Categories
мэдээ нийгэм

Судсан дотуурх мэс заслын үндэсний багийнхан Өвөрхангайн БОЭТ-д ажиллаж байна DNN.mn

Судсан дотуурх мэс заслын үндэсний багийнхан Өвөрхангайн БОЭТ-д ажиллаж байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат хэрэгслийг суурилуулсан. Эдгээр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг эмчилгээнд бүрэн ашиглах, үр дүнтэй ашиглалтыг сайжруулах зорилгоор лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг оношилгоо хийн, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор энэ удаа Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгүүд хамтран үндэсний хэмжээний мэргэшлийн баг бүрдүүлэн тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Энэ удаа судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн БОЭТ-д зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх, эмэнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчний үеийн бөөрний мэдрэлжүүлэлтийн судсан дотуурх оношилгоо, захын судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежмент болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.

Эмч нар хамтарч 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр Зүрхний цочмог шигдээсээр хүргэгдэж ирсэн 59 настай үйлчлүүлэгчид яаралтай цусны урсгал нээж, тэлэгч тавих эмчилгээг хийж, тархины судсан дотуурх оношилгоог таван эмчлүүлэгчид хийгээд байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежментийн сургалтуудыг зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *