Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа.
Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриаллаа.
“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана.
Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж, үр дүнг нэгтгэн дүгнэж ажиллах юм.
Иймд бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүтээн, дэлгэр зунаа угтахыг Улаанбаатар хотын Захирагчийн алын албанаас уриаллаа.