“G7” гэгддэг “Их долоо”-гийн улсууд нэгдэн Оросын газрын тосны импортоос аажмаар татгалзах, эсвэл хориглох үүрэг хүлээцгээв. Энэ тухай “G7”-ийн улсуудын удирдагчдын цахим бага хурлын дараа нийтлэгдсэн Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.
Учир нь Европын Холбооны байнгын төлөөлөгчид хэд хоног хэлэлцсэний эцэст Оросын эсрэг нефтийн хориг тавих тухай нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зарим улсын нефть хангамжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг судлах ажил эхэлсэн гэж тус холбооны Зөвлөлийг даргалж буй Франц улс болон Европын Комисс тавдугаар сарын 8-нд мэдэгдээд байна. Мөн тэд сүүлийн хэдэн өдөр харилцан буулт хийх саналуудыг идэвхтэй хэлэлцэж, үр дүнд нь томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг онцолсон юм.
Тус цахим хуралд мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой хамт цахимаар оролцжээ. Энэ үеэр АНУ-аас Оросын Сбербанк, Газпромбанкны менежерүүд, түүнчлэн Оросын телевизийн гурван сувгийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна. “АНУ “Нэгдүгээр суваг”, “Россия-1”, “Телевизийн НТВ компани” гэсэн хамгийн олон үзэгчтэй, шууд болон шууд бусаар төрийн хяналтад байдаг гурван сувагт хориг арга хэмжээ авч байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. АНУ-ын эрх баригчид мөн цөмийн аж үйлдвэр зэрэг Оросын хэд хэдэн салбарт бараа бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Түүнчлэн Орос, Беларусийн 2600 албан тушаалтан шинэ хоригт өртсөнөөс гадна оросуудад зөвлөх, зар сурталчилгаа, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхийг АНУ-ын компаниудад хориглосон байна.
ХБНГУ “G7”-г даргалж эхэлснээс хойш тус бүлгийн удирдагчид гурав дахь удаагаа уулзсан нь энэ юм. Хурал Дэлхийн II дайн Европт дууссаны ойн үеэр болж байгааг Берлин дэх Холбооны засгийн газрын албан ёсны төлөөлөгч уулзалтын өмнө онцолсон байна.
Тэрээр 77 жилийн өмнө дууссан дайн Европ тивд урьд өмнө байгаагүй аймшигт үхэл, сүйрлийг авчирсан тул өнөөдөр “G7”-ийн эв нэгдэл “урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болоод байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Харин энэхүү уулзалтад оролцсон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Өнөөдөр Украинд газар нутгаа хамгаалаад зогсохгүй эзлэн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа хөөн гаргах зэр зэвсэг хэрэгтэй болоод байна” гэж мэдэгдсэн байна.
Г.АМАРСАНАА