Физикийн ухааны доктор Ц. Эрхэмбаяртай ярилцлаа.
-Орчин үед дэлхий дахинд атомын цахилгаан станц ямар болсон талаар тодруулбал?
-Эхлээд нэрнээс эхэлье. Орчин үед Атомын цахилгаан станц гэхээс илүүтэй Цөмийн цахилгаан станц (Nuclear Power Plant) гэсэн нэр томьёо хэрэглэж байна. Орчин үеийн Цөмийн цахилгаан станцууд ямар болж байгаа вэ гэвэл илүү аюулгүй болж байна гэж тайлбарлаж болно. Жишээ нь, Фукушимагийн Цөмийн станцын ослын дараа Японд ажиллаж байсан бүх цөмийн реакторыг унтрааж, аюулгүй байдлын шаардлагаа чангатган, шинэ шаардлагыг хангасан Цөмийн станцуудаа асааж эхэлж байна. одоогийн байдлаар 45 реактороос 8-9-ийг нь асаасан байгаа. Цөмийн реактор гэдэг нь цөмийн урвал явагдах тогоо гэж ойлгож болно. Энд цөмийн гинжин урвал явагдаж, маш бага уранаас асар их эрчим хүч үйлдвэрлэдэг. Ер нь Цөмийн цахилгаан станцад “Аюулгүй байдал чухал ” гэсэн гол уриа байдаг. Энэ станцад хүн ажиллана гэдгийг маш сайн тооцож, аюулгүй ажиллах боломж нөхцөлийг хангаж ажилладаг. Иймд Японд Цөмийн цахилгаан станцад залуучууд маш их ажилладаг. Учир нь энд цалин өндөр, хүн амьдрах нөхцөл, хангамж сайн байдаг.
Дараагийн нэг чухал зүйл нь ашигласан түлшийг дахин боловсруулах, цөмийн хаягдлыг багасгах асуудал. Японд ийм түлшний дахин боловсруулах үйлдвэртэй танилцаж явахад тэнд эмэгтэй хүн ажиллаж байсан. Би гайхан “Та яагаад энд ажиллаж байгаа юм бэ” гэхэд тэрээр инээн “Би энэ үйлдвэрт 15 жил ажиллаж байна, хоёр хүүхэдтэй” гэж хариулж билээ. Эндээс би Цөмийн цахилгаан станц болон энэ чиглэлийн салбарт нөгөө л “аюулгүй ажиллагаа чухал” гэдэг зарчмыг мөрдсөнөөр хүмүүс тэнд сэтгэл амар ажиллаж амьдардаг юм байна гэж ойлгож авсан юм. Ер нь Цөмийн цахилгаан станц үйлдвэрлэгч орнууд станцын үйл ажиллагаа 99 хувь найдвартай гэж үздэг. Зөвхөн нэг хувь нь хүний үйл ажиллагаанаас хамаарна гэж үздэг. Мөн хүнээс үүдэлтэй алдааг багасгахын тулд аль болох автоматжуулах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна.
-Улс орнууд ямар шинэ нээлтийг гаргаж, хөгжүүлж байна?
-Дэлхий дээр байгаа бүх цахилгаан эрчим хүч гаргах нефть, шатдаг хий, нүүрс, уран зэрэг нь дэлхийн хүн амын 100-150 жилийн хэрэгцээг хангах юм. Цаашид яах вэ гэдэг асуулт гарна. Мөн нар сөнөвөл яах вэ гэх асуулт гардаг. Хөгжингүй орнууд энэ талаар аль хэдийнэ бодож, хамтран ажиллаж эхэлсэн байна. Дэлхийн гуравны хоёрыг ус эзэлдэг. Усыг цөмийн реакторт 1300-1500 орчим градуст устөрөгч, хүчилтөрөгч болгодог. Ингээд устөрөгчөөр ажилладаг машин гарчихсан байгаа. Хүчилтөрөгч мөн маш ихээр хэрэгтэй. Мөн наран дээр хөнгөн цөмийн нэгдэх урвал буюу устөрөгч, гели нэгдэх урвал явагдаж, асар их эрчим хүч үйлдвэрлэж байдаг. Хөгжингүй орны эрдэмтэд, цөмийн физикчид “Create Sun on the Earth” буюу “Дэлхий дээр нарыг бүтээх төсөл” дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, наран дээр явагддаг цөмийн халуун урвалыг дэлхий дээр явуулахаар ажиллаж байна. Энэ урвалыг явуулахад нэг асуудал үүсдэг. Тэр нь юу вэ гэвэл хөнгөн цөмийн нэгдэх урвал явуулахад асар их халууныг тэсвэрлэх реактор. Ийм тогоог бүтээх хэцүү байдаг. Тиймээс орчин үед энэ урвалыг явуулахдаа хүчтэй соронзон орноор барьж явуулж байна.
-Атомын цахилгаан станцын хамгийн чухал ач холбогдол юу вэ?
-Атомын буюу Цөмийн цахилгаан станц хүлэмжийн хийг үйлдвэрлэдэггүй. Иймд Цөмийн цахилгаан станцыг эрчим хүч үйлдвэрлэх ногоон технологи гэж үзэж байна. Ийм учраас дэлхийн хөгжингүй орнууд Цөмийн цахилгаан станцаар эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Тухайлбал, Франц улс эрчим хүчний 80-аад хувийг Цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэдэг. Бас Цөмийн цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүч хамгийн хямд эрчим хүч байдаг. Үүгээрээ маш их ач холбогдолтой юм.
-Манай улсад энэ салбар хөгжих, үүсэх боломж нөхцөл юу байна?
-1970-аад оноос Монгол Улс Цөмийн цахилгаан станцын инженер бэлтгэж эхэлсэн байдаг. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэж байна. Социализмын үед голчлон Дубнагийн Цөмийн шинжилгээний Нэгдсэн Институтэд мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан бол орчин үед залуучуудыг Япон, Франц, Америк зэрэг хөгжингүй орнуудад энэ чиглэлээр бэлтгэн магистр, докторын сургалтад хамруулан мэргэшүүлж байна. Монгол улс 2008 онд “Цөмийн Энергийн Хууль”-аа батлан 2025 онд анхны Цөмийн цахилгаан станцаа барьсан байхаар төлөвлөсөн боловч Фукушимагийн ослын дараа ихэнх орнууд Цөмийн цахилгаан станцын талаарх бодлогоо сулруулсан бөгөөд Монгол Улс ч анхаарлаа сулруулсан юм. Харин Хятад зэрэг зарим улс Цөмийн цахилгаан станцтай болох төлөвлөгөөнөөсөө ухраагүй бөгөөд харин ч олноор үйлдвэрлэх, агаарын бохирдлоо бууруулах гол арга замаа гэж сонгож байна. Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Цөмийн судалгааны төв нь энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, судалгаа туршилтын ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ чадварлаг олон залуучуудыг гадаадад сургаж, бэлтгэж байна. 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр ОХУ-ын ерөнхийлэгч Монгол Улсад Цөмийн судалгааны төв шинэчлэн байгуулах санал гаргасан нь манай улсад энэ чиглэлийн судалгааны ажил өргөжих, Цөмийн цахилгаан станцтай болоход чухал дөхөм болох болов уу гэж бодож байна.
-Хэсэг иргэд уран, атомын цахилгаан станцын асуудалд сөрөг байр суурьтай байх нь бий. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?
-Аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Цөмийн цахилгаан станцын нэг асуудал нь түүнээс шатаж гарсан өндөр цацраг идэвхтэй хаягдлын асуудал байдаг. Түүнийг дахин боловсруулах, хаягдлыг багасгах талаар хөгжингүй орнууд маш их зүйл хийж байна. Үүний нэг жишээ нь хаягдал түлшийг дахин боловсруулан холимог оксидын түлшээр ажиллах Цөмийн станцыг байгуулсан байдаг. Мөн цацраг идэвхт хаягдлыг дахин боловсруулах, хадгалах маш нарийн технологийг боловсруулсан байдаг.
Манай хөрш Казахстан улс дэлхийн ураны 35 хувийг дангаар ханган үүнээс олсон ашгаараа улс орноо хөгжүүлэх, залуучуудаа үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй сурах боломжоор хангаж байгаа зэрэг сайн туршлага байна. Манай улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд аравдугаар байранд жагсаж байна. Бид энэ уранаа анхан шатны боловсруулалт хийн шар нунтаг болгон зарж, мөнгө олж, улс орноо хөгжүүлэхэд ашиглаж болох юм. Миний мэдэхээр, Францын Арева групп ураны олборлолт, боловсруулалт, цөмийн технологийн хөгжлийн дэлхийд тэргүүлэгч компани. Энэ компани 1997 оноос хойш Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр тасралтгүй ажиллан 100 гаруй монгол залуучуудыг өндөр цалин, тав тухтай нөхцлөөр ханган ажиллаж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны томоохон ордыг илрүүлэн тэнд анхан шатны ураны үйлдвэр байгуулан, байгаль орчинд хамгийн хор хөнөөлгүй технологи болох газар дор уусган баяжуулах аргаар уранаа боловсруулж байна. Тэгэхээр бид ураныг байгалийн нэг баялаг гэж үзэн түүнийгээ ашиглан, зарж борлуулж, ашиг олж, улс орныхоо хөгжилд нэмэр оруулах хэрэгтэй.
-Цацраг идэвхт изотопыг хорт хавдрыг эмчлэх, уул уурхай зэрэг салбарт ашиглаж болно гэж байсан, энэ талаар тодруулбал?
-Цөмийн цахилгаан станцыг барихын өмнө судалгааны реактор барьж, тэнд мэргэжилтнээ бэлтгэхээс гадна цацраг идэвхт изотоп үйлдвэрлэн түүнийгээ зарж борлуулахаас гадна ашиглаж болох юм. Цацраг идэвхт изотопыг маш олон чиглэлд ашиглаж болох бөгөөд нэг чухал салбар нь эрүүл мэндийн салбар. Манай улсын Нэгдүгээр төв эмнэлэг Цөмийн онош зүйн тасагтай бөгөөд богино настай цацраг идэвхт изотопоор өвчтөнийг оношилдог. Мөн хүн амын нас баралтын нэг гол шалтгаан болох хорт хавдрыг эмчлэхэд цацраг идэвхт изотоп ашигладаг. Уул уурхайн салбар, гааль, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үл эвдэх сорилын аргад цацраг идэвхт изотопыг өргөн ашиглаж байна.
-Хэрвээ манай улсад энэ салбарыг хөгжүүлье гэвэл юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд Цөмийн судалгааны реактортай болох хэрэгтэй. Энэ нь мега төсөл бөгөөд томоохон санхүүжилт хэрэгтэй болохын зэрэгцээ олон хүнийг ажлын байраар хангана. Хоёрдугаарт, бүх иргэд цөмийн станцын аюулгүй ажиллагааны талаар эерэг зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Үүний тулд хүүхдүүдэд бага наснаас нь зөв, эерэг мэдлэг олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний талаар бүх нийтийн боловсрол чухал юм. Цөмийн эрчим хүчний талаар бүгдээрээ эерэг зөв мэдлэгтэй байж, бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болно гэж бодож байна.
-Атомын цахилгаан станц манайд шаардлагатай юу?
-Мэдээж шаардлагатай. Бид утаанаасаа салахын тулд эрчим хүчний найдвартай үүсвэр хэрэгтэй. Энэ нь цөмийн цахилгаан станц гэдгийг Хятадын жишээ харуулж байна. Тэд утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд Цөмийн цахилгаан станц олноор барьж байна. Алсдаа дэлхийн улс орнууд ийм л жишиг рүү явахыг хөгжингүй орнууд харуулж байна.