Оюу толгой төслийн удирдах түвшний, өндөр мэргэшил чадвар шаардсан ажилд гадныхан голдуу ажилладаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ байдал өөрчлөгдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж буй энэ өдрүүдэд дэлхийн хэмжээний уг төслийн удирдлагын багт монгол залуус ажиллаж эхэлж байгаа нь яалт ч үгүй сайн мэдээ юм. Тэдний нэг бол Э.Мөнгөншагай. Оюу толгойн гүний Уурхайн Босоо Амны ашиглалт, ложистикийн менежерээр ажилладаг түүнийг “Шинэ цагийн монгол” буландаа урилаа.
-Таны Оюу толгойтой анх холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Би 2012 онд Оюу толгойн баяжуулахын төсөлд ажиллаж эхэлж байлаа. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн төсөл дээр ажиллаж байсан юм. Ерөнхийдөө уул уурхайн том машин, механизмын суурилуулалт тохируулгыг хариуцаж ажилладаг байсан л даа. Тэр ажил маань дуусаад байтал 2016 онд Оюу толгой уурхайд “бүүм” болсон. Залуу хүний хувьд тэсрэлт болж буй ийм гал тогоонд орж ажиллахыг хүссэн. Ингээд уурхайн талбарт ирж ажилласан юм. Өнгөрсөн хугацаанд гүний уурхайн босоо амны бүтээн байгуулалтууд өрнөлөө. Надаас “Жинхэнэ эх орончид гэж хэнийг хэлэх вэ” гэж асуувал ямар ч эргэлзээгүйгээр “Эх орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа залуус” гэж хэлнэ.
Бид дэлхийн хэмжээний уурхайн босоо амыг ашиглалтад орууллаа. Горимыг нь алдагдуулахгүй цааш аваад явах нь хамгийн том сорилт юм. -Таныг дороос удирдлагын түвшинд гарч ирж чадсан цорын ганц менежер гэж сонсоод уулзъя гэж зорилоо л доо. Монголчууд дэлхийн топ компанийн өндөр босгыг давж чаддаг гэдгийг харуулж яваагаар тань бахархаж байна. Ер нь Оюу толгойд монгол менежерүүд хэр олон байдаг бол?
-Надаас гадна гэвэл баяжуулах үйлдвэрт олон жил менежер хийж байгаад ирсэн монгол залуу бий. Миний хувьд одоогоор доод түвшнээс менежер болсон анхдагч нь гэх үү дээ. Монголчууд удирдлагын түвшинд ажиллаж чаддагийг харуулахын тулд үлгэрлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгойгоо монголчууд өөрсдөө удирдаж чадахгүй, гадныхнаар удирдуулаад явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг. Энд жинхэнэ ур чадварын цагаан буюу зөв, эрүүл өрсөлдөөн явдаг. Хэн ур чадвартай байна, тэр хүн тодорч гарч ирэх боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийдэг хүмүүст амжилт ойрхон байдаг. Түүнээс биш монгол, гадаад гэж ялгаварладаг хандлага Оюу толгойд байхгүй. Оюу толгойд ажилласнаар дэлхийн хэмжээний боловсон хүчин Монгол Улсаас төрж байгаа нь бидний хувьд маш том давуу тал. Манай баг гэхэд 300 гаруй хүнтэй. Канад, Австрали, Англи, Өмнөд Африкаас ирсэн залуус ч бий. Багийн бүрэлдэхүүний 30-аад хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн тусгай хэрэгцээт хүмүүс манай багийн бүрэлдэхүүнд нэгдэн амжилттай ажиллаад явж байна. Хүйсийн байдал, нийгмийн гарлаас үл хамааран тэгш боломжийг олгож, хөдөлмөр зүтгэлийг үр дүнгээр нь үнэлээд явдаг тогтолцоог бүрдүүлэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг. Ийм олон орны хүмүүстэй монголчууд маань хамт ажиллаад, гадны экспертүүдээс суралцаад, буцаагаад тэдэнд заагаад явж байгаа нь сайхан. Оюу толгойн гүйцэтгэх удирдлагаас оператор хүртэл монголчууд ажиллаж байгаад нь хамт олноороо үнэхээр бахархдаг. Дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтыг монголчууд босгож, хийж бүтээж чадаж байна гэдэг бол гайхамшиг.
-Таны удирддаг хүмүүсээс хэчнээн нь гадны иргэд вэ?
-Миний удирдлага дор ажиллаж байгаа 300 гаруй хүний дотор гадаадын 20-иод мэргэжилтэн байна. Хэлний бэрхшээлээс үл харгалзаад хоорондоо ойлголцоод ажиллаж чадаж байна. Аюулгүй ажиллагааг алдахгүй, хүний амь нас эрсдүүлэхгүй, бэртэл гэмтэл гаргахгүй явж байгаа нь том үзүүлэлт. Сониноос өнгөрсөн жил Оюу толгой аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр “Рио Тинто”-д номер нэгд шалгарсан. Монголчууд бусад орны хүмүүстэй хэрхэн яаж хамтарч ажиллаж чаддагийг, хэр өндөр чанартай ажилладгийг тодоор харуулсан үнэлэмж гэж бодож байна.
-Танай баг яг ямар ажил хариуцдаг юм бэ?
-Оюу толгой уурхай дахь газрын гадарга, дунд, гүнд нь гээд аль ч түвшинд үйл ажиллагаа явуулдаг баг л даа, манайх. Ерөнхийдөө гүний уурхайд таван босоо ам хэвийн үйл ажиллагаанд орох ёстой. Одоогоор гурван босоо ам ашиглалтад орсон. Үйлдвэрлэлийн ам маань дэлхийд топ гуравт орох өргүүрийн систем бүхий механизмтай. Өндөр даацын чадвартай гэсэн үг. Дэлхийн хэмжээний топ үйлдвэрлэлийн амны үйл ажиллагааг хариуцаад явж байгаа багийнхаа хамт олноор үнэхээр бахархдаг (инээмсэглэв).
-Газрын хөрснөөс километр гаруйн гүнд хүн, ачаа бараа тээвэрлэсэн машин механизмууд хөлхөлдөж байна гэхээр асар том бүтээн байгуулалт өрнөжээ. Хүн, машин нэмэгдэхийн хэрээр түгжрэл гэх мэт асуудлууд үүсэх үү?
-2016 онд төслийн үйл ажиллагаа буцаж сэргээд уурхайн амны үйл ажиллагаа маань нэлээд эрчимжиж эхэлсэн. Тэр үед ганцхан автобустай уурхайчдаа тээвэрлээд явж байсан. Харин одоо 15 автобусаар 90-ээд км нэвтрэлт хийсэн уурхайгаар тээвэр хийж байна. Тоо нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний нарийн механизмыг зохион байгуулах шаардлага үүсэх нь ойлгомжтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд гүний уурхайн ложистикийн автобус тээврийн системийг бий болгосон. Уурхайн тунельд замын хөдөлгөөний хоёр эгнээ урсгал гэж байхгүй. Зөвхөн нэг эгнээтэй. Мэдээж түгжрэл гарна. Үүнээс болж уурхайчдын ажлын цаг хорогдоно. Тиймээс хүмүүсээ ажлын талбарт нь саадгүй хүргэж өгч, олон цагаар ажиллах боломжийг нь хангах том сорилттой тулгарсан. Гэхдээ автобусны нарийн хуваарь гаргаснаар энэ асуудлыг шийдэж чадсан. Метроны системээр төлөвлөсөн нь амжилттай хэрэгжиж байгаа. Уурхайчид маань ажлын байрандаа аятай тухтай ажиллах боломжтой болсон.
-Уурхайн ажлын өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Ээлжийн эхэнд ажлын даалгавруудаа авах хурлаа хийнэ. Аюулгүйн заавар зөвлөмжүүдээ аваад, хийгдэх ажлуудын даалгавраа аваад уурхай руу орцгоодог. Уурхайд оронгуут манай автобуснууд уурхайчдаа аваад ажлын байранд нь хүргэнэ. Ерөнхийдөө нэг ээлж 12 цагийн циклд ажилладаг.
-Хүн тээврийн хувьд асар том бүтэцтэй гэж та хэллээ. Харин түүхий эдийн хувьд нэг удаадаа хэдэн тн-ыг зөөвөрлөдөг вэ?
-Үйлдвэрлэлийн өргүүрийн систем маань нэг удаадаа 60 тн-ын чулуулаг шууд гаргаж ирэх боломжтой. Үйлчилгээний клеть маань уурхайчдыг газрын гадаргаас гүн рүү 3 минут хүрэхгүй хугацаанд тээвэрлэдэг. Үйлдвэрлэлийн амны нийт өндөр нь газрын тэг түвшнээс 1285 метр. Үйлчилгээний ам болохоор 1385 метрийн урттай. Хүмүүст илүү ойлгомжтой байдлаар тайлбарладаг л даа, бид. Хотын төв дэх “Блью скай” барилгыг 12 давхарласантай тэнцэхээр гүн, арван метрийн диаметртэй гэсэн үг. Нэмэлтээр туслах өргүүр маань ажиллагаанд орохоор ачаалал хэмнэнэ. Бүтэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 28 мянган тн чулуулгийг үйлдвэрлэлийн амаар дангаараа гаргах хүчин чадалтай. Нэг ээлжиндээ 1200 хүртэлх уурхайчин ажиллах төлөвлөгөөтэй. Тэгэхээр өдөрт 2400 хүнийг уурхай руу оруулж, гаргаад өдөр, шөнийн ээлжээр ажиллаад явах боломжтой.
-Ингэхэд үйлчилгээний болон үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө ямар сорилттой тулгарч байв?
-Үйлчилгээний амыг ашиглалтад орох хүртэл үйлдвэрлэлийн ам маань уурхайн гол гогцоо болно гэж үзэж байсан. Нэг ээлжиндээ 400 хүн ажиллаад, 800 метрийн ахилттай явж байхад тэрнээс илүү хүчин чадлаа даахгүй гэсэн анхны ТЭЗҮ-ийн судалгаа байсан л даа. Манай монгол инженерүүд гадаад мэргэжилтнүүдтэйгээ хамтарч ажиллаад бүх гогцоонуудыг шийдсэн. Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө нэг ээлжиндээ 700 ажилчин аваад сарын 1500 метр хүртэл ахилтуудыг хийгээд явж байсан том рекордуудыг тогтоосон. Босоо амны ашиглалтын дэлхийн топ стандарт 92 хувьтай байдаг. Харин манай босоо ам 95 хувь хүртэл ашигтай үйл ажиллагаа явуулсан.
-Гүний уурхайн туузан дамжуурга ашиглалтад орсноор ажлын үр дүн ямар байна вэ?
-Сая манай анхдагч бутлуурыг улсын комисс хүлээж авсан. Туузан дамжуурга үндсэн гол механизмын нэг хэсэг байгаа. Энэ маань ашиглалтад ороод ирэхээр олборлосон хүдрээ газрын гадарга руу илүү үр ашигтай гаргах бололцоо бүрдэж байгаа юм. Туузан дамжуургын тухайд хүнээс шалтгаалсан алдаа дутагдал гарна гэсэн асуудал бага. Хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр зөөхөд техникийн эвдрэл, гэмтэл гэнэтийн зогсолт байдаг. Туузан дамжуургад эхлээд оруулах хөрөнгө өндөр ч ашиглалтын зардал бага байдгаараа давуу талтай.
-Оюу толгойн гүний уурхайд дэлхийн хаана ч байхгүй хүргэлтийн шинэ систем нэвтрүүлсэн гэл үү?
-Ложистикийн шинэ soft ware system хөгжүүлсэн л дээ. Энэ нь “Амазон”-ы үйлчлүүлэгчдэдээ суурилсан систем дээр үндэслэсэн загвар юм. Бид цоо шинэ системийг бий болгосон. Жишээлбэл, уурхайн гүнд маш олон багууд ажиллаж байгаа. Засвар үйлчилгээний багт гэхэд цахилгаан, хөдөлгөөн тоног төхөөрөмж гээд дотор нь таван өөр машин тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч байна. Бүгд өөр, өөр материалтай. Бүгдийнх нь карго түгээлтийг +90 км дотор хийх юм бол нэлээд бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Тэнд нэг талд нь барилгын ажил, нөгөө талд нь уул уурхайн нэвтрэлтийн багууд ажиллаж байгаа. Тэр болгонд аль материал нь хаана яаж хүрэх үү гэдгийг softангилж, ялгах нь том комплекс асуудал байдаг. Тэр асуудлыг шийдэхээр уурхайн iLogistics software хөгжүүлсэн. Энэ бол цэвэр манай багийнхны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юм. Уг хөгжүүлэлт маань “Рио тинто”-гийн бусад уурхайд хэрэгжээд явах боломжтой болсон.
-Газрын гадаргаас 1000 гаруй метрийн гүнд ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэрхэн шийдсэн бол?
-Бие засах газар хэрэглэх асуудлуудын тухайд манай баг уурхайн үндсэн багтаа дэмжлэг үзүүлээд явж байгаа юм. Хоолны өрөөгөөр үйлчлэх, уурхайчид ээлжийнхээ дундуур хоолоо иднэ. Мэдээж хүний заяагдмал эрхтэй холбоотойгоор бие засах асуудал тавигдана. Уурхайд эмэгтэйчүүд олноор ажилладаг. Урьд нь эмэгтэй бие засах газар гэж тусдаа байгаагүй. Харин одоо эмэгтэй, эрэгтэй бие засах газартай болсон. Оюу толгойн гүний уурхай 20 хүн тутамд нэг ариун цэврийн өрөө ногдох стандарт барьж ажиллаж байгаа. Уурхай тэлээд явахаар ариун цэврийн өрөө нь зэрэгцээд баригдаад явдаг. Бохирынхоо асуудлыг зөөврийн аргаар шийдсэн. Соруулдаг машин бохироо авангуут цэвэрлэгээний баг араас нь ороод явдаг.
-Гүний уурхайгаас их хог хаягдал гардаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Хаягдал тодорхой хэмжээгээр гарна. Оюу толгойн стандарт өндөр учраас хогоо заавал ангилан ялгадаг. Тэгэхгүй бол галын эрсдэл учирч болзошгүй. Манай гүний уурхай тамхигүй орчинтой. Агаарын урсгал явж байдаг учраас галын эрсдэл хүнд асуудал байдаг л даа, гүний уурхайд.
-Уурхайчдын уух усны хэрэглээний хувьд сонирхолтой тоо гарах байх шүү…?
-Говьд халууны хямрал гэж явагддаг. Уурхайд олон цаг ажиллахаар халууны нөлөөнд өртөх нь бий. Байнга хөлс гардаг учраас усаа нөхөж байх ёстой. Цэвэр усны хэрэглээгээ үйлдвэрийн савлагаатай усаар шийдсэн. 7 хоногт 2000-3000 ширхэг жижиг савтай цэвэр ус хэрэглэдэг. Эндээс харахад хоосон савны хаягдал асар их байгаа биз. Харин уурхайд ашигласан усаа газрын гадаргад буцааж гарган саарал усаа дахин ашигладаг. Ер нь Оюу толгойн уурхайд бүх юм инженерчлэлийн шийдэлтэй байдаг.