Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Амьдрах ийм сайхан DNN.mn

Өсвөр насандаа өндөр хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор шийдэж байсан охин өнөөдөр олон улсын том группт зөвлөхөөр ажиллаж байна. Олон жилийн өмнө түүнд тохиолдсон түүхийг хуваалцъя.

Үеийн нөхдийнх нь гадуурхал, доог тохуутай харц, доромж үгс охины сэтгэлд бугшсаар энэ хорвоог орхиё гэсэн ахархан бодолд хөтөлсөн гэдэг. Дотроо хуримтлагдсан асуудлыг тамын тогооны зовлон шиг санаж, өөрийгөө егүүтгэхээс өөр сонголтгүй хэмээн сумын төвийнхөө ард дүнхийх уул өөд мацжээ. Хориод метрийн өндөртэй эгц хадан цохионы орой дээр гараад иртэл охины толгой эргэж, хөл нь салганав. Сумын төвийнхөө хоёр давхрын байшингаас өөр өндрийг мэдэхгүй түүний үнхэлцэг амаар нь гарах шахна. “Нэгэнт дууссан хорвоо юм чинь юундаа айдаг юм” гэж зоригоо чангалаад хөлөө урагш тавилаа. Кинон дээр гардаг шиг түүнийг хорьж, болиулах гэж араас нь хэн ч зууралдсангүй. Буцаж нэг алхаж, явган суугаад эхэр татан уйлав. Сургуулийн хашаан дотор хөөрцөглөн тоглох хүүхдүүдийн хөөр баясал, банкны үүдэнд багшралдах хүмүүсийн хөл хөдөлгөөн, дэлгүүрийн хаалга байн, байн онголзох дүр зураг гээд сумын төвийн аж амьдрал охины өмнө тодоос тод зурайна.

“Хэрвээ би байхгүй болчихвол хайртай дүүгээ сургуульд орохыг харж чадахгүй нь. Дүү маань сургуульд ороод над шиг хүүхдүүдэд шоглуулбал хэн өмөөрөх бол. Миний бие тээр доор хэвтэж байхыг ээж, аав маань харвал галзуурах байх даа. Ноднин жил саахалтын Жанлав ахын ганц хүү мотоциклтой хонинд явж байгаад онхолдоод өөд болоход ээж, аав нь яаж зовлоо доо, бурхан минь” гэхчлэн бодол охины толгойд ар араасаа хөвөрнө. Тэрбээр урт гэгч нь амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад уулнаас бууж явахдаа ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, гэгээн мөрөөдлөө дотроо зуржээ. Хэрэв тухайн үед охин хадан хавцлаас үсэрсэн бол өнөөдрийн энэ амжилтын эзэн болж чадахгүй. Түрхэн зуурын сэтгэл гутрал, шаналлаас болж хорвоог орхих нь дэндүү хайран. Одоо амталж байгаа аз жаргал, амьдралын өнгийг мэдрэхгүй гэхээр үнэхээр харамсмаар.

Охины хэлэх дуртай үг бол “амьдрах ийм сайхан”. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Түүний сэтгэлийн шарх нь одоо аньсан. Асуудлыг даван туулах гарц шийдэл олон. Амьдрал баян, амьдрах үнэхээр сайхан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *