“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ Бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хөдөлгөөнийг хаах тул тухайн өдөр троллейбусны үйлчилгээ үзүүлдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.