УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Таны ахалж ажилласан Зөвшөөрлийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдлын талаар эхлээд ярихгүй юу?
-Энэ бол процессын хууль юм. Зөвшөөрөл яаж өгөх үү, хэдэн хоногт эрх бүхий байгууллага нь шийдэх үү, тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөлд нь юу орох уу зэргийг зохицуулсан. Хэрэв зөвшөөрөл олгоход мэргэжлийн хяналт ч юм уу, гуравдагч талын баталгаажуулалт шаардлагатай бол хэдэн хоногт асуудлыг шийдэх үү гэдгийг бүгдийг нь хугацаатайгаар хэрхэн яаж хийхийг нь хуульд нарийвчлан тусгасан. Бүх зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийлгээд тусгай болон энгийн зөвшөөрөл гээд ангилчихсан байгаа. Энгийн зөвшөөрөл нь илүү хувь хүн, ахуйн хэрэглээтэй холбоотой. Мөн үндсэн зөвшөөрөл дээр авдаг нэмэлт зөвшөөрлүүдийг энгийн ангилалд оруулчихсан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсад яг одоо хэдэн зөвшөөрөл байгааг хуулиар тодорхой болгож өгсөн. Хуучин сайдын тушаал, засгийн газар, яамны журам, иргэдийн хурлын тогтоол гэхчлэн бүгдийг нь зөвшөөрлийн шинж чанартай зохицуулаад явж байсан. Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлж байгаа юм. Тэгэхээр бусад журам, иргэдийн хурлын тогтоол, давхардсан тушаалууд, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл дээр байсан бүх зөвшөөрөл хүчингүй болж байна гэсэн үг. Цаашдаа яах ёстой вэ гэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч байгаа юм. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө. Хууль хэрэгжихтэй холбогдуулж хэд хэдэн хуулийг шинэчлэх шаардлагатай.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч буй аливаа асуудал, авлига хээл хахууль, алхам тутамд эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн дураар зөвшөөрөл бий болгож хүнд суртал үзүүлдэг зэрэг хүндрэлтэй асуудал энэ хуулиар шийдэгдэх юм.
-Тусгай зөвшөөрлийн тоог тав дахин цөөлсөн юм байна. Хугацаагүй олгох зөвшөөрөлд ямар, ямар зөвшөөрөл багтаж байгаа вэ. Мөн хэлэлцүүлгийн үеэр байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж байсан шүү дээ?
-Зөвшөөрлийн тухай хуулиар байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбоотойгоор төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг хугацаатай олгоно, Өөрөөр хэлбэл, дээрх зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохыг хориглож байгаа юм. Ой, ус, агаар, газар, газрын хэвлийн баялаг, ховор ургамал, ан амьтныг зохистой хэмжээнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөгөөтэйгүүр тэдгээрийн баялгийг хязгаартайгаар ашиглах асуудлыг шударга, өрсөлдөөний зарчмаар явуулах асуудлыг хуульчиллаа. Жишээлбэл, самар бол байгалийн хязгаарлагдмал нөөцөд орно. Хуучин байгалийн хязгаарлагдмал нөөцтэй холбоотой 20 гаруй зөвшөөрлийг журмаар, гарын үсгээр олгодог байсан. Самар, дэрвэгэр жирвэгэр, үйлдвэрлэлийн зориулалттай өвс хадлангийн ажил зэрэг нь дандаа гарын үсгээр явдаг. Зөвшөөрлийг нь хэн нэгэн давуу байдал үүсгэх байдлаар өгдөг байсан. Тэгвэл энэ хуулиар заавал нэрлэн зааж байгаад 20 зөвшөөрлийг байгалийн хязгаарлагдмал нөөцтэй зөвшөөрөл мөн байна. Үүнийг заавал дуудлага худалдаа юмуу сонгон шалгаруулалтаар олгодог бол гэдэг заалт орж ирж байгаа. Дээрээс нь ийм төрлийн зөвшөөрлийг бүгдийг нь хугацаатай өгнө. Яагаад гэвэл бусдаас ямар нэгэн байдлаар давуу тал олж авч ашиглаж байгаа учраас сонгон шалгаруулалтаар юм уу хугацаатай зөвшөөрөл ав гэдэг зохицуулалтыг хийж өгсөн. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно. Монголбанк болон Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас олгож байгаа зарим зөвшөөрлүүд хугацаагүй олгож байгаа.
Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон зөвшөөрлийг хугацаагүй олгож болдог. Энэ хуулийг аль болох мэргэжлийн холбоодод зөвшөөрөл олгох эрхийг нь өгье гэсэн боловч манайд нэгдсэн мэргэжлийн холбоод байдаггүй. Гол асуудал нь энэ. Жиишээлбэл, танхим гэхэд бизнесийн хэд хэдэн танхимтай. Сагсны холбоод хоёр, гурав байсан, сая нэг боллоо. Уяачдын холбоо гурав байна. Наадмын хууль хэлэлцэхэд хоорондоо маргаад яваад байх жишээтэй. Аль нэг мэргэжлийн зөвшөөрлийг холбоодод нь өгөх гэхээр тэр байгууллага хэн бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдчихвал гурван жилийн дараа Засгийн газар тусгай зөвшөөрлийнхөө тоог бууруулангаа зарим нэг ач холбогдолгүй, мэргэжлийн шинж чанартай зөвшөөрлийг холбоодод нь шилжүүл гэж байгаа юм. Ингэвэл мэргэжлийн үнэмлэхийг хугацаагүй олгож болно шүү дээ.
-Хуульд зааснаас бусад үйл ажиллагаанд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж байсан. Тухайлбал, ямар, ямар чиглэлд хамаатай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Одоо 350 үйл ажиллагаанд зөвшөөрөл шаардагдана. Банк гэхэд дотроо 20, 30 болж задарч байгаа. Банк бус нь 11 болж задарна. Чиглэлээр бол цөөхөн л дөө. Энэ хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтад байхгүй үйл ажиллагааг стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлнэ гэсэн үг.
Манай стандартын хууль дэндүү хоцрогдчихоод байгаа юм. Одоо стандартыг хэн ч мэддэггүй, ойлгодоггүй. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэдэд шууд мэдрэгдэх зүйл гэвэл найман нэрийн барааны дэлгүүрээр жишээ авъя л даа. Ийм дэлгүүр найман төрлийн барааны зөвшөөрөл авдаг. Тэгвэл шинэ хуулиар бол хоёрхон зөвшөөрөл авна. Тэр нь зөвхөн архи, тамхи зарах тохиолдолд үйлчилнэ. Бусдаар мэргэжлийн хяналт нь ирээд стандартаа хангаж байна уу гэдгийг харах юм. Мэдээж, жорлонд хүнсний дэлгүүр ажиллуулж болохгүй. Тэгэхрээр стандартын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Стандарт нь хэнд ч ойлгомжгүй байгаа тул стандартыг таниулдаг ажлыг мэргэжлийн байгууллага нь түгээх ёстой л доо, уг нь. Тэгэхээр стандартын хууль батлагдчихвал зөвшөөрлийн тоо өшөө буурах боломжтой.
-Зөвшөөрөл олгох процесс цахимд шилжинэ гэж ойлгосон. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэл үү?
-Аливаа үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг тухайн бичиг баримтын хувьд ч, шийдвэрлэх цаг хугацааны хувьд ч залхаан цээрлүүлэх хэлбэртэй болсныг хүн болгон мэдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг 30 хоног, энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульд тусгасан. Энэ хугацаанд явагдах бүхий л ажиллагааг цахимаар явуулж, хэрвээ хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Хугацаандаа хариу өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг хуульчиллаа. Бүх үйл ажиллагаа цахимаар явна. Өргөдөл гаргасан хүн өөрөө цахимаараа зөвшөөрлийнхөө процессыг хянана. Энгийн зөвшөөрөл дээр хүсэлтээ өгчихнө. Хариу өгөхгүй бол шууд олгосонд тооцно гэж байгаа. Тусгай зөвшөөрөл дээр хүсэлт өглөө, хариу өгөхгүй бол хариу өгөөгүй албан тушаалтан дээр нь хариуцлага тооцох механиз бий. Өргөдөл өгсөн хүмүүсийн гол бухимдал бол “Хариугаа авч чадахгүй байна. Аль зөвшөөрлийг хаанаас авах нь тодорхойгүй байна. Хариу өгөх хугацаа нь тодорхойгүй байна. Олон байгууллагын хаалга татаад байна. Хугацаа дуусангуут зөвшөөрөл цуцалдаг” гэсэн дөрвөн том гомдол гардаг юм. Үүн дээр хугацаандаа олгодог болно. Иргэдийн зөвшөөрөл ямар хугацаанд хаана хэн дээр шийдэгдээд явж байгааг хардаг болно. Хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө эрх бүхий байгууллага нь эзэмшигч рүү мэдэгдэл хүргүүлнэ. Олон байгууллагын хаалга үүд татдаг байдлыг цэгцэлж байгаа. Эрх бүхий байгууллага нь өөрөө нийтийн мэдээллийн хуулиар өргөдлийг харж байгаад баталгаажуулах юм уу, мэргэжлийн хяналтын дүгнэлт шаардлагатай бол тухайн байгууллагуудад хүргэнэ. Тэдгээр байгууллага нь өөрөө ажлын таван өдөрт дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Тэгэхээр иргэн бол ганцхан байгууллагатай л харилцана. Ер нь Зөвшөөрлийн хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авахад зарцуулдаг цаг, зардлыг 60-70 хувь хэмнэнэ гэж тооцоолж байгаа.
-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэд, хэдэн хууль батлах шаардлагатай гэж та дээр хэлснээ тодруулахгүй юу?
-Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Стандарт хэмжил зүйн тухайн хуулийг шинэчлэн боловсруулах чиглэлийг Засгийн газарт УИХ-аас өгсөн. Засгийн газраас эдгээр хуулиудаар нэлээд асуудлыг тодорхой болгож оруулах байх. Ер нь бол Зөвшөөрлийн хууль дангаараа хэрэгжих боломжгүй хууль шүү дээ. Одоо 918 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг байсан бол 350 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг болно. Мөн стандартын шаардлага хангаж л байгаа бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байх тал руу явна гэсэн үг. Тэгэхээр стандартын хуулиа шинэчлээд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулна. Тэр зөвлөл нь гурван жил тутамд аудит хийх юм. Стандартын хуулиа шинэчилсний дараа аудитаа хийгээд дахиад хасч болох зөвшөөрлүүдээ хасаад яв гэж байгаа юм. Олон улсын практикаас харахад зөвшөөрлийн хууль нь 200-250 зөвшөөрөлтэй байдаг юм билээ. Бид энэ 350 зөвшөөрлөө дахиад цөөрүүлэх боломжтой гэсэн үг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилдэг 800 гаруй хууль байгаа. Тэрнээс зөвшөөрлийн харилцаа зохицуулдаг 200 гаруй хууль байна. Эдгээр хуулиас 40 нь нарийн зохицуулалттай. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Банкны тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмал, газрын тосны хууль гэх мэтчилэн зөвшөөрлийг яаж олгох талаар нарийн зохицуулалтай 40 хууль бий. Үлдсэн 160-аад хууль нь нарийн зохицуулалттай, зүгээр ийм зөвшөөрөл байна гээд заачихсан. Тэр хуулиуд болохоор энийг дагаж, мөрдөж нарийн зохицуулалтуудаар энэ процессыг хуулиуддаа шигтгэж оруулах ёстой болно гэсэн үг. Хуульгүй байгаануудад нь болохоор нэмж хуулийин зохицуулалтыг бий болох ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хууль үйлчилж эхлэхээс өмнө нарийн зохицуулалтгүй байгааг нь хуульчлах ёстой. Тэрнээс журмаар биш.
-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар авлига буурна гэж төсөөлж байгаа бололтой. Ямар үр дүн хүлээж болох вэ?
-Монгол Улс авлигын индексээр 2021 онд 180 орноос 111-т орсон байгаа. Бизнесийн орчноор 81-т жагсдаг. Гүрж улс зөвшөөрлийн хуулиа 2004 онд баталснаас хойш бизнесийнхээ орчноор дэлхийд долоод эрэмбэлэгдэж байна. Харин авлигын индексээр 2005 онд 130-д жагсаж байсан бол өнөө жил 30 руу орсон байна. Тэгэхээр зөвшөөрлийн тоо нь авлига, хүнд суртал, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг тэлэхтэй шууд холбоотой байдаг. Хоёрдугаарт, шударга өрсөлдөөний зарчмыг оруулж ирэх нь өөрөө авлигыг бууруулах хөшүүрэг нь болж өгдөг. Байгалийн хязгаарлагдмал нөөцийн зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өгдөг болсноор ядаж олон нийтэд зарлана. Ил тодоор сонгон шалгаруулалтаа явуулж, зөвшөөрөл олгодог болно гэсэн үг.