Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.
– Ч.Мөнхбаяр гэмт хэрэг хийгээгүй учраас тайван, зоригтой байгаа –
-Ч.Мөнхбаярын шүүх хурал товлогдсон байна. Шүүх хурал хүртэлх нөхцөл байдал яаж өрнөж байгаа талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Ч.Мөнхбаяр хоёрдугаар сарын 17-нд баривчлагдсанаас хойш 40 гаруй хоног боллоо. Шүүхээс анх таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор шийдсэн байсан. Тэр хугацаа энэ сарын 19-нд дуусч, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал болсон. Тэр үеэр Б.Батдорж өмгөөлөгч бид хоёр Ч.Мөнхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргасан. Учир нь энэ хүн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хаяг нь тодорхой. Тиймээс заавал хорих шаардлагагүй гэж үзсэн. Гэвч шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй, харин ч дөрөвдүгээр сарын 1-нд шүүх хурал зарлагдсан. Тэр болтол цагдан хориог хэвээр шийдсэн байгаа юм. Ингээд шүүх хурал ирэх сарын 1-нд болох нь.
Манай ард иргэд Ч.Мөнхбаяр гэдэг хүнийг мэднэ. Энэ хүн жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог, өөрөө монгол бичиг, соёлын тухай ярьдаг, үндэсний үзэлтэй. Тэр дундаа өмнөд монгол, буриад, тува, хазара гээд дэлхийгээр тарсан монгол үндэстэн хүмүүсийг хамгаалж, өмгөөлж явдаг нийтийн эрх ашгийг хамгаалагч шүү дээ. Гэтэл Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр зүйлийн 19.4-өөр яллагдагчаар татсан. Шүүх хурлын үеэр яллагдагчаар татсан зүйл анги зөв үү, буруу юу гэдэг дээр мэтгэлцэнэ. Энэ бол буруу гэдгийг өмгөөллийн талаас бид мэтгэлцэж таарна. Мэдээж Монгол Улсын прокурор гэдэг төрийн нэрийн өмнөөс хэрэг хийсэн хүнд зэмлэлийг нь хүлээлгэж, хийгээгүй хүнийг цагаатгах үүрэгтэй. Яагаад энэ хүнийг тагнуул гэж үзсэн, ямар нотлох баримтаар нотлов гэдгийг прокурор шүүх танхимд гаргаж ирэх ёстой.
-Эрүүгийн хуулийн 19.4 гэдэг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл байдал байх аа?
-Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн объект ерөөсөө Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулсан байх ёстой. Гэм буруугийн санаатай үйлдлийг шаардана, дээр нь хохирлыг заавал шаарддаг.
Дээрээс нь тагнуул гэдэг өөрөө гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэсэн зүйл заалт. Энэ нь өөрөө их онцлогтой. Эрүүгийн хуулийн 2015 оны өөрчлөлтөөр нарийвчлаад заагаад өгчихсөн. Тодруулбал, тагнуул гэдгийг мэдсээр байж гэж бие дааж хуульчлагдсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр хүртэл Ч.Мөнхбаярын хамссан гээд байгаа байгууллага тагнуулын байгууллага мөн эсэхийг Монголын тагнуулын байгууллага тодорхойлж гаргаж ирээгүй байгаа.
Та бүхэн хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас хэвлэлийн хурал хийснийг эргэж харах боломжтой. Энэ үеэр гадаадын тагнуулын албаны гар хөл болсон гэж зарласнаас биш тэр улсынх гэж зарлаагүй. Хоёрдугаарт, мэдсээр байж гэдэг үг маш тодорхой үг. Манай үйлчлүүлэгчийн хувьд тухайн байгууллагыг тагнуулынх гэж мэдээгүй байсан. Мэдээгүй байсан хүнийг нийтэд тагнуул мэтээр зарласан. Энэ нь өөрөө Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, гэмт хэрэг хийсэн үү гэдгийг тогтоодог хууль хоёрыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
Хэрэв гадаадын байгууллагыг тагнуулынх гэж мэдсэн юм бол манай тагнуулын байгууллага Монгол Улсынхаа иргэнийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Үүрэг нь ч тийм. Гэмт хэргийг илрүүлнэ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авна, таслан зогсооно. Гэтэл манай үйлчлүүлэгчид хэлээгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй. Энэ нь өөрөө их ноцтой.
