Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Батбилэг: Тайз дэлгэцийн зураач сайн зурахаас гадна харилцааны ур чадвар өндөртэй байх хэрэгтэй DNN.mn

“Мөнгөн мод” 2021 наадмын тайз дэлгэцийн шилдэг зураач Л.Батбилэгтэй ярилцлаа.


-Оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” 2022 наадмаас өөрийгөө шагналт байр эзэлнэ гэж бодож байв уу?

-Үгүй ээ, таамагласангүй. Энэ жил өсч яваа залуу уран бүтээлчийн хувьд хийж бүтээх хүсэл, уран бүтээл, сэтгэлгээгээ илүү өөр түвшинд аваачих зорилготой байлаа. Энэ жил ажилласан хоёр уран бүтээл маань өмнөхөөсөө ч илүү боллоо. Үзэгчид үүнийг хүлээн зөвшөөрч, сайшаалтай байгаад баяртай байна. Олон хүнтэй энэ номинацид өрсөлдсөн. Энэ дундаас шилдгээр тодорсон минь бүх уран бүтээлийн үр дүн гэж бодож байна.

-Тайз дэлгэцийн уран бүтээлд зураач ямар үүрэгтэй вэ?

-Тайз дэлгэцийн зураач театр, киноны ажилд тулгуур болсон чухал нөлөөтэй ажил. Зохиол ямар дүрслэл зураглал байх вэ, яаж хүний нүдэнд үнэмшилтэй, сэтгэлд хүрэх вэ гэдэг нь дүрс зураглалын аргаар илэрдэг. Тэр нь бодитоор дүр болон бүтээгддэг. Мөн орчны дизайн ямар ахуйд, сэтгэлгээт, хэмжээс, орон зайд байх вэ гэдэг нь тайз, дэлгэцийн зураачийн уран бүтээлийн жанрт уялдуулсан ажиллагааны үр дүн байдаг. Аливаа жүжгийн өнгө аяс, хэв шинж гээд бүхий л шинж чанарууд бүрддэг. Үзэгчдэд хамгийн гүн сэтгэгдэл үлдээдэг зүйлүүдийн нэг бол орчны хэв шинж.

-Та театр, тайз, дэлгэцийн урлагт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-12 жил ажиллаж байна.

-Тайз, дэлгэцийн урлагтай хэрхэн холбогдов, бие даасан зураачаар ажиллах бодол байдаг уу?

-Тийм бодол байсан шүү. Суурь уран зураач гэдэг мэргэжлийн үндсэн зураач болно гэж боддог байлаа. Манай мэргэжлийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Би ч гэсэн багадаа тайз дэлгэцийн зураач гэж мэддэггүй байлаа.

Зураач мэргэжил нь театр, тайз, дэлгэцийн салбар руу мэргэшдэг гэдгийг оюутан болоод л ойлгосон. Мэргэжлийн багшийн гар дээр мэргэжлийн зураач болж, энэ салбар надад илүү их таалагдаж сонгосон.

-Тайзны зураач сайн зурдаг байхад л хангалттай юу, өөр ямар чадваруудыг шаарддаг вэ?

-Мэдээж ур чадвартай зураач байх хэрэгтэй. Сэтгэлгээний маш том хүчин зүйлүүдийг шаарддаг, учир нь олон мэргэжлийн хүмүүстэй хамт ажиллана. Жишээлбэл, түүхэн кино хийхэд түүхээ уншиж судлах, зохиолчтой ажиллахад зохиолоо уншина, түүндээ задаргаа хийх шаардлага гарна. Найруулагчтай хамтарч ажиллахад үзэгдлийн найруулгуудыг тайз хоорондоо яаж уялдах, жүжиг амьдрахад тайз болон хувцас, дүрүүд ямар байх гэх мэт давхар олон ур чадвар хэрэгтэй болдог. Харин хувь зураачийн үүднээс юмны бүтэц хэрхэн яаж бий болох вэ гэдэг дээр их сайн ажилладаг. Тэгэхээр энэ нь өөрөө бидний нарийн мэргэшсэн салбарын нэг давуу тал нь болж байгаа юм. Зургийг хэрхэн бодит болгох вэ л гэдэг асуудал юм.

-Тайз, дэлгэцийн зураачийн хамгийн хүнд зүйл нь юу байдаг вэ?

-Түүхэн киноны ажил гэдэг нь нөөц боломж, цаг хугацаа, цар хүрээ өргөнтэй учир зураачийн ажиллагаанаас олон зүйл шалтгаалдаг. Ажиллагааны хувьд зураачийн хөдөлмөрийн ачаалал өндөр байдаг. Театр, киноны зураг гэдэг хамтын урлаг учраас багийн зохион байгуулалттай ажилладаг. Нэг хүний оюун санаа бодлыг тэр баг яаж хөдөлгөж гаргах вэ гэхээр нэг зүйл дээр чиглэнэ. Энэ нь харилцааны ур чадвар шаардана, хүмүүстэй ойлголцож байж уран бүтээл сайн болно.

-Хамгийн сүүлд та “Гэм зэм” жүжигт ажиллав уу?

-Тийм ээ, өнгөрсөн зун “Гэм зэм” жүжиг болон “Хотулун гүнж” түүхэн уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллалаа. Одоо Өмнөговь аймгийн шинэ театрын нээлтийн жүжигт ерөнхий зураачаар ажиллаж байна.

-Ямар жүжиг юм бол, хэлж болох уу?

-“Хөх нар” гэдэг жүжиг.

-Зураач хүн зөвхөн зохиол найруулгаа даган ажилладаг уу, эсвэл өөрийн уран сэтгэмжээ ашиглан зурах уу?

-Тусгай шийдлийн асуудлыг гаргаж ирнэ. Зохиол найруулга буюу бичсэн зүйлийг яаж зураглал болгох хам

вэ гэдэг нь мэргэжлийн зураачийн шийдэл. Энэ гурав бол тус бүр өөрийн гэсэн өнцөг, хариуцлага, статустай. Гэхдээ хооронд нь уялдуулах маш гүнзгий ойлголцол байх ёстой. Нэг чигийн дагуу гэсэн зүйл бол байдаггүй. Энэ бүхэн маань сайн зураач, зохиолч, найруулагч нар нийлж уран бүтээлийн шийдлийг олох, өвөрмөц сэтгэлгээгээ гаргана. Энэ нь уран бүтээлийн чанарт нөлөөлнө.

-Таны ажилласан анхны тайз ямар тайз вэ?

-“Ану хатан” кинонд туслах зураачаар ажиллаж байлаа. Бид бүгд л туслахаас л эхэлдэг шүү дээ. Мөн казахстаны түүхэн жүжигт ажиллаж байсан.

-Зураачаар төгсөж байгаа залуусын тоо нэмэгдсээр байна. Та энэ мэргэжлийг ирээдүйд хэрхэн төсөөлдөг вэ?

-Би СУИС-ийн тайз дэлгэцийн зураачийн багшаар ажилладаг. Ирээдүйд энэ мэргэжлийн чиг хандлага яаж явах вэ, өнгөрсөн болон дунд үеийн хүмүүсийн үед ямар байсан, шинэ үеийн залууст ямар байгаа, ирээдүйд бид хаачих вэ гэдэг зүйл надад байнга бодогддог. Дэлхийн тайз дэлгэцийн урлагт хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин, техник технологи, цахим хувилбартай нийлж маш том инноваци хийгдэж байна.

Орчин үеийн залуус бид түүн рүү дөхөх хэрэгтэй. Бид боломжийг хүлээх биш өөрсдөө бий болгох ёстой.Монголчууд дотроо биш аль болох гадны уран бүтээлд зорих, хамтрах чадвараа тэдэнд үзүүлэх, чадахгүйгээ суралцах хэрэгтэй, орон зай нь ч байна. Аливаа зүйл байнга шинэчлэгдэж байх ёстой. Тэр тусмаа урлаг. Шинэ сэтгэлгээ, шинэ өнцөг байж гэмээнэ хүний оюун санааны дотоод хөгжлийг нээж өгдөг.

-Тайз, дэлгэцийн хэдэн уран бүтээлд ажилласан бэ?

-Нийт 28 уран бүтээлд ажилласан. Ихэнхдээ түүхэн уран бүтээлд ажиллажээ. Уран бүтээлч хүний чадварыг сорьдог гол талбар бол зөгнөлт болон түүхэн жанр байдаг. Энэ нь өөрөө ур чадвараас гадна сэтгэмж шаарддаг. Пост модерн төрлүүд Монголын урлагт нэвтэрч байгаа нь дэлхий дахинтай харьцуулахад хожуу боловч энэ цагтайгаа харьцуулахад авууштай зүйл.

“Гэм зэм” жүжиг тайзан дээр анх удаа технологи ашиглалаа. Автоматаар хөдөлдөг ухаалаг төрлийн тайзыг хийлээ. Үзэгдэл хаагдаад солигддог биш, шууд үзэгчдийн нүдэн дээр алсын удирдлагаар ажилладаг тайзыг хийсэн. Энэ бол яаж өөр болгох вэ гэдэг нэг шийдэл болж чадсан байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *