Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ-ийн лавлагааны лабораторийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилжээ DNN.mn

НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус үйл ажиллагаанд

  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,
  • НЭМҮТ-ийн Ерөнхий захирал,
  • АУ-ны доктор, дэд профессор Д.Нарантуяа,
  • ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ,
  • Химийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологид хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдол бүхий лабораторийн үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн. Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах бодис, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт сул байгаа тул бид боломжийг эрэлхийлэн сул талаа арилгах, эрсдэлээс хамгаалах, лабораторийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын тогтолцоотой адил түвшинд хүрэх зорилготой.

Лавлагаа лабораторийн орчин, нөхцөлийг сайжруулсан нь баталгаат эрүүл хүнсний ханган нийлүүлэлт, эм болон химийн бодисын хордлого, орчны эрүүл мэндийн байдал, тандалт судалгаа, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах анхан шатны суурь хэрэгцээнүүдийг хангах, стандартыг баримтлахад тун чухал ач холбогдол бүхий алхам юм.

Олон улсын түвшинд судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахад шаардагдах материаллаг орчин, чанар, үйлчилгээний стандартыг хангаснаар шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг оновчтой гүйцэтгэх нөхцөл бүрдэх юм. НЭМҮТ-ийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс гадна эм, тан, бусад химийн нэгдэл нь хүний бие, биологийн шингэнд хэдий хэмжээтэй, хэр хугацаанд агуулагдаж байна гэдгийг тогтоох боломжтой юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *