Хахир хатуу хаврын дараа дэлгэр сайхан зун ирнэ гэдгийг мэддэг учраас хүмүүс итгэл найдвараа алддаггүй. Шороон шуурганд хийстлээ нүдүүлэвч зөөлөн борооны үнэрийг сэтгэлдээ тээж явдаг билээ. Ерөөс итгэл найдвар гэгч хүмүүн төрөлхтнийг төдийгөөс өдий хүргэсэн аугаа их шид юм.
Өвдсөн хүн эм уугаад эдгэнэ гэдэгтээ итгэдэг. Бүдэрсэн хүн дахиж ийм алдаа гаргахгүйгээ мэддэг. Хүлээсэн хүн нь ирнэ гэдэгт итгэдэг учраас хэн нэгэн замын дундаас цөхөрч буцсангүй. Ээж нь хүүгээ алсад үдэхдээ хамаг эрдмийг хамж сураад ирнэ гэдэгт эргэлзэж байсангүй. Ийм л итгэлийн тойргоос гажиж далийсан хүн үгүй юм. Тиймдээ ч өнөөдөр бүтэлгүйтсэн ч маргааш илүү сайн болно гэдэгт хэн хүнгүй ямар ч эргэлзээгүй итгэдэг юм.
Өнөө өглөөхөн болсон нэгэн яриа ч итгэл гэгч ямар хүчтэй болохыг батална. Орос, Украины дайнаас болоод түүхий эдгүй болох дөхсөн компанийн захирал “Яаж ийж байгаад түүхий эдээ татаад авчихвал манай бизнес бүр л томорно” гэж ярьж байх.
Дэлхий нийтэд хаалгаа хаасан Оросоос Монголын бизнесмэн түүхий эдээ яаж ийж байгаад татаж авах нь тодорхой юм. Яагаад гэвэл түүнд дүүрэн итгэл байна. Бизнес нь ч томрох нь ойлгомжтой.
Орой унтахдаа хүмүүс маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэдэг. Маргаашийн нар илүү тод гэрэлтэнэ гэдэгт ч итгэдэг билээ.