Гадаад Харилцааны Яамнаас БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан тус хотын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр PCR шинжилгээгээр COVID-19-ийн дөрвөн тохиолдол илэрсэн тул хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.
Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн хотын нийт иргэдээс PCR шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна. Зарим иргэн хүнсээ бэлдэж эхэлсэн байдалтай байна.
Одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.