Наадам гэх үг сонсоод л хамгийн түрүүнд орж ирдэг дурсамжуудын нэг. Сургуульд ороогүй жаал, гэхээр тав зургаатай байсан болов уу. Ховдын наадамд морио уяж, хурдлуулна гэсэн аавын хүслийг ээж их л эсэргүүцдэг байлаа. Учир нь манай аав уяач биш, морь мал гээд сүйдтэй яваад байдаг ч хүн биш. Албаны ажил хийж, албан конторт суудаг л хүн шүү дээ. Мэргэжил нь ч угаасаа тийм, хуучин Ардын хянан шалгах хорооны дарга байв. Эрийн гурван наадам гэж хөөрцөглөж байгаад л гэнэт тэр жил эр хүн болж төрснийх, буурлын буян байна, хэдэн сайхан адуугаа барьж уяад, наадамд оролцоно гэж таг зөрлөө. Ээж “Омголон морины ааш олохгүй чи бид хоёр хурдан морь уяж, хий хөөрцөг болоод яах билээ. Уядаг байж, хэнээр унуулах хүн бэ, чи” гэлээ. Аав “Удам залгах ганц хүү минь байхад, унаач хүүхэд хайх нь илүүц” гэж хэлж дуусаагүй байтал ээж “Юу гэнэ вэ, энэ муу жаахан амьтнаар хурдан морь унуулах нь уу. Сумын төвийн хүүхэд. Хөдөө малаас хол өссөн шүү дээ. Яаж унаж чадах юм, аягүй бол нэг бусгахад нь унаж гэмтэнэ. Тэгж ганц үрээрээ наадам хийхгүй шүү” гэлээ. Гэхдээ л гэрийн эзний үг, хүсэл хоёрыг нь бид дийлсэнгүй. Бид ч гэж дээ, би аавынхаа талд орж, хурдан морио ч мэдэхгүй байж, унах бөөн хүслэн болсон амьтан л байсан нь тодорхой. Наадам дөхсөөр л. Манайд ирсэн хүн болгонтой аав маань энэ жилийн наадамд унаган адуугаа уях болсон талаараа бахтай гэгч нь ярина даа. Ингэхдээ ганц хүүгээрээ унуулах болсон гэж ярихдаа царайнд нь баяр бахдалын баясал тодорч, үүнийгээ шимийн идээгээр баяжуулснаар шаймгар шар нүүрийг нь мэнчийтэл улаан болгоно.
Аймгийн наадам болохоос ердөө тав хоногийн өмнө сумын хэмжээнд бүх багуудын их үсэргээ боллоо. Тэр өдөр аав өөрөө ажилтай байсан учир дүүдээ намайг авч оролцчихоод, морио сайхан хөлсөлчихөөд ир гэж захив. Угтаа уяач гэдэг мориноосоо алхам ч холдохгүй байж, морь, унаач хүүхэдтэйгээ ирэх наадмыг хоног тоолон хүлээдэгсэн. Манай аавд тийм сэтгэл хөөрөл алга. Албаны ажлаа наадмаас өмнө цэгцлэх гэж гэртээ ч ирэх завгүй хүн л байсан гэдэг. Үсэргээ боллоо. Чандмань сумын урд, хойд багуудын нийлсэн 40-өөд морь сумын хойд талын морины барианаас гараа руугаа хөдөллөө. Үсэргээ учир их холдуулсангүй тэгсхийгээд л эргүүллээ. Аав бид хоёрын долоо хоног барьж уясан хээр үрээг хүмүүс хараад л хөхөрнө. Унасан намайг хараад л шоолж инээнэ. Зарим хөгшчүүл намайг хараад өрөвдөнө. Зарим нь жаахан хүүхэд унаж л байг гэх. Морьд эрэглээ. Хажуу талаас, ард урдаас нүүр нүдгүй шороо тоос болж, заримдаа гэнэт ташуурны үсүүр хөл, цээжийг минь ороолгож өвтгөв. Мориноосоо уначихгүйн тулд тэр бүгдийг ч тоосонгүй. Шороо боссоор л. Урд зам битгий хэл морины толгой ч олигтой үзэгддэггүй. Замаа харахгүй учраас мориныхоо амыг хамаг чадлаараа татах ч миний хүслээр хурд нь саарсангүй улам л амаа авч давхина. Хурдан морьдын төвөргөөнд боссон тоос надаас түрүүнд зурхайн зүгт урагшилсаар. Тоос шорооноос гарсан би сая л урдах замаа харлаа. Хэдийн баян ходоод болсон нь тодорхой байв. Өнгөний морьд надаас өртөө хэрийн зайтай, цагаан тоосондоо хаяна гэдэг нь л болсондог. Баян ходоод болж яваа гэдэгтээ сэтгэлээр тэгж их унасангүй. Шороо тоос, ташуурны үзүүрээс хол яваадаа бараг баярлах шиг. Гол нь хурдан морины нуруун дээр давхиж яваа гэдэгтээ сэтгэл хэдийнэ дүүрсэн байлаа. Зурхайн зүг давхиж байтал урдаас нэг яавтай хүмүүс ирсэн нь аав байв. Намайг хараад мундаг залуу гэж байна. Би ч инээсээр мориноосоо буулаа. За миний хүү хоёулаа морио улам сайн уяхгүй бол болохгүй нь. Миний хүү чинь уначихгүйхэн шиг сайн явж байна” гэлээ. Аавд л их урам орсон шиг байгаа юм. Намайг гараанаас гарахад аль хэдийнэ уначихсан байх гэж их л санаа нь зовсон байх, хөөрхий. Тэр өдрийн үсэргээ унаач хүүхэд, уясан эзэн, хурдалсан морь бүгд бие амар, сэтгэл тэнүүн гэртээ харьж билээ. Орой нь аав ээжид юу болсон талаар баахан ярив. Аав, ээжийн магтаал, хурдан морь унахын сайханд урамшсан би дахиад ч унамаар санагдана. Хурдан аймгийн наадам, сумын наадам болоосой гэж өөрийн эрхгүй хүснэм. Ингэж их хүсэн хүлээсэн сумын наадам хамгийн түрүүнд боллоо. Наадмаар ээж маань аав бид хоёрт ижил зүсмийн дээл хийж өгсөн. Түүгээр нь гоёлоо. Аав бид хоёр наадмын талбай хэсэж, сонины цаасанд ороосон хуушуурын амтыг сорчлон явав. Хуушуураа идэх зуур ороосон сонины цаасыг аав маань гарчиглана. Угаасаа юм идэх болгондоо сонин, ном шагаагайд сурчихсан хүн л дээ. “Эрхэм хүндэт наадамчид аа. Чандмань сумын баяр наадмын нээлтийн арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Наадмын үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн сумын засаг дарга н.Сандаг таныг урьж байна” хэмээн наадам албан ёсоор эхлэв. Төв цэнгэлдэхэд хүчит бөхийн хоёрын даваа дууссаны дараа сумаараа хойшоо морины бариа руу явлаа. Хээр үрээ, аав, хүү хоёрын хүссэн уралдаан эхэллээ. Хурдан морьд гарааны зүг рүү яаран харайлгана. Зурхай, гараа хоёрын заагт явж байтал морьдын комиссын автомашинаас миний унасан хээр үрээ үргэж, яах ийхийн зуургүй нуруунаасаа намайг шилгээж хаяав. Унасан ч морио алдахгүй гэсэндээ цулбуураа огт тавьсангүй. Хээр үрээ намайг аваад баахан газар чирлээ. Хажууд яваа хүмүүс “Хүү минь цулбуураа тавь, цулбуураа тавь” гэж хашгирна. Нөгөө “Анхны алхам” хэмээх кинон дээр “Мядаг цулбуураа тавь” гэж гардаг даа. Яг түүн шиг л юм боллоо. Нэг сэрсэн чинь аавын өвөр дээр байв. Миний хүү гайгүй юу, хаана нь яаж өвдөж байна гээд уйлах шахуу л намайг харна. Миний мориноос унасан мэдээ сумын төв дээр дэлгүүрээ ажилуулж байгаа ээжид тэр дорхноо дуулдав. Миний бие ч гайгүй, толгой дагзандаа жаахан хагарч, тохой, өвдөг шалбарсан байлаа. Аав намайг аваад эмнэлгийн автомашинтай сумын эмнэлэгт хүргэгдэв. Ээж ч уйлсаар орилсоор орж ирлээ. Намайг харж уйлаад, баахан үнсэж, тэврээд миний хүүг алчихсан байна шүү дээ гэж хашгирна. Тухайн үед аав маань ээжээс ямар их айсан бол доо. Аавыг толгой нүдгүй л загнаж байна. Энэ үйл явдлаас хойш аав маань нэг ч морь уяж, наадам гэж хөөрцөглөхөө больсон юм даа. Хожим наадам болохоор л аав, ээж бид гурав энэ дурсамжийг нэхэн санаж, бөөн инээдэм болно. Одоо ч тэр хэвээрээ. Хүүхэд байхдаа хагарсан толгойн сорви одоо ч хүртэл бий. Тэр цагаас хойш миний дагзан дахь сорив дээр нэг ч үс ургаагүй, хэсэг газар халзархай бий.
Уг нь манай адуу хурдтай юм билээ л. Хожим уядаг хүнгүй учраас тэгсхийгээд хаясан байх. Өвөөгийн маань “Жамцын хар морь” гэж суманд төдийгүй хошуу нутагтаа алдартай хурдан хүлэг байсан гэдэг. Сонин нь хурдан адуу ч сумандаа түрүүлж байгаагүй, дандаа аман хүзүүдэж байсан юм билээ. Харин тэрхүү хар морийг унаж, нуруун дээр нь суусан хүүхэд алсдаа амжилт бүтээлийн дээдэд хүрч, амьдрал ахуй нь тэгш дүүрэн явдаг бэлгэшээл, хийморилог адуу гэж аав маань их ярьдаг байв. Монгол Улсын их хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Монгол Улсын заан Чогзомын Батзориг, улсын начин Идэшийн Мөнхбаатар нарын төрийнхөө төлөө зүтгэж яваа улстөрч, удам дамжсан хүчтэнүүд энэ л морины нуруунаас хүн болсон гэдэг.