Categories
мэдээ нийгэм

“Төслийн хэрэгжилт хангалтгүй байсан учир концессын гэрээг цуцалсан” гэв DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Дархан төмөрлөгийн үйлдвэр концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу өнөөдрөөс Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн хөрөнгө, үйл ажиллагааг улсад шилжүүлэх авахаар ажлын хэсэг гарсан. Уг концессын гэрээ нь нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэвч үйл ажиллагаа нь хангалтгүй биелэгдсэн гэж үзэж байна. Тухайлбал, концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.

“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй учраас төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК одоог хүртэл төрийн мэдэлд байгаа.

Тус үйлдвэрийг хоёр үе шаттайгаар өргөжүүлэх арматур төмөр утас, ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах концессын гэрээний үүрэг огт биелэгдээгүй. Концесс эзэмшигч нь зөвхөн хагас боловсруулах, нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулсан. Төмөр толгой ордоос олборлолт хийх хагас баяжуулсан бүтээгдэхүүнийг экспортлон нийтдээ концесс хэрэгжих хугацаанд 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон байна. Үүнээс үзэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн үндсэн ажил болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр баригдаагүй, хуучин төмөрлөгийн үйлдвэрт шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт явагдаагүй. Төслийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Ингээд Концессын тухай хуулийн дагуу гэрээг цуцалсан.

Түүнчлэн АТГ-аас Засгийн газарт дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах гэрээг ажлын туршлаггүй байгуулагдаад удаагүй байсан “Кью эс си” компанитай байгуулах дүгнэлтийг хөрөнгө оруулагчыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргахдаа хууль зөрчиж удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн болох нь тогтоогдсон” гэх мэдэгдэл ирүүлсэн. Эдгээр үндэслэлийн улмаас гэрээг цуцалж, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн статус хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон.

Хөгжлийн банкны зээлийн тухайд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш “Кью Эс Си” ХХК зээл авсан. Тиймээс концессын гэрээг цуцалснаар төр Хөгжлийн банкны өрийг төлнө гэсэн үг биш. Зээл авснаараа “Кью Эс Си” төлнө. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн шинэ удирдлагыг хуулийн дагуу төрөөс томилно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *