Хятадын удирдагч Си Жиньпин тархины аневризм буюу тархины судас цүлхийх өвчнөөр өвдсөн тул уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх хүсэлтэй байгаа тухай “Daily mail” мэдээлэв. Тэрээр өвчнөө эмчлүүлэх мэс засалд орохыг хүсэхгүй байгаа аж. Өдгөө 68 настай удирдагч уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг тул тархины мэс засал хийлгэхээс татгалзаж магадгүй байна. Өнгөрсөн оны сүүлээр эмч нар түүний тархины судас цүлхийснийг илрүүлсний дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэж “ANI” агентлаг урьд нь мэдээлж байсан. “Ковид-19” цар тахлын эхэн үед Хятад улс уламжлалт анагаахын эмчилгээг экспортлохоор ажиллаж байсан. Си энэ кампанит ажлыг дэмжигчдийн гол төлөөлөгчдийн нэг байсан ажээ.Путины нэгэн адил Си Жиньпиний эрүүл мэнд үргэлж нууцлагдмал байсаар ирсэн. Цар тахлын анхны давлагааны үеэр Шэньжэнь хотод цугласан олонд хандаж үг хэлэхдээ түүний яриа удаан байсан бөгөөд ханиалгаж байсан гэж ажиглагчид хэлжээ. Түүнээс өмнө 2019 онд Италид айлчлах үеэрээ Си Жиньпин илт доголсон тохиолдол ч байсан гэнэ.
“The Washington post” сонины энэ сарын 11-ний дугаарт Си Жиньпин өөрийн хүсэлтээр албан үүргээ ерөнхий сайддаа шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд ХКН-ын ирэх их хурлаар суудлаасаа буухаар болоод байна хэмээн бичсэн байна. Ирэх аравдугаар сард Хятадын коммунист намын ээлжит их хурлаар Си Жиньпинийг улираан сонгох эсэхийг шийдэх бөгөөд сүүлийн үед ковидын хөл хорио тогтоох үр дүнгүй шийдвэр гаргасан хамгийн гол нь Хятадыг барууны улсуудын эсрэг байр сууринд аваачсан буруу бодлого явуулсан учир түүнийг дахин сонгохгүй байх магадлал өндөр болсон хэмээн үзэгчид цөөнгүй болоод байгаа билээ.