Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
– Шинэ сэргэлтийн бодлого гэхээс илүүтэй эдийн засгийн уналтаа хэрхэн зогсоох, гацаанд орчихсон гадаад худалдаагаа хэрхэн сэргээх талаар ярих ёстой –
-Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ. Валютын нөөц хомстож, шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байна?
-Эдийн засгийг хүнээр төлөөлүүлэн үзвэл эрүүл мэндийг нь гурван үндсэн үзүүлэлтээр оношилно. Нэгдүгээрт инфляци, хоёрдугаарт ажилгүйдэл, гуравдугаарт, манайх шиг импорт, экспортоос хараат улсын хувьд валютын ханш хэр тогтвортой байгаа зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл инфляци зорилтот түвшнээсээ хоёр дахин нэмэгдчихсэн байна. Жирийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тооцохоор хөдөлмөрийн насны иргэдийн 70-аас дээш хувь нь ажил эрхэлдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ үзүүлэлт 50-иас доош хувийн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, далд ажилгүйдэл өндөр байна гэсэн үг. Албан ёсоор ажилгүйдлийн хэмжээ найман хувь гэж байгаа боловч бүртгэлд хамрагдаагүй далд ажилгүйчүүдээ тооцоод үзвэл хоёр хүн тутмын нэг нь ажилгүй болж. Харин валютын ханшны тухайд хэрхэн яаж өссөнийг иргэд, уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Ялангуяа сүүлийн үед валют хоёр төрлийн ханштай болчихлоо. Албан ёсны буюу Монголбанкнаас зарласан ханш нэг өөр, гадаадад хүүхдээ сургадаг, эсвэл гадагшаа явах гэж байгаа иргэдэд доллар авах эрэлт нь байгаа боловч нийлүүлэлт байхгүй байна. Тийм учраас 3000 давсан үнээр бага хэмжээний доллар олдож байна. Банкнууд долларын гүйлгээгээ хязгаарлачихсан байна. Ингээд харахаар манай улсын эдийн засгийн амин үзүүлэлтүүд түгшүүрийн байдалтай, улаан гэрэл асчихсан байна.
-Эдийн засагт нь улаан гэрэл асчихсан байгаа энэ үед эдийн засгаа дэмжихийн тухайд ямар арга хэмжээ авах нь зохилтой вэ?
-Үнэ бууруулахын тухайд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд гаднаас түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байна. Тийм учраас бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч үнэ өсөөд байгаа юм. Хэрэв дотоодын үйлдвэрлэлийн болон импортын бараа бүтээгдэхүүний урсгал чөлөөтэй болчихвол үнэ нь тогтворжино. Зах зээлийн зарчмын дагуу нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурна. Тиймээс нэг бол импортыг нэмэгдүүлэх, эсвэл дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэлийнхэн өөрсдөдөө хэрэгцээтэй түүхий эдээ гаднаас авч чадахгүй хүнд байдалд орчхоод байна. Түүнчлэн зарим ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ. Тиймээс эдгээр ААН-үүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл гаргах гэх мэт олон төрлийн арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэмж хэлэхэд, одоо НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгохгүй бол болохгүй нь. Он гарсаар эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого өссөн мэдээлэл гарсан. Үүнд инфляци тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энгийнээр тайлбарлая л даа. Талх 1500 төгрөг байхад НӨАТ нь 150 төгрөг байна. Гэтэл талх 2000 төгрөг боллоо гэхэд НӨАТ 200 төгрөг болж өснө. Өөрөөр хэлбэл, инфляци өсөх нь Засгийн газарт ашигтай гэсэн үг. Үнийн өсөлтөөр дамжуулж татварын орлогоо нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, төгрөгийн ханш сулрах нь ч Засгийн газарт ашигтай. Тухайлбал, 100 кг нүүрс зарсан гэж бодъё. Нэг кг нүүрсийг 10 доллараар зарсан гэж хийсвэрлэе. Нийт 1000 доллар болно. Тэгвэл нэг доллар нь 2000 төгрөг байг. Тэгснээ 3000 төгрөг болж өсөг. Доллар тутам 1000 төгрөгийн ханшны олз орж ирж байна. Ханшны зөрүүг дагаад улсад олох орлого нэмэгдэнэ. Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллараар зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм.
-Засгийн газарт ашигтай байлаа гээд иргэдийн нуруун дээр ирэх дарамт улам л нэмэгдэж байна шүү дээ?
– Тийм. Төгрөгөөр орлогоо олдог иргэд, хувийн хэвшлийн хувьд төгрөгийн ханшны сулрал ба инфляци хүнд тусна. Тэдний нуруун дээр нь дарамт ирэх нь тодорхой л доо. Дээр нь Замын-Үүдийн боомтоор оруулж ирэх ачаа тээврийн зардал хэд дахин өссөн. Маш их оочер дараалал бий болсон. Ийм үед төрийнхний бараа бүтээгдэхүүн хувийн хэвшлийнхний бараа бүтээгдэхүүнээс түрүүлж орж ирдэг. Ялангуяа Ковидын тухай хуулийн дагуу Засгийн газарт хэтэрхий их эрх мэдэл төвлөрсөн. Тэд хувийн хэвшлийн ачаа барааны урсгалыг боомилж байна. Үүнээс үүдэн үүсч буй зардлын өсөлт үнэд шингэж инфляцийг хөөргөднө. Энэ бүхэн иргэдийн амьдралд хүнд байдал үүсгэж байна.
-Манай улс энэ жил анх удаагаа 18 их наядын төсөв баталсан. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Цагаан сарыг угтаж ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд төсөвт тодотгол хийж тэтгэврийн хэмжээг 15 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийт инфляци 40-50 хувиар өссөн. Дээр нь энэ онд дангаараа 15 хувийн инфляци үүсчихээд байна. Хуримтлагдсан инфляцийн хэмжээгээр ахмадуудын тэтгэврийн худалдан авах чадвар хоёр дахин буурчихаад байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн нь аргацаасан шийдвэр байсан.
-Олон жил ужгиран өсч буй инфляцийн шалтгаан?
-Инфляци нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь төр өөрөө шүү дээ. Хэтэрхий том төсөв баталдаг. Тэр төсөв нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зах зээлд бий болгож, хэтэрхий их эрэлт үүсгэж байна. Ялангуяа манайх шиг импортын тал дээр гацаатай байгаа орны хувийн хэвшил нь гацаанд орчихдог. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өмнө нь нэг ачааны машин тээврийг 6-7 сая төгрөгөөр татдаг байсан бол одоо 50-60 сая төгрөгөөр татаж байна. Хоёрдугаарт, одоо манай улсын голлох уул уурхайн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна.Тонн зэс 10 мянган ам.доллар, нүүрс 400 ам доллар хүрчихээд байна. 2013 онд тонн нүүрс 26 ам.доллар, зэсийн үнэ 4500 ам.долларт хүрч буурч байсан. Гэтэл энэ үетэй харьцуулахад нүүрс 15 дахин, зэс хоёр дахин өссөн байна. Ийм сайхан үнийн өсөлтийн мөчлөгийг харамсалтай нь манай улс ашиглаж чадсангүй.
-Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсөх прогноз хэдэн жилийн өмнөөс тодорхой харагдаж байсан байх. Бидэнд цар тахлын үеийг тооцож бэлтгэл байдлаа хангах боломж хангалттай байсан байх гэж бодож байна?
-Яг тийм. БНХАУ-ын талаас цар тахал гарч эхлэх үеэс л “Та нар хорио цээрийн дэглэмдээ анхаараарай” хэмээн сануулж байсан. Ер нь 3000 тээврийн жолоочийг ковидын шинжилгээнд хамруулах, төмөр замтай байсан бол нэг машинистыг хамруулах хоёр тэнгэр газар шиг ялгаатай асуудал л даа. Цар тахал гарч байх үеэс л манайхан дэглэм алдаж, зарим жолооч дээр хуурамч шинжилгээний хариу хүртэл гаргасан. Гэтэл өнөөдөр БНХАУ-д ковидын тоо дахин нэмэгдсэнээс үүдэн жишээ нь, Шанхайд хатуу хөл хорио тогтоолоо. БНХАУ даяар ковидгүй орон болох зорилт дэвшүүлсэн. Тийм ч учраас нөхцөл байдал ингэж хүндрэхийг анхааруулсаар байсан. Энэ жилийн улсын төсөвт Андлалын хөшөө шиг бүтээн байгуулалтуудад зориулж 700 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байв. Тэгвэл энэ мөнгөний багахан хэсгээр Замын-Үүд, Бичигт, Гашуунсухайт боомтууд дээрээ цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой байсан. Энэ оны төсөвт улсаас энэхүү чиглэлээр бараг л мөнгө суулгаагүй. Харин Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт, тусламжаар хийгдэх ажлууд тусгагдсан байна лээ.
-Уул уурхайн бүтээгдэхүүнээ худалддаг урд хил хаалттай, хойд хөрш дайны байдалтай байна. Тэгвэл дунд нь оршиж байгаа манай улс ямар бодлого баримталбал эдийн засгийн хувьд ашигтай вэ?
-ОХУ болон Украины дайнаас үүдэн манай улсад үүсч болзошгүй нэг асуудал нь шатахууны нийлүүлэлтийн доголдол байсан. Санасныг бодоход нөхцөл байдал гайгүй юм шиг байна. Учир нь оросуудад ам.долларын хэрэгцээ их байгаа. Манай улс ОХУ-аас жилд нэг тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг. Тиймээс Европын болоод бусад орнуудын хоригт орчихсон ийм үед ОХУ нэг тэрбум ам.доллараас татгалзахгүй л болов уу. Гэхдээ цаашид шатахууныхаа 10 хувийг импортолдог БНХАУ,БНСУ-уудаас авдаг хүчин чадлаа өсгөх хэрэгтэй гэж харж байна. Түүнчлэн манайх нүүрс, занарын арвин их нөөцтэй орон. Нүүрс, занараас бензин дизель гаргах технологи нь бий. Тиймээс манайд асар их боломж байгаа гэсэн үг. Энэ боломжоо ашиглаж, эргэлтэд оруулах юм бол шатахууны хараат байдлаас гарна. Энэ чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, олон жил гацсан эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, эрчим хүчний хараат байдлаас гарах хэрэгтэй. Ямар ч хямралд гарах гарц бий. Тийм учраас дотоодынхоо гацсан төслүүдийг урагшлуулах, хөдөлгөх хэрэгтэй.
-Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж есөн хувьд хүргэснээ зарлалаа. Энэ хэр зөв зүйтэй алхам болсон бэ?
-Миний хувьд энэ алхмыг зөв буруу гэж шүүж хэлэх нь зохимжгүй л дээ. Энэ бол стандарт арга хэмжээ. Хүн ханиад хүрэхээр антибиотик хэрэглэх болдогтой адил мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляци өсчихсөн, ханш уначихсан байгаа энэ үед бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй. Гэхдээ энэ арга хэмжээний хохирол нь хаана, хэнд ирэх вэ гэхээр хувийн хэвшилд ирдэг. Уг нь зөв арга хэмжээ авахын тулд алдагдалгүй төсөв батлаад сурчих хэрэгтэй. Манайх жил бүр 2-3 их наяд, зарим тохиолдолд таван их наядын алдагдалтай төсөв баталж байна. Төсвийн энэхүү алдагдал эдийн засгийн хий халаалт үүсгээд байгаа юм. Тэгээд ч энэ мөнгө нь эдийн засагт шингэхгүй байна. Учир нь манай төсөв жилд 30 хувиар өсч байхад эдийн засаг дагаад өсөх ёстой. Гэтэл эдийн засаг өсөхгүй дороо хий эргээд байна. Учир нь энэ мөнгө Эрээн рүү гараад, дотоодын эдийн засагтаа шингэхгүй байна. Уг нь төсвөө танасан бол их зөв алхам болох байлаа. Хоёрдугаарт, хувийн хэвшилд хөрөнгө оруулалтын эрх чөлөөг олгох хэрэгтэй байсан. Одоо бодлогын хүүг өсгөчихөөр хэрэглээ хумигдана. Учир нь зээл авах боломжийг хүчээр хааж байна. Иргэд худалдан авалт хийхгүй байна гэдэг бол эдийн засгийн идэвхжил саарна гэсэн үг. Дээр нь компаниудад зээл олдохгүй учраас хөрөнгө оруулалт бага хийнэ. Үүнийг дагаад ажлын байрны тоо цөөрнө, ААН-үүд ажилчдаа цомхотгож эхэлнэ. Бодлогын хүүг өсгөх нь төгрөгийн ханшийг хамгаалах талд мэдээж авахаас өөр аргагүй арга хэмжээ. Гэхдээ нөгөө талд нь хувийн хэвшил агшина, ажилгүйдэл, ядуурал өсөх маш том золиос бий. Төв банкны үнэт цаасан дээр их хэмжээний мөнгө төвлөрнө гэсэн үг. Үүнийхээ тодорхой хэсгийг моргейжийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Ингэвэл барилгын салбарт 100 мянган ажлын байр бий болно, гэр хороололд амины олон орон сууц баригдаж агаарын бохирдол буурна. Энэ мэтчилэн арга хэмжээгээ зоригтой авах хэрэгтэй.
-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Үнэхээр Засгийн газрын тооцоолж байгаа шиг сэргэлтүүд гарах уу?
-Ер нь бол Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжил-2030, Алсын хараа-2050 зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх маш олон бодлогын баримт бичгүүд байсан, бас бий. Ихэнх нь хэрэгжилт муу байгаа. Үнэндээ одоо бол манай улсын эдийн засаг уналтын байдалтай байна. Одоо шинэ сэргэлтийн бодлого гэж ярихаас илүүтэй эдийн засгийн уналтаа хэрхэн зогсоох, уналтад орчихсон байгаа хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж, гацаанд орчихсон гадаад худалдаагаа хэрхэн сэргээх, хөрөнгө оруулалтаа хэрхэн дэмжих талаар ярих ёстой.