Хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө ТББ”-аас жил бүр уламжлал болгон “Монгол орны хөгжилд чуулган”-ыг зохион байгуулж ирсэн билээ.
Анх 2005 онд “Цахим Өртөө ТББ”-ын гишүүд, Британи дахь монголчуудын санаачилгаар энэхүү чуулганыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудынхаа сайн туршлагыг Монгол улсынхаа хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор эхлүүлжээ.
Энэ жилийн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулган”-ы нэг хэсэг болон хийгдэж буйгаараа онцлог бөгөөд чуулганд мэдээлэл технологийн чиглэлээр гадаад, дотоодод ажиллаж, суралцаж буй шилдэг залуус оролцоно.
Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд бүх салбарын үсрэнгүй хөгжлийг мэдээллийн технологийн шилдэг компаниуд, чадварлаг IT инженерүүд тодорхойлж байна. Хувь хүн, компани, улс гүрэн аль нь ч бай гагцхүү мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжилтэй эн зэрэгцэж байж дэлхийн энтэй өрсөлдөх болжээ.
Тэгвэл энэхүү чуулганаар үндэсний болон олон улсын шилдэг мэдээллийн технологийн компаниудад ажиллаж, суралцаж буй монгол залуус салбарын сүүлийн үеийн хөгжил, шигшигдсэн сайн туршлагаас хүргэж, өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцах юм. Чуулганы хөтөлбөрт үндсэн дөрвөн хэлэлцүүлэг багтаж байгаа бөгөөд танхимаар болон онлайнаар давхар зохион байгуулагдана.
Чуулганд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, чансаатай илтгэгчид дэлхий дахинд анхаарал татаж буй мэдээллийн технологийн хөгжлийн асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэхээр зэхэж байна.
Тухайлбал,
- АНУ-ын Adobe компанийн Программ хангамжийн инженер, “Breathe Mongolia” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан захирал Г.Уянга,
- АНУ-ын Enterprise holding компанийн Программ хангамжийн шийдлийн инженер Н.Баасандорж,
- And Global компанийн Технологи хариуцсан захирал П.Отгонбаяр,
- Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал,
- Чимэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бадрал зэрэг технологийн компаниудад амжилттай ажиллаж буй залуусыг дурдаж болно.
Мөн холбогдох төрийн байгууллагууд болох Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам, нийслэлийн Мэдээлэл, Технологийн Газраас төлөөлөл оролцоно.
Түүнчлэн нэгдсэн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг төр засгийн бодлогод оновчтой тусгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Харилцааны Яам болон холбогдох бусад яам, тамгын газарт танилцуулах чухал үр дүнтэй чуулган болох юм.
Чуулганы хөтөлбөр: