Өнөөдөр “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” тохиож байна. Олон улсын төмөр замын холбоо /UIC/-ноос жил бүр зохион байгуулдаг уг өдрийг тус холбооны гишүүн “Улаанбаатар төмөр зам” ХНН 2013 оноос хойш идэвхтэй тэмдэглэж иржээ.
Уг өдрийг угтаж төмөр замын гарам дээр гарч байгаа осол зөрчлийг бууруулах асуудлаар уулзалт зөвлөгөөн, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулахаас гадна гармыг иж бүрэн тоноглож, тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, гэрлэн дохио, зарлан мэдээлэх төхөөрөмж зэрэг хаалт, хориглолын системүүдийг шинээр суурилуулж орчин үеийн стандартад нийцүүлэх ажлыг хийж ирсэн байна.
Энэ жил “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс БГД, СХД-ийн ЗДТГ, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зэрэг төр, захиргааны байгууллагуудтай хамтран “Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөн, хүүхэд залуусын дунд төмөр замын гармын сэдвээр гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, иргэд олон нийт рүү чиглэсэн ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулснаас гадна нийслэлийн 2, хөдөө орон нутгийн 3 гармын техникийн нөхцөлийг сайжруулж, тоноглож шинэчилжээ.
Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж зохион байгуулсан ажлаа өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар болон бусад хамтран ажилладаг байгууллагуудтайгаа дүгнэлээ. Энэ үеэр Толгойт өртөөний “Улаанбаатар импекс”-ийн гармын техникийн нөхцөлийг сайжруулж шинэчлэн тоноглосныг хүлээн авч нээх ёслол болов. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн Сайншанд-Зүүнбаян хоорондын 7-р км-ийн, Салхит-Хөтөл хоорондын 21-р км-ийн, Айраг-Бор-Өндөр хоорондын 57-р км-ийн гармуудыг шинэчлэн тоноглож жишиг гарам болгосныг хүлээн авч нээх ёслол боллоо.
Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн эдгээр ажлын үр дүнд сүүлийн жилүүдэд гарам дээр гарсан осол зөрчлийн тоо 50 хувиар буурсан судалгаа гарчээ. Судалгаанаас харахад гарам дээр гарсан нийт осол зөрчлийн 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг бол 2 хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан байна.
Ташрамд сонирхуулахад УБТЗ-ын гол зам болон салбар замуудад нийт 288 төмөр замын гарам байдгаас 172 нь буюу нийт гармын 61,4 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт байдаг. Нийт гармын 122 нь өндөр ачаалалтайд тооцогддог. Эдгээр өндөр ачаалалтай гармуудын 24 нь жижүүрийн зохицуулалттай, 98 нь автомат болон тэмдгийн зохицуулалттай. Нийслэлийн хамгийн өндөр ачаалалттай Таван шарын буюу 396-р км-ийн гармаар хоногт 61,350 автомашин нэвтрэн өнгөрдөг бол Дүнжингаравын буюу 407-р км-ийн гармаар хоногт 67,780 автомашин нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо байна. Галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж, гармын эзэлгээтэй хугацаа уртсаж байгаа үед төмөр зам авто замтай огтлолцож буй хэсгийг ижил бус түвшинд огтлолцуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ нь, нэг талаас нийслэлийн авто тээврийн түгжрэлийг багасгах, нөгөө талаас иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш чухал юм.
Гэсэн ч бүх гармыг ийм түвшинд хүргэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай тул өнөөдөр төмөр замын гармаар нэвтрэхдээ жолооч , явган зорчигч та “ЗОГС, ХАР, СОНС” гурван дүрмийг ягштал баримталж, төмөр замын аюултай бүсээр нэвтрэн өнгөрөхийг сануулж байна.