-Нэг зүйл тодруулъя. Гэмт хэрэгт холбогдсон хүн мэдээгүй л гэж хамгийн түрүүнд хэлнэ шүү дээ?
-Манай үйлчлүүлэгч хэлэхдээ “Хэрэв ийм гэдгийг надад хэлсэн бол би энэ асуудалд оролцохгүй. Нээрээ та нар тагнуул гэж тогтоосон юм бол надад яагаад анхааруулаагүй юм бэ. Яагаад Монгол Улсын хууль хяналтын байгууллага иргэнээ гэмт хэрэгт холбогдохоос өмнө хамгаалаагүй юм бэ” гэж асууж байгаа. Яллах дүгнэлт уншуулсан өдөр Ч.Мөнхбаяр шоконд орсон. “Юу вэ, би тэр байгууллагыг тагнуулынх гэж мэдээгүй. Ийм удаан намайг мөрдөж мөшгөчихөөд яагаад хэлээгүй юм бэ” гэж. Тэгэхээр энэ чинь өөрөө асуудал.
Дээрээс нь энэ гэмт хэргийн халдлагын зүйл бол төрийн нууцад хамаарсан мэдээ, мэдээлэл, баримт, эд зүйлийг хэлдэг. Сэтгүүлч хүнд ийм мэдээлэл байх боломжгүй. Төрийн нууцад хамааралтай төрийн албан хаагч биш, халдлагын зүйлд хамаарах баримт мэдээлэл олоод авчихдаг хүн ч биш. Гуравдугаарт, энэ хүн угаас Монгол даяараа үндэсний үзэлтэй, энэ хүн бол Монгол гэсэн бүхний төлөө явж байдгийг улсаараа мэднэ. Дөрөвдүгээрт, Ч.Мөнхбаяр гэнэт мөнгөтэй болоод, их юм хийгээд явчихсан хүн биш. Энэ хүн бол тасралтгүй 30-аад жил Монголын төлөө дуугарсаар, хэлсээр, ярьсаар яваа, дундаж амьдралтай байтугай доройхон нэгэн шүү дээ. Үүний цаана зорилго байгаа.
-Ямар?
-Гэрт нь 200 сая төгрөгтэй байсан гээд байгаа. Үгүй.
Ч.Мөнхбаяр зүгээр Улаанбаатарт энд тэнд жагсаад явдаг хүн байгаагүй. Олон улсад байгаа, дэлхий дахинд амьдарч байгаа монгол үндэстнүүдийн өмнө танигдчихсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнд хүндлэгддэг, уригдаж очиж илтгэл тавьдаг, олон улсын хэмжээнд танигдсан хүн. Энэ хүнийг өнөөдөр тагнуул байсан, асар их хэмжээний мөнгө авсан гэж худлаа яриад байгаа нь их осолтой.
-Баримт гэж хураагдсан мөнгөний эх үүсвэрийг өөрөө юу гэж тайлбарладаг юм бэ?
-Өөрөө бол “Би хэдэн доллар хадгалж байсан юм. Америкт очиж илтгэл тавьсны урамшуулал. Японд очиж илтгэл тавихад бас авсан багахан доллараа хадгалж байсан. Гадаадын тагнуул гэж холбоод байгаа нөхөр ч мөн “Та үндэсний үзэлтэй хүн юм байна. Монгол бичиг соёлоо гэдэг юм байна. Дэмжиж байна” гээд бас тодорхой хэмжээний дэмжлэгийн мөнгө өгсөн. Тэдгээрийг л хадгалж байсан гэж тайлбарладаг.
Тэр өдөр бас өөрийнх нь биеэс их хэмжээний мөнгө гарсан гээд байгаа. Нөүтбүүк авахаар хэдэн төгрөг биедээ аваад явж байсан юм билээ. Тэр бол хуулиар хориглосон үйлдэл биш шүү дээ.
-Биед нь их хэмжээний мөнгө байсан гэсэн шүү?
-1000 доллар гэдэг дундын нэг нөүтбүүк авах л мөнгө биз дээ.
-Тэгвэл та бүхэн Ч.Мөнхбаярыг юу гэж өмгөөлж байгаа юм бэ?
-Ч.Мөнхбаярын хувьд гэм буруугийн хувьд гэм буруугийн санаатай үйлдэл байхгүй учраас субьектив шинж алга. Хоёрдугаарт, энэ хүн мэдээгүй. Мөн энэ хүн төрийн нууцад хамаарах янз бүрийн мэдээлэл байхгүй. Хамгийн чухал нь гадаадын тагнуул гэдгийг манай тагнуулын байгууллага нотлоогүй. Энэ их ноцтой байна. “Нууц” гээд л өмгөөлөгчид бид нараар гарын үсэг зуруулаад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт нууц гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм.
-Үнэн үү?
-Төрийн нууцын зэрэглэлтэй ямар ч мэдээлэлтэй танилцаагүй. Хавтаст хэрэг дотроос ч олохгүй байгаа. Ямар сайндаа муу санаалаад шүүх хурал дээр танилцаагүй баримт гараад ирэх вий гээд хавтаст хэрэгтэй дахин дахин танилцсан. Үнэндээ нууц гэх мэдээлэл алга.
Гэтэл хавтаст хэрэгт ч байхгүй, харин ч нууц байж болохоор мэдээллийг хэвлэлээр гаргаад байгаа нь их хачирхалтай. Коммунист арга шиг эхлээд нийгэмд жигшээж байгаад нийгмийг өөрөөс нь нүүр бууруулж байгаад ялладаг муухай арга байдаг. Энэ арга тэнд маш их үнэртэж байгаа, харагдаж байгаа. Бүр тодоос тод харагдаж байгаа. Ч.Мөнхбаярыг 200 сая төгрөг авсан гэж, тэр бол Энэтхэгийн тагнуул байсан гэж хэвлэл мэдээллээр гаргалаа. Одоо бүр шалан дороос нь мөнгө гарсан гэсэн мэдээлэл явж байгаа. Ийм мэдээлэл тагнуул, эсвэл прокурорын байгууллагаас л гарна. Өөр хаанаас ч гарахгүй. Бид үйлчлүүлэгчээ ингэж гүжирдэхгүй нь мэдээж.
-БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуултай нийлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнийг тодруулмаар байна?
-Прокурорын яллах дүгнэлт доторх нэг өгүүлбэр миний зүрхийг урж байгаа. “БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуултай хамтарч үйл ажиллагаа явуулсан учраас…” гэсэн өгүүлбэр. Прокурорын байгууллага бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадлыг хамгаалж л иргэнээ яллана уу гэхээс биш БНХАУ-ыг өмөөрч иргэнээ яллавал энэ бол Монгол Улс Үндсэн хуультай, тусгаар тогтносон оронд байж боломгүй үйлдэл.
-Ийм өгүүлбэр хавтаст хэрэгт албан ёсоор байгаа хэрэг үү?
-Байгаа. Би маш их гайхаж байгаа. Би Монгол Улсын шүүхийн танхимд БНХАУ-ын нэрийн өмнөөс монгол иргэнээ яллахгүй байх гэж маш их итгэж байгаа. Үндэсний аюулгүй байдал гэдэг монгол хүний аз жаргалтай, аюулгүй, эрх чөлөөтэй, эх орондоо итгэл үнэмшилтэй байх үзэл санаа. Монгол хүн өөрөө үндэсний аюулгүй байдлын том байр суурь. Хүнгүй, газар нутаггүй, хил хязгааргүй төр засаг гэж байхгүй.
Яагаад Үндсэн хуультай, ардчилсан эрх чөлөөтэй Монгол Улсын прокурор яллах дүгнэлтэндээ “БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн” гэж монгол хүнийг яллах гээд байна вэ гэдэгт үнэхээр сэтгэл өвдөж байгаа.
Би 60 нас гарсан хүн. Миний үр хүүхэд амьдрах нутаг устай, бахархах түүх соёлтой амьдрах эрхтэй. Тэр нөхцөлийг бид өвлүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа Ч.Мөнхбаярыг хэтэрхий гадаадын нөлөөлөл, захиалгаар зохиомол хэрэг бий болгож үндэсний үзэлтэй хүнийг төлөөлж монголчуудыг эх орныхоо төлөө үндэсний үзэлтэй байхыг залхаан цээрлүүлэх, айлгах, цочоох, мохоох, зогсоох бодлогоор үүнийг хийж байх вий гэж хардаж байгаа.
Энэ бол монголчуудын асуудал. Би бол ганц Ч.Мөнхбаяр гэдэг хүнийг өмгөөлөхгүй байгаа. Миний энэ өмгөөлөл Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны өмгөөлөл гэж харж байгаа шүү. Тиймээс Ч.Мөнхбаярын асуудал дээр “За би л биш бол яах вэ” гэж монголчууд хандаж болохгүй. Та хэзээ нэгэн өдөр хэн нэгэн хүнд эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө үг хэлэхэд ял авах өдөр ойрхон ирсний баталгаа энэ. Тэгэхээр энэ бол 3.4 сая хүний эх орон, үндэстнээ гэсэн үзэл санааны өмгөөлөл.
-Шүүх хурал товлогдсон байна. Процесс их хурдан өрнөж байна уу даа?
-Аливаа нэг захиалгатай хэрэг хурдан явдаг. Ардаа даалгавартай, тусгай зорилготой, улс төрийнхөн дотор гар хөл нь болсон хэрэг нүдэн дээр ч явдаггүй. Үүнийг эрүүл саруул ухаантай хүн бүр ойлгож байгаа. Монголын хууль хяналтын байгууллагын өмнө мөнгөтэй хүмүүсийн хэрэг цайрдаг, удааширч байгаад мартагддаг гэдгийг мэддэг болсон. Хэт их улстөржсөн, захиалгатай хэргүүд гэрлийн хурдаар явдаг нь ч тодорхой болсон. Тэгэхээр энэ хэрэг бол ингэж л явж байгаа.
Дээрээс нь прокурорын дүгнэлт дотор БНХАУ-ын эсрэг ажилласан гэж тэмдэглэгдсэнийг сая хэллээ. Энэ хоёр бол сэтгэлийн мухраас хамаг юмыг минь хөдөлгөж байгаа. Хуульч, тэмцэгч, иргэний нийгмийн байгууллагын хүний хувьд ч, ээж хүний хувьд ч,ахмад хүний хувьд ч сэтгэлийг минь маш их урж байгаа. Тэгэхээр Ч.Мөнхбаярын өмгөөлөл бол миний тэмцлийн өмгөөлөл.
-Ч.Мөнхбаяр ямархуу байна вэ?
-Гэмт хэрэг хийгээгүй хүн тайван, зоригтой байдаг. Тийм л байгаа. Их л том гэмт хэрэгтэн барьж байгаа юм шиг, хар хувцастай зэвсэглэсэн хүмүүс анх барьсан шүү дээ. Тэр үед их шоконд орсон. Гэр орных нь ч тэр. Одоо ч ээжийнх нь нулимс урсаастай байгаа. Тайван бай гэж би их хэлж байгаа. Гэсэн ч хүүхдээ ярих болгонд уйлж байгаа. “Миний хүү бол цэргийн офицер хүний хүүхэд. Бид хүүхдээ хэтэрхий эх оронч өсгөсөн болохоос биш эх орноосоо урвагч болгож өсгөөгүй” гээд ээж нь уйлж байсан. Ээж нь 80 шахсан, хөл гар муутай учраас гэрээсээ гарч чаддаггүй хөгшин. Их л хүнд байгаа.
Сүүлд нь хэлэхэд, 54 настай Ч.Мөнхбаяр үс нь цагаан болтлоо амин хувиа хичээж амьдраагүйд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ хүн бол үндэсний үзэл санаа, эх орныхоо тусгаар тогтнол, дэлхий дээр үсэрсэн цус, тасарсан ясыг аз жаргалтай байлгахын төлөө өнөөдөр ганц биеэрээ амьдарч өдийг хүрсэн байна. Амьдралынхаа 54 жилийг ард түмэндээ, монголчууддаа, туурга нэгт монгол үндэстэндээ зориулсан байгаа нь бахархмаар шүү.