Монголын эрэгтэйчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугартай ярилцлаа.
-Танай нийгэмлэг үүсч хөгжөөд арав гаруй жил болжээ. Энэ хугацаанд эрэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо, хөгжил дэвшилд хэр ахиц гарав?
-Хөгжил гэдэг зөвхөн юм үйлдвэрлэдэг, хийж чаддаг, бүтээдэг болгоныг хэлэхгүй. Түүнийг чаддаг болгодог зүйл нь тархи байхгүй юу. Тиймээс дэлхийд нейросайнсын шинжлэх ухаан гэж гаргаад тархи судлал хөгжиж эхэлсэн. Америкийн конгресс сүүлийн хорин жилийг тархины жил болгоод хөгжүүлж яваа. Гэтэл Монголын Засгийн газар хүний тархийг устгадаг архины жилүүд болгоод нэг нийгмийг хоёр өөр талаас нь байгуулж, тархийг биш, архийг судлаад явчихсан. Тиймээс бид эрчүүдийнхээ оюун тархиар дамжуулж эмийн бус аргаар архинаас гаргая гээд 2011 онд эмийн бус эмчилгээний монгол загварыг гаргасан. Энэ аргаар 10 мянга гаруй хүн эмийн бус аргаар архины асуудлаа шийдээд явж байна. Миний хорь гаруй жил гуйж явсан эрэгтэйчүүдийн чуулган сая боллоо шүү дээ. Эрэгтэйчүүдийн чуулганаас гарсан эрэгтэйчүүдийн манлайлал оролцоог нэмэгдүүлэх, архины асуудлаа шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Тэнд манайхаар эмчлүүлсэн, асуудлаасаа салж чадсан эрчүүд хамгийн их оролцоотой явж байна.
-Архидалт юунаас болж үүсээд байна. Архитай нь тэмцэх ёстой юм уу, эсвэл архидалт үүсгээд байгаа хүчин зүйлтэй нь тэмцэх ёстой юм уу?
-Архидалттай тэмцэнэ гэдэг нь асар олон хүчин зүйлүүдийн нийлбэр. Өнөөдөр тархийг хүмүүс судлаад анагаах ухаан дийлэхээ болиод ирэхээр яаж байна гэхээр хими, физик, математик гээд бүх шинжлэх ухааны эрдэмтэд нийлээд судалсан. Тэгээд нийгмийн шинжлэх ухаан, сэтгэл зүйн шинжлэх ухаан гээд гараад ирж байгаа биз. Архидалтын асуудалд төр, нийгэм, иргэд, архи хэрэглэж байгаа хүмүүс, борлуулж байгаа хүмүүс, үйлдвэрлэж байгаа хүмүүс бүгдээрээ нийлж цогцоороо ажиллаж байж энэ том асуудлыг шийдэх болохоос ганц нэг мөчир тасдах маягаар хийх нь үр дүнгүй. Энэ бүхэн хоорондоо харилцан уялдаж, харилцан бие биенээ дэмжих замаар урагшаа явж байж энэ нийгмийн үзэгдэл болсон аюултай асуудлыг шийдвэрлэх боломжтой.
-Ерөнхийлөгчийн зарлигаар 10 жилийн хугацаатай архины градусыг хоёр хоёроор буулгаад явна гэсэн. Градус бага архинд хүн донтохгүй байх магадлалтай юу?
-Дэлхийн хөгжингүй орнууд өнөөдрийн бидний зовлонг бүгд туулсан. Одоо Монголд чөлөөт нийгэм бий болоод дэлхийн бусад орнуудтай харилцаад янз бүрийн улс орны янз бүрийн архи орж ирдэг болсон. Бид одоо Америкийн 1940 оны үед туулсан замаар л явж байна. Архины асуудлыг шийдвэрлэж байгаа арга зам, гаргалгаа, хандаж байгаа хандлага, шийдвэр гаргагчдын гаргаж байгаа хандлага гээд бид яах аргагүй хоцрогдож яваа. Тиймээс бид дэлхийн хөгжингүй орнууд энэ замыг туулахдаа ямар зовлон туулж вэ гэдгийг судлах ёстой. Би бол 20 жил судалчихсан. 20 гаруй жил судлахдаа эцсийн том гаргалгаа нь юу вэ гэхээр ер нь архины хэрэглээтэй улсууд өөрийнхөө оюун тархиа мэдлэгжүүлэх эмчилгээгээр, урьдчилан сэргийлэх эмчилгээгээр архины асуудлыг бууруулдаг юм байна, нөгөө талаас төрийн бодлогоор бууруулна. Өөрөөр хэлбэл, архи үйлдвэрлэх, борлуулах, тэдний үйлдвэрлэл экспорт, импортод бид хяналт тавьж чадахгүй шүү дээ. Хяналт тавьж чаддаг механизм нь төр. Тэгэхээр төр санаачилга гаргах хэрэгтэй.
Нийгмийн сэтгэл зүйг тэр аяар нь хандуулж байдаг санаачилга дэвшүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Архигүй Монгол” хөтөлбөрийг санаачлан сүү өргөхөд нийгмийн сэтгэл зүй тэр аяараа өөрчлөгдсөн шүү дээ. Энэ санаачилгын дараа архидалт хоёр дахин буурсан нь үнэн. Дараа нь энэ санаачилгыг дэмжээгүй. Ингэж явсаар сая У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлээд архидалтын эсрэг тэмцэх уриалга гаргасан. Ингэснээр нийгмийн сэтгэл зүйг сэрээгээд олон жилийн өмнө дарагдаад үлдсэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 20-иод клубүүд сэрж байна шүү дээ. Ард нь зуун зуун хүн байгаа. Архинаас гарсан хүмүүс нь зөв замаар явж байгаагаа ойлгоод шинээр архины асуудлаа шийдэх хүмүүс орж ирж байна.
-Тэгэхээр архины градус бууруулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Түүнийг яг архины хэрэглээтэй хүмүүст зориулсан. Өөрөөр хэлбэл, архи огт уудаггүй, хэрэглэдэггүй хүмүүст тэр градус их байна уу, бага байна уу огт хамаагүй шүү дээ. 20 жил огт архи амсахгүй байж байгаад “Өө ашгүй градусыг нь буулгачихсан уу. Би ууя” гэхгүй нь тодорхой. Энэ чинь их олон талын ажил. Архины хэтрүүлсэн хэрэглээтэй хүмүүст л фокусалсан уриа юм шиг байгаа юм. Яагаад гэвэл хэтрүүлж хэрэглээд агсам согтуу тавиад, нийгмийн аюулгүй байдалд халдаад, аваар осол хийгээд байдаг хүмүүст наад зах нь этилийн спирт задлах чадвар нь бага байна гэсэн үг. Угаасаа монгол хүний элэг этилийн спиртийг задлах чадвар бага. Бага градустай архи уухаар ядаж түүнийгээ задалдаг ч юмуу. Уур хилэн нь огцом хөдөлдөг хүмүүст бага градус удаан нөлөөлдөг ч юмуу ийм шинж чанартай. Дэлхийн үсрэнгүй орнууд үүн дээр зөөлөн бодлогын аргыг ашигладаг.
Огцом архийг нь асгаад, үйлдвэрийг нь хаагаад тэмцэж үзсэн. Энэ нь ямар үр дагавар авчирдгийг мэддэг болсон. Нөгөө талаас хэтрүүлэн хэрэглээд байгаа, аюултай хэрэглээнд өртөөд байгаа тэр хүмүүсийн градусыг аажим аажмаар буулгаж байна шүү дээ. Энэ нь архины үйлдвэрлэлд нэг их нөлөөлөхгүй. Зөөлөн бодлого яваад байна шүү дээ. Тийм учраас архины үйлдвэрийг хаах нь буруу, муу санаачилга гээд яриад байсан хүмүүс тайвшраад дуугүй болчихож байгаа биз дээ. Энэ бол архинд донтох эмгэг, архины хэтрүүлсэн хэрэглээтэй хүнд градус буусаар байгаад тэр градустаа дасна. Бид Оросоос орж ирсэн 38 градусын өндөр алгохольтой архийг хэрэглэсээр байгаад дасчихсан. Чанга юманд дасчихсан байхгүй юу. Зөөлөн юм уухаар амтгүй ч юм шиг санагддаг болсон. Давсгүй хоол идэхээр хүмүүс яадаг билээ. Уг нь гоё шүү дээ. Мах амтагдаад гоё байхгүй юу. Гэтэл тэр давсгүй хоолыг идэхгүй заавал давс хийж гашуун болгож идэхээрээ таашаал авдаг болчихсон хүн байна шүү дээ. Яг үүн шиг өндөр градустай архи уухаараа таашаал авдаг болчихсон байхгүй юу. Энэ аюултай таашаалыг нь бага багаар дасгаж, бууруулж байгаа хэрэг.
-Монгол эрэгтэй хүний хувьд биеэ татаж авах чадвар нь хэр байдаг вэ?
-Хэрэглээнийх нь түвшнээс хамаарна. Биеэ татаж авах чадвар нь ямар хэрэглээтэй байгаагаасаа хамаараад шийдэгддэг. Өнөөдөр бидэнд архи уусан хүн бүр архинд донтох эмгэгтэн мөн үү, сэтгэцийн эмгэгтэн мөн үү гэж яригдана. Ууж байгаа хүн бүрийг бид тэгж оношлохгүй. Сэтгэцийн эмгэгтэй хүн эмнэлгийн тест, бусад тестээр оношлоод гарна. Өөрөө ч бараг мэднэ. Сэтгэц зан үйлийн эмгэгтэй болж байгаагаа хүн өөрөө мэднэ шүү дээ. Мэдэхгүй ч үгүйсгээд явж байгаа хүмүүс бий. Тэгээд энэ чинь гэнэт сэтгэцийн эмгэгтэй болохгүй шүү дээ. Тодорхой үе шатуудыг дамжина. Нэгдүгээрт, сонирхол шохоорхлын үе. Энэ үе хүүхэд байхад нь бий болдог. Үүнийг аав ээж нь хүүхдэд сургадаг. Хүүхдийнхээ хажууд байнга архидан согтуурах, найрлаж цэнгэх нь багаас хүүхдэд ууж үзэх юмсан, хурдан том болоод ингэж гоё байх юмсан гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг.
-Архинаас гаргах эмчилгээг ямар үед хийх нь зохимжтой вэ?
-Энэ хүртэлх хугацаанд гадаад улс орнууд эмийн бус эмчилгээ хийдэг байхгүй юу. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Сонирхол шохоорхлын үед аажимдаа ийм өвчин болно шүү, цаашдаа чи өөрийгөө татаж, биеэ хянах чадваргүй болно шүү гэдгийг ойлгуулж өгдөг. Итгэл үнэмшлийн нотолгоонд суурилсан соён гэгээрүүлэх ажлыг явуулдаг. Энэ ажил руугаа асар их хөрөнгө цацдаг. Тийм учраас ингэж хэрэглээд явж байгаа хүмүүсийг архинд донтох эмгэгтэй, сэтгэцийн эмгэгтэн гэж хэлж болохгүй. Хэтрүүлэн хэрэглээ үүнээс цааш даамжраад ирэхээр бие сэтгэцийн хамааралтай болж эхэлнэ. Архигүйгээр байж чадахгүй. Хэд хоносны дараа эргэж ойр ойрхон ууна. Уухаараа зан үйлийн эмгэг гаргана. Үргэлжлүүлэн олон хоногоор ууна. Энэ үед яах аргагүй эмнэлэгт очиж эм тариагаа хийлгэх ёстой. Архины тэнэгрэлийг эмнэлэг бараг дийлэх үү, үгүй юү. Энэ маш бага магадлалтай. Нийгмийн халамжид олон сар жилээр нь байлгаж, зөв голдиролд нь оруулна уу гэхээс архины тэнэгрэлээс биеэ татах магадлал маш бага. Ер нь 100 хүнээс нэг хүн гарах уу үгүй юү. Тийм учраас архинд донтох эмгэгтэй үед нь эмчилгээ авдаг байх нь. Архинд донтох эмгэгтэй болохоос өмнөх үед нь соён гэгээрүүлэх мэдлэгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Тэнэгрэлтэй үед нь эмчилгээ хийнэ. Энэ олон хүрээ бүрд нь эмчилгээ хийх нь ээ дээ.
-Танай төвд эмэгтэйчүүд хэр ханддаг вэ. Эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсийн биеэ татаж авах чадварын хувьд ялгаа байдаг уу?
-Би нэг сонин жишээ хэлье. Манайх бол нотолгоонд суурилсан эмчилгээ шүү дээ. Архи гэдэг зүйл шинжлэх ухаан юм бол үүнийг бид өөрийнхөө бие гэдэг лаборатори дээр судалчихлаа шүү дээ. Халхын голын фронтод тулалдаж явсан гэдэг шиг архин дайны фронтын халуун гал дотор олон сайхан найзуудаа алдаж, үхлийг нь харж, үнэрлэж, өөрөө ч үхэх дөхөж гарч ирсэн туулай гэж үзэх юм бол тэр цөөн туулайны нэг нь би өөрөө сууж байна шүү дээ. Тэгэхээр олон жилийн өмнө архи гэдэг зүйл ийм аюултай байна, би тэр зангиатай цагаан захтай архичны чинь төлөөлөл байна аа гээд нийгэм намайг үзэн ядаад надад зориулсан нийтлэл хүртэл бичиж байсан. Би арван жилийн өмнө Засгийн газрын ордонд лекц уншиж байхдаа “Би зөн билэгтэн шиг хэлье. Үүнийг мэдэрч байна. Хэрвээ бид архидалтын асуудлыг одоо шийдэж чадахгүй бол арван жилийн дараа эмэгтэйчүүд архинд орно шүү. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд цуг уугаад ирэхээр хүүхэд чинь архинд орно” гэж хэлж байсан. 16 настай хүүхэд өнөөдөр тасарчихсан уйлаад сууж байна. 15 настай хүүхэд эрүүлжүүлэхэд журамлагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдчихсэн байгаа биз дээ. Гэр бүл салалт нэмэгдчихсэн байгаа биз.
-Тэгэхээр багаас нь хүүхдэд энэ талын мэдлэг олгох ёстой юу?
-Хөөрхий муу хэдэн хөвгүүдээ манайхан хаячихсан шүү дээ. Хөвгүүдэд зориулсан сургалт, хичээл, лекц заадаггүй. Охиддоо бол сайхан заана аа. Бие организмаа хэрхэн арчлах, сарын тэмдэг ирэх асуудлыг охидын хичээл гээд ордог юм. Тэгвэл хөвгүүдэд асуудал байдаг юм шүү дээ. Нойтон зүүд гээд. Энэ чинь хөвгүүдийн асуудал. Хайр дурлалаа яаж илэрхийлэх юм. Нэг охинд сайн болчихдог, зарим нь за нэг зуу татчихаад оч гэдэг. Үнэн ч юмуу худлаа ч юмуу. Зориг оруулах гээд байна шүү дээ. Хайр дурлалаа илэрхийлдэг дэлхийн гоё сонгодог аргууд байна шүү дээ. Биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг. Ингээд явж байтал хэл ам сайтай нь түрүүлж хэлээд авчихдаг. Сэтгэлээр унаад архи уудаг. Зарим нь эрсдэлд өртдөг. Хөвгүүдэд чинь өнөөдөр энэ талын хичээл заах ёстой юм байна шүү дээ. Би нэг удаа Хэнтий аймагт лекц хийсэн. Дан хөвгүүдийг нь үлдээчих гэсэн. Манай хөвгүүд сонсохгүй суухгүй л гээд байсан. Би хөвгүүдтэйгээ яримаар байна шүү дээ. Хоёр цагийн лекц уншлаа. Нэг ч хөвгүүн гараагүй. Яасан бэ гэхээр дандаа тэдний хэрэгтэй зүйлийг зааж өгсөн байхгүй юу. Эмэгтэй хүнд хэрхэн сэтгэлээ илэрхийлэх, эмэгтэй хүнийг хэрхэн татах вэ. Энэ тал дээр бид тэднийг бодвол туршлагатай шүү дээ. Тиймээс эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүнийг ойлгодог, багаас нь оюун тархинд нь энэ үзлийг суулгачих юм бол сэтгэлээ зөв илэрхийлж, хэтэрхий их гоо сайханд нь биш оюуны гоо сайханд, дотоод гоо үзэсгэлэнд дурладаг, эрдэм мэдлэгтэй эмэгтэй хүнд дурладаг. Эмэгтэй хүний гоо сайхныг олон талаас нь олж хардаг нүдтэй болно. Бэлгийн боловсрол, сексийн анхны учралыг эмэгтэй хүн ярих юм уу. Энэ бүхнийг эрэгтэй хүн хөвгүүддээ сургана. Хөвгүүдийнхээ боловсролыг дээшлүүлэх замаар, хөвгүүдээ хүчирхэг болгох замаар, эр зоригтой болгох замаар, архи гэдэг согтууруулах ундааны мөн чанарыг оюунд нь, цусанд нь, тархинд нь ухамсарт нь шингэтэл ойлгуулж өгч лекц сургалт хийх ёстой байхгүй юу. Ингэж байж залуучууд архи гэдэг ундааг аюул юм байна гэж мэдээд өсчихнө. Үүн дээр хөрөнгө гаргахгүй байна шүү дээ.
One reply on “Ж.Цогтсугар: Архидалттай тэмцэнэ гэдэг нь асар олон хүчин зүйлүүдийн нийлбэр DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru