Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна.
Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй. Сарын хоёрдугаар 10 хоногийн турш ихэнх нутгаар сэрүүсэж, эхний 10 хоногийн дунд болон гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох аж. Мөн дурдсан үеүдэд салхины хурд ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увсын баруун, Ховдын ихэнх, Говь-Алтайн төв хэсэг болон Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеийнхээсээ 3-5 хэмээр дулаарна. Харин нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоног болон гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр 10 хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 хэмээр дулаарна. Харин нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоног, гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр 10 хоногийн дунд буюу сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн ихэнх, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 хэмээр дулаарна. Харин хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар сэрүүсэх юм. Хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр ихэнх нутгаар хур тунадастай. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, дунд үе, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 хэмээр дулаарна. Харин хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Нэгдүгээр 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр салхи ширүүсч 14-16 м/с хүрэх буюу зарим үед 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.