Categories
мэдээ улс-төр

Ц.Сандаг-Очир: Олимп, дэлхийн аварга болсон тамирчидад сар тутам биш, нэг л удаа урамшуулал өгөх хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Төрийн хэмнэлтийн хуулийг учир дутагдалтай, байгаа оноогүй поп хууль болчихлоо гэж учир мэдэх хүмүүс дүгнэж буй. Үнэхээр ийм хууль болчихов уу. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Төсөвт хоёр дахь удаагийнхаа тодотголыг хийж байна. Төсвийн тодотголыг дагаж Төрийн хэмнэлтийн хууль гэж анхдагч хууль орж ирсэн. Цаг хугацааны хувьд энэ хууль эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед биш цаашид байнга дагаж мөрдөгдөх хууль. Дөрөвдүгээр сард залуучууд талбай дээр жагсаал хийхдээ 15 шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн. Үүн дотор төрийн зардлыг хэмнэх, данхар бүтцийг цомхотгох, төсөв хөрөнгийн үргүй зардлыг арилгах шаардлага туссан байсан. Үүнтэй холбогдуулж улсын төсвөөс цалинжиж байгаа албан тушаалтнууд тэдний үйл ажиллагаанд нэлээн хязгаарлалтууд орж ирсэн. Энэ асуудлыг олон жил ярьсан ч яг бодит ажил болгох гэхээр энэ ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гээд аваад үлдчихдэг байсан юм байна л даа. Одоо бол цаг нь болсон. Эдийн засгийн хямралын үед зайлшгүй арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Төр өөрөөсөө, төрийн эрх барих дээд байгууллагуудаасаа төсөв, бүтэц бүрэлдэхүүн, төсвийг үр ашигтай байлгах шинэчлэлээ эхлүүлье хэмээн тус хуулийг оруулж ирсэн. Энэ хуулийг зарчмын хувьд бүх гишүүд дэмжиж байгаа. Гэхдээ хууль бодитой байх ёстой. Өөрийн тань хэлдэг шиг байгаа оносон, амьдралд хэрэгжихүйц байх ёстой. Лоозонгийн шинж чанартай хууль болчихвол хэцүү. Зарим гишүүд агуулгын шинж чанаргүй хэлбэр төдий, поп хууль байна хэмээн шүүмжилж байгаа шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийн нэрийн дор амьдралд нийцэхгүй зарим нэг хэтрүүлчихсэн зүйлүүд бий. Бид байгууллагын хөрсөн дээр хэрэгжих боломжгүй хууль баталж болохгүй. Тиймээс тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Жишээ нь, дэд дарга, орлогч нарын асуудал байна. Үндсэндээ Засгийн газар, УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд нэг ч орлогч, дэд даргагүй байна гэж байгаа юм. Энэ амьдралд хэтэрхий нийцэхгүй байна. Жишээ нь, Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч тухайн эмнэлгийнхээ эмчилгээ үйлчилгээний асуудал, чанар, хүртээмжийг хариуцдаг. Энэ орлогчийн орон тоо байхгүй болчихоор байгууллагын дарга хаа хаанаа ч хүрэлцэхгүй. Энэ мэтчилэнгээс авахуулаад амьдралд нийцэхгүй байна. Мөн Төрийн өмчийн компаниуд байна. Багануур хувьцаат компани гэхэд нэг тэргүүн дэд захирал, дөрвөн дэд захиралтай. Энэхүү хуулиар энэ таван дэд захирлын орон тоо байхгүй болж байгаа юм. Үйлдвэрлэл, технологио хариуцсан дэд захирал, төсөв санхүүгээ хариуцсан дэд захирал зайлшгүй байх ёстой. Харин нийгмийн шинж чанартай асуудал хариуцсан дэд захирал гэдэг ч юмуу, тэргүүн дэд захирлын албан тушаалыг хэмнэж болохоор байгаа юм. Хэмнэж болох юм, болохгүй юм байна. Атвтомашиныг хэмнэж болохоор газрууд байна. Хэмнэж болохгүй газрууд байна. Жишээ нь, энэ хуулиар хотын дарга машин унаж болохгүй гэж орж ирсэн. Ууланд түймэр гарлаа, дүүрэг дээр үеэр усны асуудал гарлаа гэхэд хотын дарга машингүй гээд сууж байх юм уу. Онцгой асуудал гарахад яах юм бэ. Ийм амьдралгүй байж болохгүй. Энэ мэтчилэн засаж залруулах зүйлүүд бий. Албан томилолттой холбоотойгоор орж ирсэн нэг заалт нь зөвхөн төлөвлөгөөнд заагдсан маршрутаар явна. Өөр газраар явбал ажлаасаа халагдах юм шиг байгаа юм. Зарим гишүүд “томилолтоор явж байгаад төөрчихвөл яах вэ” хэмээн хошигнож асууж байсан. Гэхдээ амьдрал баян шүү дээ. Томилолтоор явж байхдаа төөрөөд өөр айлд оччихсон байвал маршрутад заагдаагүй газраар явсан байна гээд ажлаасаа хөөгдөх нь. Ингэж хэт туйлшруулсан байж болохгүй. Хэрэгжих боломжтой хууль болгомоор байна. Ер нь хэмнэх ёстой гэвэл хэмнэх ёстой.

-Олимпийн аварга болсон тамирчдад сар бүр олгодог урамшууллыг зогсоох санаачилгыг та гаргасан. Үүнийг олон хүн дэмждэг ч гишүүд өөрт ирэх “галаас” айгаад ажил хэрэг болгодоггүй. Таны санаачилга дэмжигдэх нь үү. Үүгээр хичнээн төгрөг хэмнэх боломжтой вэ?

-Одоогийн хуулиар олимп, дэлхийн аварга болсон тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа. 200 орчим тамирчинд жилд 1.9 тэрбум төгрөг өгдөг юм байна. Энэ зардлыг тэвчих санал гаргасан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар энэ санал дэмжигдсэн боловч Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй унасан. Тиймээс цаашид олгох ёстой юм шиг байна лээ. Мэдээж тамирчдынхаа олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байгаа. Улс орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн тэнгэрт гаргаж байгаа учраас шагнах нь зөв. Гэхдээ медаль аваад ирсэн тухайн үед нь төрөөс олон улсын жишигт нийцсэн шагналыг нь нэг л удаа өгөх нь зөв. Харин насан туршид нь сар бүр өгнө гэдэг амьдралд нийцэхгүй байна. Үүнийг хэмнэж болох хэмнэх ёстой төсөв мөн үү гэвэл мөн гэж харж байгаа. Хэмнэж болох юм байна. Хэмнэж болохгүй юм байна. Үүнийхээ ялгаа заагийг нухацтай гаргамаар байгаа юм. Цагаан дээр хараар бичээд хууль болгон баталж байгаа учраас үг бүрийг, цэг таслал бүрийг хянахгүй бол амьдралд хэрэгжихгүй худлаа шоудаж попорсон мөрөөдлийн хууль болчихно шүү дээ. Хууль хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн байх ёстой.

-Төсөвтөө нухацтай хандахгүй байгаа нь төсвийн тодотголоор илэрч байна уу. Цаашид хил гааль, дайны нөхцөл хаашаа эргэх, хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна шүү дээ. Энэ удаагийн тодотголын мөн чанарыг та хэрхэн харж, хүлээж байв?

-Дэд дарга нар, машин тэрэг гэх мэт зүйлийг хэмнэхээр 30-аад тэрбум төгрөг л хэмнэгдэх юм билээ. Гол нь хөрөнгө оруулалтууд дээр хэмнэлтийн асуудлыг анхаарч хармаар байгаа юм. Энэ хуулийн сайн тал нь цаашид ийм юмыг оруулж болохгүй гэдэг зүйлийг энэ хуулиар зааж, хуульчилж өгч байгаа юм. Иргэдийн шүүмжлээд байдаг аймгуудын угтах, үдэх хаалгыг цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийхгүй гэдгийг хуульчилчихлаа. Мөн хүүхдийн тоглоомын талбай,нийтийн орон сууцны дээвэр, пасадыг засахгүй зэргээр улсын төсвөөр хийж болохгүй ажлыг хуульчилж байгаа нь улсын төсөвт том үр дүн үзүүлнэ. Эдгээр ажлын заримыг орон нутгийн төсвөөр заримыг нь төсвийн хөрөнгөөр огт хийхгүй гэдгийг оруулж байгаа нь энэ хуулийн нэг үр дүн мөн. Эдийн засаг хямарч байгаа нь үнэн. Зөвхөн манай улсын эдийн засаг хүндэрсэн юм биш шүү дээ. Цар тахлыг залгуулаад дайны нөхцөл байдал үүслээ. Украин-ОХУ-ын дайнд цаагуураа дэлхийн бүх улс орон холбогдож байна. Энэ нь эдийн засгийн хараат байдаг манайх шиг улсад гарцаагүй нөлөөлж байгаа юм. Эдийн засгийн хямрал цаашид ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Болдогсон бол энэ жилийн төсвийг олигтойхон хэмнэж сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргээ он дамнуулахгүй энэ жилдээ л багтааж барья. Юмны үнэ өсч байгаа учраас жил дамнахаар үнийн өсөлт, ханшийн зөрүү гээд энэ жил 1 тэрбум төгрөгөөр барих байсан ажил он дамнахаар нэг тэрбум нэг зуун сая төгрөг болж өсдөг. Тиймээс өмнөх жил эхлүүлсэн ажлуудынхаа санхүүжилтийг өг. Харин 76 тойрог дээрх бусад ажлуудын төсвийг бүгдийг нь хас. Эдийн засгийн хямралтай үед тэвчье. Айрагны өргөө ч гэдэг юмуу, суварга, хөшөө ч гэдэг юмуу, хөгжлийн төвийн барилга, бусад барилга байгууламжуудыг тэвчье. Бүгд тэвчихээр нэг гишүүн ганцаараа мянга орилоод яах юм бэ. Санаачилсан гишүүн нь иргэдэд тайлагнахад ч амар шүү дээ. Бүх хөрөнгө оруулалтын ажлууд эдийн засгийн хямралын үед олонхын саналаар хасагдсан гэж хэлэхэд иргэд ойлгоно. Нэг удаа тэвччихвэл 1.2 их няад төгрөгийн төсөв хэмнэгдэх бололцоотой. Үүний цаана хэмнэсэн мөнгөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, газар тариалан эрхлэлтийг дэмжиж намар арвин ургац авах, төмс хүнсний ногоогоороо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, гурилын хэрэглээгээ 100 хувь хангах, махыг үнэд оруулахгүй байх, нөөцлөх зэрэг асуудлууд байна. Бензин шатахууны импортын нөөцийг бүрдүүлэх, үнэ ханшийг өсгөхгүй байх талд зөвшөөрөлтэй компаниудад хил гаалийн хөнгөлөлт үзүүлэх ч гэдэг юмуу бодлогын арга хэмжээнүүдийг авсан бол тодотголын мөн чанар харагдах байсан болов уу гэж харж байна. Энэ бүх хөрөнгө оруулалтын ажлуудыг тэрбүр хэмнэж чадсангүй. Төсвийг нь хасчихлаа. Энэ нь эргээд сөргөөр нөлөөлнө. Жишээ нь, 2022 оны улсын төсөвт оны өмнөх төсвийн төслөөр хөрөнгө оруулалтын ажил, тохижилтын ажил хийнэ гээд 500 сая төгрөг тавьчихсан бол энэ нь 100, 200 сая төгрөг болчихож байгаа юм. Төсвийн үнэ ханшийг нь багасгачихаж байгаа юм. Энэ ажил дээр нь тендер зарлахаар орох компани алга. Учир нь тендерийн баталгаанаас нь бага дүнтэй байгаа юм. Тиймээс ажил болж чадахгүй үхмэл хөрөнгө болно гэсэн үг.

-Эдийн засаг ийм хүнд байгаа энэ үед LRT төслийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд хэр зөв юм бэ. Хятадаас авах өндөр хүүтэй арилжааны зээлээрээ тоног төхөөрөмж авч өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдэх өөр боломж байх уу?

-Түгжрэлийг арилгахын тулд LRT-ийг барих нь зүйтэй. Гуравхан жилийн дараа Улаанбаатар хот тэг зогсолт хийхээр болчихсон байна шүү дээ. Ирэх жилээс эхлэн 2024 дундартал энэ асуудлыг хэн ч хөндөхгүй. Сонгуулийн дараа Засаг дарга гарч ирнэ.Жилд 60, 70 мянган автомашин Улаанбаатар хотод нэмэгдэж байна шүү дээ. Өнөөдөр 7-8 км цагийн хурдтай байна. Удахгүй тэг зогсолт хийхэд бэлэн болчихсон байна. Утааг бууруулахад ямар хугацаанд хэр мөнгө зарцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс түгжрэлийг бууруулахад мөнгө хэрэгтэй. Олон жил метро гэж ярьсан. Метро нь үүнээс өндөр үнэтэй байгаа. Ашиглалтад орох цаг хугацааны хувьд хэзээ билээ. Нийслэлийн үе үеийн удирдлагууд олон судалгаа хийсэн. Цаг хугацаа, газар, газар доорх инженерийн зохион байгуулалтын хувьд хамгийн тохиромжтой нь энэ төсөл юм билээ. Бүх судалгаа тооцоог нь хийж түүндээ үндэслэж шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Түүнээс одоогийн дарга нэг өглөө босч ирээд шийдчихсэн зүйл биш. Уг төсөл хэрэгжсэнээр үр дүн нь үлдэнэ шүү дээ. Бид үр ашгийг нь хүртдэггүй юм гэхэд бидний ирээдүй үе хойч үр дүнг нь үзнэ. Энэ төсөлд буудал, зогсоолыг тодорхой төлөвлөчихсөн. Түүнээс дамжаад иргэд яаж гэр ажил руугаа явах бүхнийг нь төлөвлөчихсөн. Газар шорооны ажил бага, түгжрэлийг дорвитой бууруулна зэрэг зөвхөн Улаанбаатар хотод бус дэлхийн олон улсад янз бүрийн байдлаар байж байгаа шүү дээ. Би энэ талаар намын бүлэгт байр сууриа илэрхийлсэн. Бид хийхгүй бол хэн хийх юм бэ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ гэдэг зарчмаар хандмаар байгаа юм. 65-уулаа байгаа дээрээ хийгээч ээ. Ингээд шалтаг шалтгаан тоочоод байвал хугацаа алдаад яваад байна. Хугацаа алдах тусам өртөг нь нэмэгдэнэ. Энэ ажлыг таван жилийн өмнө хийсэн бол арай бага өртгөөр хийх байсан байх. Тиймээс яаралтай хурдан эхлүүлж хийе гэж байгаа юм. Түгжрэлээ хүлээн зөвшөөрөөд өөрчлөлт хийхгүй байж болно. Гэхдээ хэн нэгэн аавын хүү хийж л таарна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зайлшгүй шийдэх ёстой асуудал. Хот гэдэг бол хүн амынхаа усны асуудлыг нэг номерт шийдэх ёстой. Дараа нь хогны асуудлыг шийдэх ёстой. Гуравдугаарт, нийтийн тээврийн асуудлаа шийдэх ёстой. Хотын нэн тэргүүнд шийдэх гурван асуудал бол энэ. Уг нь тавдугаар сарын 1 гэхэд ажлаа эхлүүлчихвэл 2024 он гэхэд эхний багцын ажил ашиглалтад орох юм билээ. Буянт-Ухаагаас Сансрын тойрог хүртэлх эхний ээлжийн 18.1 км замыг барьчихъя л даа. Эхний ээлжинд энэ замаа барьчихаад үр дүнг нь харж болно шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт уих-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцсэн. Гэсэн хэдий ч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Миний ерөнхий зарчим бол хариуцлага алдсан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой гэж боддог. Түүнээс хууль, албан тушаалын халхавч дор хариуцлагаас мултарч болохгүй. Энэ үүднээс Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр гишүүн бид гурав Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль өргөн барьсан. Шүүх дээр ирлээ, шүүх уншиж байснаа нотлогдохгүй байна нотлоод ир гээд мөрдөн байцаагч, прокурорыг хэд дахин буцааж хугацаа хожоод хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд тэр хэргийг хааж байна. Тэр хэргийн цаана албан тушаалтнууд ял завшиж байна. Тиймээс энэ хуулиар үүнийг хязгаарлах гээд байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буцаана. Гэм буруугийн шатнаас хэргийг буцаадаггүй байх. Шүүгч бол гэмт хэрэг хийсэн, эсвэл гэмт хэрэг хийгээгүй гэдэг шийдвэрийн нэгийг л гаргах ёстой. Гэтэл гурав дахь шийдвэрийг гаргаад байна. Гэмт хэрэг хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг, буцаалаа гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. Шүүгч хүн бол хэргийг буцаадаг хүн биш. Шүүдэг хүн. Та гэмт хэрэг хийсэн, хийгээгүй гэдэг шийдвэрийг гаргах ёстой. Гэмт хэрэг хийсэн нь гарцаагүй нотлогдож байгаа бол ялыг нь оногдуулдаг. Гэмт хэрэг хийгээгүй нь 100 хувь нотлогдож хэргийг 100 хувь хэрэгсэхгүй болсон гэж тооцъё л доо. Хэргийн нотлох баримт 50, 60 хувьтай, үлдсэн хувьд нь нотлох баримт байхгүй бол ял оногдуулж болохгүй. Нотлогдохгүй байхад хэлмэгдүүлж болохгүй. Хөгжлийн банк, ЖДҮ, Нийгмийн даатгалын сангийн асуудал зэрэг албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг завшдаг асуудал хэзээ ч байж болохгүй. Ийм асуудалд үнэхээр албан тушаалаа ашиглаж орооцолдсон нь нотлогдож байгаа бол хариуцлага хүлээхээс өөр аргагүй. Бүрэн эрхийг нь шууд больж гэж байгаа биш эхлээд албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулчих. Шалгаад хэрэгт холбоотой нь нотлогдохгүй бол эргээд ороод ирнэ шүү дээ. Гэм буруутай нь нотлогдож байгаа бол хариуцлагаа хүлээх ёстой. Түүнээс дарга байна уу цэрэг байна уу, гишүүн байна уу хамаагүй Монгол Улсын хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Үүнийг л иргэд хэлж, шүүмжлээд байгаа юм. Хууль, төрийн хамгаалалт дор нуугдаж үлдээд байна. Гишүүн гэдгээрээ хамгаалагдаад байна гээд байна шүү дээ. Халдашгүй бүрэн эрхийн асуудал байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ ийм зүйл дээр байж болохгүй. Авлига авсан, өгсөн хэргийг хаацайлна гэдэг байж болохгүй асуудал. Өнөөдөр иргэд шударга ёсыг хүсэмжилж байна. Прокурор зарим нэг материал дутуу байна гэсэн байна лээ. Жишээ нь, зарим нэг хүмүүсээс ямар ч мэдүүлэг аваагүй байна лээ шүү дээ. Ямар үндэслэлээр өөрийгөө шалгагдаж байгааг мэдэхгүй байна гэдэг асуудал биз дээ. Үүний цаана хувь хүний гэр бүл, ажил амьдрал, нэр хүнд, үр хүүхдийн асуудал байгаа. Хөдөлгөөнгүй баримтаар нотлогдож байгаа бол хэн ч хаацайлж болохгүй. Нөгөө талд хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Улс төр гэдэг аюултай шүү дээ. Манайхан урьдчилаад сошиалаар яллуулдаг болчихоод байна. Тэр хүнийг авах юмгүй болгоод олон нийтэд зарлачихдаг. Тухайн хүний сэтгэл зүй ар гэр, ямар байгааг хэн ч мэдэхгүй. Тэр хүн хэрэг хийгээгүй ч байсан хийсэн юм шиг сошиалаар ялладаг болчихоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *