Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.
-Эрчим хүчний асуудал “толгойны өвчин” болоод удлаа. Салбарын сайд нь ирэх өвөл хязгаарлалт хийж болзошгүй гэх түгшүүртэй мэдээлэл өнгөрсөн хавар өгч байсан. Ирэх өвөл нийслэлчүүдийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?
-Монголчууд бидний түүний дотор төр засгийн үүсгэсэн толгойны өвчин. Эмчилгээ хийхгүй бол цаашид улам хүндрээд хорт хавдраар бол IV үедээ орчих вий гэж санаа зовж явдаг. Ирэх өвлийн хувьд Н.Тавинбэх сайд хязгаарлалт хийж болзошгүй тухай хэлж байсан нь үнэн. Тэрээр энэ зунаас үнэ нэмэх талаар шургуу ярьж байсан нь салбарыг эмчилж эхлэх цаг болсныг мэдэрсэн хэрэг. Миний бодож байгаагаар ирэх өвлийг яаж ийгээд давна л даа. Өнөөдөр салбарын чадлын дутагдал өнгөрсөн жилтэй харьцуулахад их нэмэгдсэн байгаа. ДЦС-4 дээр 120 МВт-ын блок трансформатор гэмтсэнээс ажилгүй болчихсон. Залуус маань шинэ трансформатор оруулж ирэх гээд бөөн ажил болж Орос-Украины асуудлаас болж саад бэрхшээл ихтэй байх шиг. Өвлөөс наана амжаасай билээ. Ер нь ирэх өвөл гэсэн ойрхны асуудлаас гадна цааших өвлүүдийг яаж давахыг бодох хэрэгтэй. Энэ нь цахилгаан, дулааны үнийг нэмэхээс эхлэх ёстой. Тэгэхгүй бол тэг зогсолт хэзээ нэгэн цагт болж л таараа.
-Эрчим хүчний салбар хүнд нөхцөлөөс гарах хамгийн ойрын гарц юу вэ?
-Монгол Улс өөрийн эх үүсвэрээрээ чадлын дутагдлыг нөхөж чадахгүй учир импортоо нэмэх, бэхжүүлэх хэрэгтэй. ОХУ-аас авч болох чадал дээд хэмжээндээ тулчихсан байгаа. 345 МВт чадал тодорхой хугацаагаар авч болно гэсэн үг. БНХАУ-Оюу толгойн 220 кВт-ын агаарын шугамыг төслийн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх хэрэгтэй. Тодорхой техник, зохион байгуулалтын арга хэмжээ энэ шугамаар авах чадлаа нэмж болно. Зөвхөн Оюу толгой биш, бусад чухал хэрэглэгчийг энэ шугамд уях хэрэгтэй.
-Засгийн газрын хуралдаанаар саяхан эрчим хүчний тарифыг нэмэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн шүү дээ. Ер нь хуулиар Засгийн газрыг оролцуулахгүйгээр тарифыг шийдэх бүрэн боломжтой гэх юм. МАН ард түмэнд таалагдах гэж шийдвэр гаргаад байна уу?
-Анх бид 1998 оноос Эрчим хүчний тухай хууль хийж байхдаа Эрчим хүчний зохицуулах байгууллагыг УИХ-ын мэдлийн байгууллага байх, зохицуулагчдын томилогдох, ажиллах хугацааг сонгуулиас зөрүүлэх гэх мэтээр нэлээд чухал санаануудыг оруулсан л даа. Гэтэл 2001 онд батлагдсан хуульд Засгийн газрын байгууллага болгочихсон юм. Засаг үнийн асуудалд оролцоод байгаа нь хууль зөрчсөн асуудал биш ч үнэ нэмэхийг хойшлуулаад байгаа нь түрүүн хэлсэн шиг муу үр дагавартай.
-Эрчим хүчний салбар дахь төсөл хөтөлбөрүүд урагштай байгаа гэж байсан. Ойрын хугацаанд хэрэгжих эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт юу байна вэ?
-Таван толгойн дахин зарлагдсан тендерт оролцогч орж ирэх эсэхийг би тааж хэлж чадахгүй. Багануур өчнөөн саад бэрхшээл дундуур явж явж санхүүжилт нь гацсан сураг байсан. Эрдэнэбүрэнг бариулахгүй байх ашиг сонирхол маш хүчтэй хэвээр байна. Шинэ сэргэлтээр зөндөө төсөл яригдсан ч энэ жилдээ байтугай ирэх жилд ашиглалтад орчих төсөл алга. Цаашдаа яах нь санхүүжилтээс хамаарна.
-Эрдэнэбүрэнгийн УЦС ирэх намар эхэлнэ гэж байсан шүү дээ. Таван толгойн цахилгаан станц бас өнөө жил эхэлчихэж магадгүй гэж яригдаад байгаа. Шүүхийн маргаан нь дууссан гэв үү. Тэгэхээр Засгийн газар шууд хувийн хэвшлүүдийг татан оролцуулах эрх нь үүссэн гэсэн үг үү?
-Ерөөсөө хувийн хэвшилгүйгээр нэг ч төсөл явахгүй гэдгийг зоригтойгоор хэлчихье. Засаг хувийн хэвшлийг татан оролцуулах биш, тэд татагдаад ороод ирэх нөхцөлийг л бүрдүүлэх ёстой. Концесс гэдэг зүйл бол нэг их муу хэлээд байх зүйл биш шүү дээ. Хууль нь ч боломжийн. Барих-ашиглах-шилжүүлэх хувилбар эрчим хүчинд нэлээн нийцтэй юм уу гэж боддог. Эрдэнэбүрэн эхлээсэй гэж чин сэтгэлээсээ мөрөөдөж байгаа ч саад тотгор бүрэн арилсан гэсэн итгэл төрөхгүй л байна. Таван толгойн тухайд түрүүн хэлсэн дээр нэмэх юм алга.
-Цаасан дээр царцсан цахилгаан станцуудыг хэзээнээс амь оруулах бол. Түрүүнд таны хэлсэн Таван толгойн, Багануурын станцаас гадна Эгийн голын УЦС зэргийг асуумаар байна л даа. Мэргэжлийн хүний үгийг сонсъё?
-Хугацаа хэлэх хэцүү. Дор бүрдээ өөр өөр учир шалтгаантай. Тавдугаар ДЦС-ын оронд ДЦС-3 дээр 300 МВт чадалтай шинэ станц барих болсон. Оросууд ТЭЗҮ хийж байгаа. Гэхдээ оросуудын санал болгосон үнээр бол бүтэхээргүй л харагдсан. Энэ жилдээ багтаад яах нь мэдэгдэх байх. Багануурыг би дээр хэлсэн. Хятадууд нэг аргаа олох болов уу. Эгийн голын Биологийн олон зүйлд нөлөөллийн судалгааг дуусгана гэж Н.Тавинбэх сайд мэдээлж байсан. Одоо аль шатандаа яваа юм бол доо.
-Томоохон станцуудыг гацаагаад байдаг шалтгаан нь юу юм бэ. Хойд хөршийн бодлого яваад байна уу гэсэн хардлага нийгэмд бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Гацаах шаардлагатай гэж үзвэл чадна шүү дээ. Тэрэнд нь туслах монголчууд ч хангалттай бий.
-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр манай улс сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна. Нар, салхины нөөц арвин баялагтай орон хэрнээ төдийлөн массыг хамарч хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Сэргээгдэх эх үүсвэрийг төвийн системд их хэмжээгээр холбохоор чадлын зохицуулалт хүндрээд байгаа. ОХУ ч юмуу, БНХАУ-ын том системүүдэд ийм асуудал байдаггүй. Манай Монголын нэг ГВт илүүхэн чадалтай системийн хувьд “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг л юм болоод байгаа. Бух болохын тулд Эгийн гол, Шүрэнгийн УЦС нь хэрэгтэй байдаг. Харин сэргээгдэх чадлыг устөрөгч, метан хий зэрэгтэй хослуулбал энэ их бурхнаас заяасан нөөцөө их хэмжээгээр ашиглаж чадах боломж нээгдэнэ. Тийм учраас мань мэт нь нүүрсний давхарын метан болон устөрөгчийн хөгжилд өөрийгөө зориулаад 11 жил болж байна.
-Устөрөгчийн эрчим хүчний ирээдүйн талаар ярихгүй юу. Монгол ашиглаж байсан туршлага байдаг уу. Энэ салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхол ямархуу байдаг вэ. Цаашид манай улс устөрөгчийн эрчим хүчийг ашиглалаа гэхэд хууль гаргах шаардлагатай юу?
– ДЦС-4 1983 оноос устөрөгч үйлдвэрлэж генераторын хөргөлтөд ашиглаж байна. Гэтэл устөрөгч бол нэг кг нь 27800 ккал илчлэгтэй, шаталтын бүтээгдэхүүн нь ус байдаг онцлог шинж чанартай түлш юм. Уснаас гаргаж аваад шатаахад эргээд ус болдог энэ түлш өнөөдөр дэлхийн тренд болж байна. Сэргээгдэх эх үүсвэр ашиглаж ногоон устөрөгч гаргаад түүнийгээ хийн турбинд шатаах замаар цахилгаан системийн нар, салхины чадлыг шингээх чадварыг хэд дахин нэмэх тийм үе ирээд байна. Хөрөнгө оруулагчид аль хэдийнэ ороод ирчихсэн байна. Засгийн газраас хөрөнгө шаардлагагүй, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар явагдах төслүүд. Гэхдээ Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Бидний судалгаагаар шинэ хууль шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Тайланг ЭХЯ-нд өгсөн байгаа.
-Дэлхий дахинд нэвтэрч байгаа эрчим хүч гаргаж авах шинэ шийдлүүдийн талаар сонирхуулахгүй юу?
-Бүр шинэ гэвэл ARES гэдэг төмөр замын цахилгаан станц байна. Чадал илүүдсэн үед хөдлөх бүрэлдэхүүнийг цахилгаан хөдөлгүүрийн горимоор өндөрлөг газар гаргаад чадлын дутагдалтай үед генераторын горимоор доош нь буулгаж цахилгаан үйлдвэрлэх юм. Одоо АНУ-д туршигдаж байна. Усгүй УЦС л гэсэн үг, адилхан гравитацийн хүчийг л ашиглаж байгаа учир. Халуун цөмийн урвалыг хэлж болох юм. Хэт халууныг тэсвэрлэх материал гарчихвал хөгжих гээд байж байна. Ер нь маш олон технологи туршилтын шатанд байгаагаас устөрөгчийн эрчим хүч л сүүлийн хэдэн жил маш их яригдаж, судлагдаж, туршигдаж байна. XXI зууны эрчим хүчний гол шийдэл гэдгийг дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч устөрөгчийн хөгжлийн стратегийн бичиг баримтаа батлан бодит ажил болгох замдаа шуудран ороод байна.