Categories
мэдээ нийгэм

ХУУЛЬ: Тоон гарын үсгийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгоно || DNN.mn

Цахим гарын үсгийн тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт хүргэж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийг хэрхэн хэрэглэх, цахим гарын үсэгт тавигдах шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм. Хуулиар дараах асуудлыг зохицуулсан.

  1. Цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн болон цахим орчинд үүсгэсэн мэдээлэлд (төрийн нууцад хамааруулснаас бусад) цахим гарын үсгийг хэрэглэнэ.
  2. Цахим гарын үсэг нь тоон гарын үсэг болон бусад хэлбэрийн гарын үсэг гэсэн хэлбэртэй байна. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байх бөгөөд тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн, гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна.
  3. Төрийн албан хаагч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болох бөгөөд уг асуудалтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан Цахим хөгжил, харилцаа холбооны яам батална.
  4. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Цахим тамга нь тоон гарын үсэгт тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд цахим тамгыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ. Насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно. Тоон гарын үсэг хэрэглэхийн тулд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшинэ. Гэрчилгээ олгох байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байна.
  5. 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авах болон одоо иргэний үнэмлэхээ авсан байгаа Монгол Улсын иргэд улсын бүртгэлийн байгууллагад нэг удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтээ гаргаж, үүний дагуу иргэний үнэмлэхийн санах ойдоо гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрээ байршуулж авах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн.
  6. Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгох юм. Хуулиар гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүргийг тусгайлан тусгаж өгсөн.
  7. Хүн, хуулийн этгээдийн хэрэглэх цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй бөгөөд Монгол Улсын иргэд иргэний үнэмлэхийн санах ойд байршуулсан тоон гарын үсгээсээ гадна нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших бол тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хүсэлтээ гаргана. Гэрчилгээжүүлэх байгууллага хүн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд гэрчилгээг олгохдоо тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой заавар, зааварчилгаа өгөхөөс гадна гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх тухай асуудлыг тайлбарлаж өгөх үүрэгтэй байна.
  8. Тоон гарын үсгийн гэрчилгээнд тусгах мэдээллийг хуульчилж өгсөн. Тухайлбал, гэрчилгээ олгосон байгууллагын нэр, гэрчилгээ эзэмшигчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг байхаас гадна тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ тодорхой хязгаарлалт тогтоосон эсэх асуудлыг нэмж тусгах юм.
  9. Тоон гарын үсэг үүсгэх болон хувийн түлхүүрийг хадгалах, хэрэглэхэд шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах бөгөөд уг хэрэгслийг гэрчилгээ эзэмшигч эзэмшинэ. Иргэний үнэмлэх нь тоон гарын үсгийн хэрэгслийн нэг төрөл юм. Тоон гарын үсгийн хэрэгслийн төрөлд хуулийн хязгаар тогтоохгүй боловч шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам гаргана.
  10. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд компани хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийн дагуу, холбогдох баримт бичгийг хянан үзэж, хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдрийн дотор шийдвэрлэх юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 10-15 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, даатгалд даатгуулсны үндсэн дээр 5 жилийн хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх эрхээ авахаар хуульчилжээ.
  11. Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүргийг тусгайлсан бүлгээр зохицуулсан. Тухайлбал, хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгасны үндсэн дээр гэрчилгээ олгох, шаардлагатай тохиолдолд түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагаа эрхлэхээс гадна гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй байх зэрэг асуудлыг тусгасан.
  12. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц гэдгийг тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах, хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тогтолцоо гэж ойлгох бөгөөд нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хорооны гүйцэтгэх чиг үүргийг хуулийн 31, 32 дугаар зүйлээр зохицуулсан.
  13. Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэрчилгээ олгож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлэх тухай хүсэлт гаргана.
  14. Мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай хүнийг тухайн чиглэлээр төрийн албанд ажиллуулах шаардлагатай бол албан тушаалын цалингийн хэмжээг тусгайлан тогтоох асуудлыг уг хуультай хамт батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулл

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *