Япон Улсын Засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Монгол Улсаас уг одонг Ц.Даваадорж болон Д.Сосорбарам нар хүртэхээр болжээ.
Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Догмидын Сосорбарам нь 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг кино драмын анги төгссөний дараа Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж хугацаандаа олон сайхан дүр бүтээж байв. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас улбаалан ардчилсан нийгэм руу шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэх болсон.
Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцохын хамт 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үед хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцжээ.
Мөн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршиж дуулсан бөгөөд 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж чухал үүрэг гүйцэтгэсэн нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан байна.
Иймээс түүний Япон, Монгол хоёр орны дуу, бүжгээр дамжсан харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, “Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулахаар болжээ.
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн захирал Цэнддаваагийн Даваадорж нь 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан 1993 онд Засгийн газрын тэтгэлэгт оюутны хувиар эдийн засгийн судалгааг гүнзгийрүүлэн судлахаар Шига их сургуульд эдийн засгийн магистрын улмаар Киотогийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессорын хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Түүний дараа МУИС-ийн дэд захирлаар амжилттай ажиллахын зэрэгцээ 2002 оноос 2011 он хүртэл Япон, Монгол хоёр орны харилцааны нэгэн бэлгэ тэмдэг болох Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн дэд захирлаар, 2012 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллаж ирэхдээ Монгол дахь япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна.
Иймээс түүний Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах аж.