Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой ярилцлаа.
-Цар тахал, дайны нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн бус байгаа. Та эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахалтай нүүр тулаад гурав дахь жилээ өнгөрөөж байна. Цар тахлын эхэн үе дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, тархалтыг хумих, аль болох эрт вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд вакцинжуулалтад харьцангуй эрт хамрагдаж, дотоодын хөл хориог эртнээс сулруулж эдийн засгаа нээсэн. Манай улсын эдийн засаг цар тахлаас өмнөх гурван жилд дунджаар 6.3 хувиар өсч байсан бол 2020 онд 4.6 хувиар агшсан. Хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионы улмаас ажиллагсдын тоо 2020, 2021 онуудад эрс буурсан. Харин 2021 онд Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амаа вакцинжуулалтад хурдтай хамруулсны үр дүнд дотоодын хөл хориог сулруулснаар эдийн засгийн үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж, ДНБ 1.4 хувиар өссөн. Эдийн засаг эргэж сэргэсэн хэдий ч дотоод гадаадын шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. 2021 оны бодит ДНБ нь 2019 оны түвшинд хүрээгүй хэвээр байна. Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт -3.8 хувьтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-д цар тахлын тархалт идэвхтэй байгаатай холбоотойгоор хилийн боомтуудын үйл ажиллагаа саатаж, түүхий эдийн экспорт буурсан байна. Харин өмнөх оны мөн үед дотоодын эдийн засагт хатуу хөл хориотой байсны улмаас өрхүүдийн хэрэглээ хумигдаж байсан бол энэ он гарсаар өрхүүдийн хэрэглээ сэргэсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн дотоод эрэлт эргэж сэргэх хандлагатай байна. Гэтэл цар тахлын эрсдэл, өмнөд хөршийн хатуу дэглэмээс гадна ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон зарим үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт саатаж байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын инфляцийн түвшин өндөр болсон байна. Түүхий эдийн экспорт буурч, газрын тосны үнэ нэмэгдсэн нь манай улсын валютын нөөцийг бууруулж, төгрөгийн ханш сулрахад дарамт үзүүлж байна.
-Өмнө нь манай улс төдийгүй дэлхий дахинд хэд хэдэн удаа эдийн засгийн томоохон хямрал нүүрлэж байсан. Цар тахлаас үүдэлтэй энэ хямрал нь өмнөх хямралуудаас юугаараа ялгаатай байна вэ?
Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь 2008 болон 2016 оны хямралаас илүү гүнзгий буюу эдийн засгийн илүү олон төрлийн нөлөөнд өртөж байна. Дэлхий нийтээр логистикийн саатал бий болж, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Инфляцийн түвшин өндөр, хөдөлмөрийн зах зээлийн идэвх сул байгаа нь орлого багатай иргэдэд очих хүндрэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газар богино, дунд хугацаанд иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ядуурлаас сэргийлэх зорилгоор инфляцийг хязгаарлахад илүү анхаарч ажиллах шаардлага тулгараад байна. Монголбанк нь бодлогын хүүгээ он гарснаас хойш хоёр ч удаа нэмэгдүүлж есөн хувьд хүргэсэн. Харин Засгийн газраас нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү, олон нийтэд нээлттэй, төв банктай ойлголцож ажиллахыг хичээж байна.
-Засгийн газраас инфляцийг бууруулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газар тээвэр, логистикийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн нийлүүлэлтийн гаралтай инфляийг дунд, урт хугацаанд тогтвортой бууруулах, хязгаарлахын тулд хоёр үндсэн нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь чухал байна. Нэгдүгээрт, хүнс болон өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хүрээнд нийлүүлэлт, нөөцийн нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, аюулгүй байдлын стандарт мөрдүүлэх, нийлүүлэлтийн логистик сүлжээг тогтвортой зохион байгуулах юм. Манай улсын өрхийн өргөн хэрэглээний 45 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь бусад улсуудтай харьцуулахад өндөр байна. Цар тахлаас өмнө импортын барааны үнийн өсөлт манай улсын нийт инфляцийн 1/3 -ийг бүрдүүлдэг байсан бол одоо ½-ийг бүрдүүлж байна. Импортоос өндөр хамааралтай байх нь, ялангуяа анхдагч хэрэглээний, стратегийн бүтээгдэхүүнүүд дээр өндөр хамааралтай байх нь гадаад шокод өртөх эрсдэлтэйг энэ удаагийн хямрал тодоор харуулж байна. Иймд дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, богино дунд хугацаанд сүү, хүнсний ногоо, нарийн ногоо, тахиа, гахайны мах, ургамлын тос, бяслаг, масло зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр эцсийн хэрэглээ дэх дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээний жинг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн инфляцийн дарамтыг бууруулах боломжтой байна. Мөн дунд, урт хугацаанд автобензин, дизель түлшний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь чухал.
-Нийлүүлэлтийн инфляцийн дарамтыг бууруулахын тулд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж болох ямар тогтолцоо байна вэ?
-Цар тахал болон геополитикийн хямралын үеийн тодорхой бус байдлыг далимдуулсан үнийн өндөр өсөлт бий болсон нь манай яамны анализ, судалгаанаас харагдаж байна. Үүнтэй уялдуулж олон жил яригдаж шийдлээ хүлээсэн асуудлын нэг болох хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн зохистой шийдэл бий болгох, далимдуулсан үнийн өндөр өсөлтийг бий болгож буй ченжийн үр ашиггүй байдлыг хязгаарлах шаардлагатай юм. Будаа, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн хувьд манай улсын хэрэглээ импортоос бүрэн хамаарч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай улс цаг агаарын нөхцөл байдлын улмаас нэгэнт үйлдвэрлэх боломжгүй учир цаашид үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд нийлүүлэлтийг нь тогтвортой хангах зохион байгуулалт, тарифын бодлого чухал ач холбогдолтой. Үүний шийдэл нь стратегийн хүнс болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлж, аюулгүй, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Ийнхүү нийлүүлэлт, нөөц, ложистикийн нэгдсэн тогтолцоог богино хугацаанд бий болгосноор инфляцийн дарамтыг бууруулах боломжтой. Ийм төрлийн хууль эрх зүйн орчныг Солонгос, Япон, Сингапур зэрэг дэлхийн олон улс оронд бүрдүүлсэн байдаг.
-Таны хэлж байгаа нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн тогтолцоо хэрхэн ажиллах юм бол. Уг системийг амжилттай нэвтрүүлбэл ченжүүдийн гар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой гэж ойлгох нь зөв үү?
-Нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системийг гаалийн байгууллага дээр хэрэгжиж буй бараа, бүртгэлийн систем, татварын удирдлагын нэгдсэн систем, цахим тайлангийн систем, и-баримтын систем дэх мэдээллүүдийг нэгтгэх замаар бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, будаа импортлогч нь гаалийн байгууллагад оруулж ирж байгаа будааны хэмжээ, үнийг мэдүүлэх ба энэ мэдээлэл нь нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системд давхар хадгалагдана. Тухайн импортлогч нь и-баримтын системийг ашиглан жижиг дэлгүүр, супер маркетуудад эсвэл бүр эцсийн хэрэглэгчид борлуулалт хийнэ. И-баримтаар борлуулалт хийгдсэн мэдээлэл мөн нийлүүлэлт, логистикийн нэгдсэн мэдээллийн системд хадгалагдах учир Засгийн газар нь стратегийн бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлт ямар түвшинд байгаа талаар бүрэн мэдээлэлтэй байна.Уг систем нь ченжүүдийн үйл хөдлөлийг хязгаарлах боломжтой байх учир эцсийн хэрэглэгчид очих үнийг тодорхой түвшинд хязгаарлах, орлого багатай иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахад хувь нэмэр оруулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь зарим чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн сүлжээг удирдах, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
-Тэгвэл цаашид нийлүүлэлтийн шалтгаант үнийн хөөрөгдөл гарах нөхцөл буурах нь ээ?
-Яг тийм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нийлүүлэлт, логистикийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлснээр нийлүүлэлтийн шалтгаантай инфляци илүү тогтвортой, удирдагдахуйц болно гэж ойлгож болно
Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь нийлүүлэлтийн инфляцийг тогтворжуулах үндсэн дэд бүтэц гэж ойлгож болно. Тухайлбал, импортын бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь валютын ханшийг өөрчлөлт болон гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийг дагасан дотоодын үнийн өсөлт намжина. Мөн дотоодод үйлдвэрлэх боломжгүй стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцийн мэдээллийг нэг системд оруулснаар Засгийн газар цаашид ченжүүдийн хэт ашигч үйл хөдлөлийг халах, бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх боломжтой болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн тогтвортой байдлыг хангасанаар цаашид нийт инфляцийг төв банк мөнгөний бодлогоороо дамжуулан үр ашигтай удирдах боломжтой болно. Энэ тохиолдолд бид Монголбанкийг цаашид илүү хариуцлагажуулж, инфляцийг тогтворжуулах үр дүн нэхэх боломжтой болно.
-Уг системийн хүрээнд дотоодод үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үр ашигтай зохион байгуулах боломжтой юу. Тухайлбал, мах сүүний хувьд…?
-ГТСМТТ буюу бидний хэлж заншсанаар и-баримтын системийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг удирдах технологийн дэд бүтцийг бий болгосон. Уг системийн хүрээнд малчид сүүгээ ченжүүдэд биш, дотоодын үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлснээр тодорхой хэмжээний урамшуулал хүртдэг. Дотоодын үйлдвэрлэгчид нь малчдаас сүүг шууд худалдан авснаар эцсийн хэрэглэгчдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэх боломжтой. Энэ систем нь махны хувьд, мөн бусад дотоодод үйлдвэрлэгдсэн стратегийн бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд ажиллах боломжтой юм. Ингэснээр цаашид зах зээл дээрх үнэ илүү үйлдвэрлэлийн өртөгт суурилсан шинжтэй болж, ченжүүдийн дураараа тогтоодог үнийн өсөлтөөс сэргийлнэ.
-Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаарх асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөгддөг. Уг системийн хүрээнд хүнсний эрүүл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах боломж байна?
-Яг тийм. Одоогоор бидний ярилцаж, хөгжүүлж байгаа системүүдийн хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах харилцааг бүхэлд нь цахимжуулах дэд систем хөгжүүлэгдэж байгаа. Уг системийн хүрээнд тусгай зөвшөөрөл авсан этгээдийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг байнга хянаж байх шалгуур үзүүлэлтүүд байна. Тухайлбал, татвараа төлж байгаа эсэх, борлуулалт хийж байгаа эсэх зэрэг. Энэ төрлийн хяналт нь үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нэг чухал хэсэг юм.