа багтаагаад аваад ирсэн юм чинь элдэв хогоо буцаагаад ачаад яваарай. Замд ойр ойрхон таарах төвлөрсөн хогийн саванд хогоо хийчихээд явахад нэг их ажил гардаггүй юм шүү.