Categories
мэдээ улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны эрсдэлийн даатгалыг эрх зүйн зохицуулалттай болгох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын даргын 2022 оны наймдугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй цуврал хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудыг хийж байгаа. Өнөөдөр эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаарх “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн даатгалын хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа эрсдэлд орж, эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдлууд гардаг. Тухайлбал, мэс заслын эмч, сувилагчдын нүдний салст руу хагалгааны явцад цусны дусал үсрэх, мэс заслын бохир багажид хатгагдах зэргээс болж элэгний В, С вирусийн халдвар авч, цаашлаад элэгний хатуурал, хавдраар өвдөх эрсдэлтэй болдог. Иймд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн даатгалын асуудлыг хөндөж, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн онцоллоо.

Мөн тэрбээр, “Хариуцлагын даатгалын асуудлын тухайд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлж, шүүх, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс илүү эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг олон улсын сайн туршлагуудыг судлах ёстой. Ингэснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд учрах сэтгэл зүйн болон санхүүгийн дарамтыг багасгаж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг чирэгдэлгүй нөхөн төлөх давуу талтай болно” хэмээн тэмдэглэв.

Гадаадын зарим улс оронд “буруутгах” болон “үл буруутгах” зарчим үйлчилж байна. “Буруутгах” тогтолцоотой орнууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлдөг бол “Үл буруутгах” тогтолцоотой орнуудын хувьд хэрэгцээнд тулгуурлан хохирлыг даатгалаас нөхөн төлдөг зохицуулалттай байдаг аж.

Манай улсад нийт 4,952 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. 2002-1,017 онуудад улсын хэмжээнд 102 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 204 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуулийн байгууллагад шалгагдсан байна. Эмнэлгийн мэргэжлийн салбарт гарсан нийт зөрчлийн 30 хувийг эх барих, эмэгтэйчүүдийн, 20.3 хувийг яаралтай түргэн тусламж, сэхээн амьдруулах, 14.4 хувийг мэс засал, 7.5 хувийг хүүхдийн өвчин судлалын зөрчил эзэлж байгаа.
зураг

Эмч, мэргэжилтнүүдийг эрсдэлээс хамгаалах, хариуцлагажуулахад даатгал чухал үүрэгтэй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах нь зүйтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

Олон улсад мэргэжлийн хариуцлагын даатгалын дөрвөн шалгуур байдаг байна. Тодруулбал,

  1. Эмнэлэг эсхүл эмч үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч үйлчилгээ авах гэрээний харилцаа буюу үүрэг/ хариуцлага үүссэн байсан эсэх,
  2. Эмнэлэг / эмч үйлчилгээгээ үзүүлэх явцад алдаа, зөрчил гаргасан эсэх,
  3. Тухайн алдаа, зөрчил нь нэхэмжлэгчид учирсан хохирлын шууд эсхүл хамгийн ойрын анхдагч шалтгаан мөн эсэх,
  4. Хохирлын хэмжээ, үнийн дүнг тогтоож болохуйц эсэхийг тогтоодог.2022 оны нэгдүгээр улиралд Эрүүл мэндийн яаманд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын 32.6 хувийг эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой, 8.2 хувийг эмч, ажилчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой, 59.2 хувийг бусад асуудлууд эзэлжээ.Өнөөдрийн байдлаар эмнэлгийн байгууллагын хариуцлагын даатгалын үйлчилгээг 3 компани, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын үйлчилгээг 4 даатгалын компани үзүүлж байна.

2021 оны байдлаар сайн дурын байгууллагын хариуцлагаа даатгуулсан эмнэлгийн байгууллагатай 197 орчим сая төгрөгийн 89 гэрээ байгуулсан байгаагаас 19 сая төгрөгийн 14 гэрээний нөхөн төлбөрийг төлсөн байна. Харин сайн дураар эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагыг даатгуулсан эмнэлгийн байгууллагатай 124 орчим сая төгрөгийн 53 гэрээг байгуулсан. Үүнээс 2 гэрээний нөхөн төлбөрт 347 орчим сая төгрөг төлжээ. Энэ нь нийт хариуцлагын даатгалын 1.6 хувийг эзэлж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга З.Батболд хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрүүл мэндийн салбарт мэргэжлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ албан журмын болон сайн дурын даатгалын хэлбэрийг хослуулах, хохирлын хэмжээ болон эмч мэргэжилтнүүдийн буруутайг эсэхийг тогтоох субъектийг тодорхой заах хэрэгтэй гэлээ. Мөн даатгалын хураамжийн хэмжээг цалин хөлс, инфляцтай уялдуулан тогтоох, эмч, мэргэжилтнүүдэд хууль зүйн туслалцаа авахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд шийдэл олох шаардлагатай байгааг сануулав.

Эмч, мэргэжилтнүүд дангаараа хариуцлага хүлээх боломжгүй. Ажиллах хүчний хомстол, ажлын нөхцөл байдлаас шалтгаалан нэг хүнд хэт их ачаалал ирдэг. Нөгөө талаар алслагдсан сум, багт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд олон бэрхшээл тулгардаг зэргийг харгалзан үзэх талаар хэлэлцүүлэгт оролцсон эмч, мэргэжилтнүүд саналаа хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *