Архангай аймгийн төрийн 13 байгууллагын 51 үйлчилгээ цахим буюу Е-Mongolia-д орлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран төрийн байгууллагуудын цахимд шилжсэн шинэ үйлчилгээнүүдийг танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Тухайлбал, аймгийн ИТХ, ЗДТГ болон Эрдэнэбулган сумын ЗДТГ, ЭМГ, ОБГ, ЦГ, ХХААГ, БОАЖГ, УБХ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Музей, Авто тээврийн төв, “Ар-Ус Ундарга” ХХК, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг 13 байгууллагаас гардаг зарим үйлчилгээ цахимжлаа.
Жишээ нь, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх дугаар захиалахдаа, авто машиныхаа татварыг төлөхдөө, ус ашиглах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авахдаа, гадаа паспорт захиалахдаа та өөрийн биеэр сумаас аймаг явалгүйгээр E-Mongolia утасны аппликейшнийг ашиглан гэрээсээ авах боломж бүрдлээ. Эсвэл өөрийн харьяа сумынхаа ЗДТГ-т очиж E-Mongolia сайтаас авах боломжтой юм.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд “Тоон гарын үсэг” олгов.