Дөрөвдүгээр сарын 16-нд буюу энэ бямба гарагт говийн бүс нутгийн баруун хэсэг, 17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.