Categories
гадаад мэдээ

Гадаад валютын нөөц нь багассан Балба улс импортоо хязгаарлалаа DNN.mn

зураг

Гадаад валютын нөөцгүй болсон шалтгаанаар Балба улс онц чухал биш бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Импортын хязгаарлалтад автомашин, косметик, алт, үнэт эдлэл зэрэг бараа багтсан байна.

Балба улсад аялал жуулчлалын салбарын орлого багассан, гадаадад ажилладаг иргэдийнх нь ар гэртээ илгээдэг мөнгөний хэмжээ буурсан зэрэг нь валютын нөөц хомстоход хүргэжээ.

Үүссэн хямралтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Балбын төв банкны ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Хоёрдугаар сарын дунд үеийг хүртэл сүүлийн долоон сарын хугацаанд Балбын гадаад валютын нөөц 16 хувиар буурч, $9.59 тэрбумтай тэнцэх хэмжээнд хүрчээ.

Ижил хугацаанд гадаадаас Балбын иргэдийн эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээ 5 хувиар буурсан байна.

“Чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортыг хадгалж үлдэхийн тулд онц шаардлагагүй импортыг хязгаарлахаас өөр аргагүй боллоо” гэж Балбын төв банкны хэвлэлийн төлөөлөгч Нараян Прасад Похарел өчигдөр мэдээлжээ.

Хэрвээ төлбөрийг нь урьдчилж бүрэн төлсөн бол импортлохыг нь зөвшөөрөх 50 төрлийн тансаг ангиллын барааны жагсаалтыг төв банкнаас гаргасан байна.

“Энэ бол импортын хориг биш, хязгаарлалт юм” гэж Похарел тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар тус улсын төв банкны ерөнхийлөгч Маха Прасад Адхикариг ямар нэг шалтгаангүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх засгийн газрын өрийн хэмжээ өсөж, 43 хувьд хүрсэн нь цар тахлын үеийн эдийн засгийг тэтгэх арга хэмжээнүүдийн үр дүн болжээ.

Гэхдээ Балбын эдийн засгийн нөхцөл байдал “хэвийн” байгааг тус улсын сангийн яам Даваа гарагт мэдэгдсэн байна.

Сангийн сайд Жанардан Шарма засгийн газрынх нь өрийн хэмжээ бүс нутгийн олон улс орныхтой харьцуулахад бага байгааг энэ үеэр баталсан юм. Тухайлбал тэр өөрийн улсын нөхцөл байдлыг Шри Ланка улсын хямралтай харьцуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Шарма сайд “Манай нөхцөл байдлыг Шри Ланка улсынхтай зарим хүмүүс харьцуулж байгаад би гайхаж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Шри Ланка улс мөн валютын нөөцгүй болсны улмаас гадаад өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн юм.

Одоо Шри Ланкад 1948 онд Британийн колоничлолоос чөлөөлөгдсөнөөс хойших хамгийн том эдийн засгийн хямрал тохиолдоод байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Шри Ланкын засгийн газар төв банкны захирлаа сольж, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ бараг хоёр дахин өсгөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *