Categories
гадаад мэдээ

Буча хот дахь хядлагын эргэн тойронд DNN.mn

“Буча хот дахь хядлага” нэр аваад буй орос цэргүүд Украины Буча, Ирпин, Гостомель, Чернигов хотын энгийн иргэдийг хүчирхийлж, эмэгтэйчүүдийг нь хүчиндэж, олноор нь алан хядсан явдал олон улсад жинхэнэ шуугиан тариад байна.

Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэргийг гарч явсны дараа нийтдээ 410 энгийн иргэний цогцсыг цуглуулснаа Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлсэн юм. Буча хотын дэд дарга Тарас Шаправский тэдгээрээс 50 цогцос нь Оросын цэргүүдэд шүүхээс гадуур цаазлуулсан иргэдийнх болохыг мэдээлжээ. Тэдгээрийн гарыг ард нь хүлж, толгойд нь ойрын зайнаас буудсан байна. Москвагийн эрх баригчид Бучагаас олдсон цогцсуудыг Оросын нэр хүндийг унагах гэж Украины талын зориуд үйлдсэн аллагын хохирогчдынх хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Манай цэргүүд өнгөрсөн сарын 30-нд Буча хотоос гарсны маргааш нь буюу 31-нд Буча хотын захирагч Анатолий Федорук хотод ганц ч орос цэрэг байхгүй гэж мэдэгдэхдээ буудуулсан иргэдийн тухай огт дурдаагүй. “Буча хот дахь хядлага” гэх баримтууд дөрөв хоногийн дараа гарч ирсэн. Энэ бол оросуудыг буруутгах гэсэн бузар гүтгэлэг” гэж мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг худал суртал ухуулга явуулахын тулд эх орон нэгтнүүдээ хөнөөсөн хэмээн буруутгасан юм.

Мөн НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга Дмитрий Полянский Аюулгүйн зөвлөлийг энэ асуудлаар яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан байна. Тэгвэл олон нийтийн зарим байгууллагууд уг хотоос оросуудыг гарч байх үеийн сансраас авсан зургийг нийтийн сүлжээнд тавьж орос цэргүүд уг хотуудад хядлага үйлдсэн болохыг батлан харуулав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш энэ асуудлаар хараат бус мөрдлөг явуулахыг уриалсан бөгөөд НҮБ-ын Гааг хотын Гэмт хэргийн олон улсын шүүхийн шинжээчид Буча хотод ирээд байна. Үнэндээ НҮБ буюу дэлхий нийт Орос, Украин, олон нийтийн байгууллагын үг болон баримтад бус эдгээр шинжээчдийн хөндлөнгийн дүгнэлтэд л итгэх нь тодорхой юм.

Украинд үйлдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтний хувиар шүүхийг АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден уриалжээ. “Энэ бол маш харгис хэрцгий хүн бөгөөд Бучад болсон зүйл үнэхээр аймшигтай. Бүгд үүнийг харлаа” гэж Байден мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “Бид Украинд тулаанаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зэвсгийг цаашид ч нийлүүлэх болно. Бас бид дайны гэмт хэргийн шүүх хуралд шаардлагатай бүх баримтыг цуглуулна” гэжээ. “Буча хот дахь хядлага”-тай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний дараагийн шатанд тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, нефтийн худалдааг хязгаарлахыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалав. Урд нь 2.8 сая хүн амтай Литва улс Оросын байгалийн хийн хамаарлаас бүрэн салж байгаагаа зарласнаар Европын Холбооны 27 гишүүн улсын анхдагч болоод байсан билээ. Мөн Польш улс Европын холбоог яаралтай хуралдуулж “Буча хот дахь хядлага”-тай холбогдуулан хамтарсан арга хэмжээ авахыг уриалав.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки ОХУ-ыг “тоталитар-фашист улс”, Оросын цэргүүдийн үйлдсэн аллагыг “геноцид” гэж нэрлэсэн байна. Германы канцлер Олаф Шольц “Путин болон түүний дэмжигчид хийсэн зүйлийнхээ үр дагаврыг амсах болно” гэж мэдэгдээд ойрын өдрүүдэд Өрнөдийн холбоотнууд шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсоныг дуулгасан байна. НҮБ-ын Дайны гэмт хэргийн шүүхүүдийн ерөнхий прокурор асан Карла дел Понте. “Орос Украины мөргөлдөөн хуучин Югослав дахь дайны хамгийн аймшигт үеийг эргэн санууллаа. Хүмүүсийг ингэж олноор нь булшлах явдлыг дахин олж харахгүй гэж би найдаж байсан” гээд ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаал гаргахыг уриалав. Харин Буча хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский уг аллагыг “геноцид” гэж нэрлээд Москвагийн эрх баригчдын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг Өрнөдийн орнуудад уриалсан байна. Энэ бүх явдлын дараа НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга Дмитрий Полянский Европ дахь цөмийн зэвсэггүй улсуудад байршуулсан цөмийн зэвсгээ буцааж татахыг АНУ-аас шаардлаа. “НАТО-гийн хамтарсан цэргийн хүч нэрээр Европын улс орнуудад АНУ стратегийн бус цөмийн зэвсэг байршуулснаараа Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг ноцтой зөрчиж байна” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сарын эхээр мөн Европоос цөмийн зэвсгээ эргүүлэн татаж, зориулалтын барилга байгууламжуудаа бүрэн устгахыг АНУ-аас шаардаж байсан юм. Энэ явдлыг олон улсын судлаачид В.Путин болон Оросын төр, засаг, цэрэг, улс төр, төрийн хэвлэл мэдээллийнхэн “дайны гэмт хэрэгтэн” хэмээгдэн олон улсын шүүхээр орох нь тодорхой болсон тул сүүлчийн арга болох цөмийн зэвсгээр дэлхий нийтийг заналхийлж эхэллээ хэмээн дүгнэж байна.


ТОВЧХОН

Цар тахлын улмаас Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон Оростой найрсаг харилцаатай өөр бусад 52 улсад үйлчилж байсан нислэгийн хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн цуцална гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.Тэрээр “Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ болон бусад хэд хэдэн орны хооронд үйлддэг тогтмол болон тусгай үүргийн нислэгт тогтоосон хязгаарлалтыг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн цуцалж байна. Энэ тухай шийдвэр бүхий баримт бичигт гарын үсэг зурсан” гэж мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн эргэн нислэг үйлдэх улсуудын жагсаалтад Алжир, Аргентин, Афганистан, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонконг, Энэтхэг, Индонез, Умард Солонгос, Малайз, Мальдив, Монгол, Пакистан, Перу, Турк, Өмнөд Африк, Ямайк зэрэг 52 улс багтсан байна.

l l l

Японы Гадаад хэргийн яам тус улсын дипломат ёсны “Цэнхэр ном”-оо шинэчилсэн хувилбараар гаргахаар бэлтгэж байна. Уг номд Курилийн арлуудын өмнө хэсгийг “хууль бусаар булаан эзлэгдсэн нутаг” гэж заасан тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Цэнхэр номын эцсийн хувилбарт эдгээр арлуудын нэрийг бүрэн томьёолохдоо “Японы уугуул нутаг бөгөөд одоо ОХУ-ын хууль бусаар булаан эзэлсэн нутаг дэвсгэр” гэж заах аж. Курилийн ийм томьёоллыг Японы дипломат бодлогод 2011 оноос хойш хэрэглэж байгаагүй бөгөөд анх удаа 2018 онд “хойд зүгийн дөрвөн арал Японых” гэж бичиж байв. Тэгвэл 2019 оны номын хувилбарт дээрх нэр томьёог ашиглаагүй юм. Япон улс үүнийгээ Москватай хийх гэрээ хэлэлцээр амжилттай болно гэж үзсэн тул уг номд оруулаагүй гэж тайлбарласан байдаг. Энэ жилийн “Цэнхэр ном” дөрөвдүгээр сард танилцуулагдах ёстой. Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яам эдийн засгийн хоригийн улмаас Японтой энхийн гэрээ байгуулах, Курилийн талаарх хэлэлцээрээс гарч буйгаа зарласан юм.

l l l

“Рио Тинто” компани Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зөвлөл (FIRB)-өөс зөвшөөрсний дагуу Аргентины литийн “Ринкон” төслийг 825 сая ам.доллараар худалдан авчээ. Серби улс байгаль орчинд хор хөнөөл учруулж байна хэмээн эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй, литийн “Жадар” төслийн лицензийг цуцалсан билээ. “Ринкон” нь Аргентин улсын Сальта муж дахь литийн гурвалжингийн голд оршдог, литийн давсны уусмалын томоохон төсөл юм. 2021 оны долдугаар сард хийсэн судалгаагаар тус уурхай нь 5.8 сая тонн литийн карбонатын баттай болон бодит геологийн нөөцтэй нь тогтоогджээ.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *