Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Наранбаатар: Зөрчлийн хуулиар шийтгэл давхардуулдаг байдлыг арилгана || DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


-Намрын чуулганы завсарлагаанаар та тойрогтоо ажиллахдаа хил гаалийн нөхцөл байдалтай танилцав уу. Нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэл тойрогтоо ажиллалаа. Тойргийн 15 сумандаа бүгдэд нь ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Ковидын хорио цээр, намрын чуулган зэргээс шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойргийн иргэдтэйгээ тэр бүр төвлөрсөн уулзалт, арга хэмжээ зохион байгуулж чадаагүй ч хил гааль, уул уурхайн бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байсан. Намрын чуулганы завсарлагааны үеэр иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож, өөрийнхөө ажлыг тайлагналаа. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудыг танилцуулсан. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх зургаан зорилтод заагдсан ажлыг товч танилцууллаа. Тэр дундаа Өмнөговь аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн ач холбогдол, үр дүнг танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Цогтцэций суманд томоохон бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгж, малчид, сумын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар хөндсөн Хятадын талд гарч байгаа ковидтой холбоотойгоор Шивээхүрэнгийн боомт өнгөрсөн аравдугаар сараас хойш бүтэн таван сар зогссон. Өнөөдөр Гашуунсухайтын боомт ажиллаж байгаа нэртэй байна. Өдөрт 150-200 машин гарч байна. Хэвийн үед 1000-1500 машин гардаг байсан. Үүнээс үүдэж жолооч нар цалин, орлогогүй болж байна. Боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд урд талтай ярилцах хэрэгтэй байна. Цагаан хаданд маш их хэмжээний нүүрс овоорчихсон байна. Өнгөрсөн жилийн 12 сая тонн байсан. Одоо тал нь үлдчихсэн байна. Түүнийг зөөж дуусгах хүртэл уртын тээвэр зогсчихсон байна. Өөрөөр хэлбэл, уртын тээвэр зогсоод жил гаран болж байна. Уртын тээвэр эхэлж байж уурхай болоод жолооч нар ашигтай ажиллаж эхэлнэ. Цагаан хаданд буулгачихсан байгаа нүүрс бол зараад мөнгийг нь хэрэглэчихсэн зүйл л дээ. Тиймээс яаралтай экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар иргэд ярьж байна лээ. Цогтцэций суманд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн санал гарсныг холбогдох яам, агентлаг, аймгийн удирдлагуудад уламжилсан.

-Тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд та холбогдох байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна. Хил гаалийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

-Ковидын тухай урт нэртэй хуулийн санаачлагчийн нэг нь би. Хил гаалийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж ажиллуулаач гэдэг хүсэлтийг тавьсан. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчийг хилийн боомтуудад томилон ажиллуулснаар тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, Бүрэн эрхт төлөөлөгч очсоноор хилийн боомт дээр байгаа төрийн босоо тогтолцоотой байгууллагууд болох Гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат, авто тээврийн үндэсний төв, цагдаагийнхан зэрэг байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангасан. Орон нутгийн онцгой комисс тэдгээр байгууллагын үйл ажиллагааг уялдан зохицуулах ажлыг хийснээрээ эмх цэгц, дэг журам бий болсон гэж үзэж байна. Мөн Засгийн газрын Шинэ сэргэлтийн тухай хууль энэ чиглэлийг хөгжүүлэхэд нөлөөтэй. Түүнчлэн Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зорилго нь Монгол Улсын боомтуудад боомтын захиргаа байгуулъя. Энэ захиргаа нь боомтын хөгжлийг төлөвлөдөг, тэнд ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагч, үйлчлүүлж байгаа иргэдэд ая тухтай байх боломжийг бүрдүүлэх, ус, дулаан, цахилгааныг хариуцуулъя гэж байгаа юм. Хилийн боомт дээр олон төрлийн өмчүүд байдаг. Тэдгээр өмчийн төрөл эх үүсвэртэй үндсэн хөрөнгүүдийг нэгтгэж бүртгэл, ашиглалт хамгаалалтыг хариуцах Боомтын захиргаа байгуулъя гэсэн саналаа Хилийн тухай хуульд оруулж батлуулсан. Ковидын хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа зогсоно. Тиймээс боомтын захиргаа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авч явна. Үүнээс гадна төмөр замаа яаралтай дуусгах шаардлагатай байна. Тиймээс холбогдох яам, хариуцсан компаниудтай уулзаж байна. Энэ жил Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орно. Таван толгой, Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орчихоор үүссэн асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байна.

-Энэ хаврын чуулганаар та ямар хуулийн төсөл дээр голлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна?

-Өнгөрөгч намрын чуулганы үеэр би хэд хэдэн ажлын хэсэгт орж ажиллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гамшгаас хамгаалах хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг хэд хэдэн хуулийн төсөл санаачилсан. Орон нутаг дахь суманд эдгээр байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад таван жил тутам 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгье гэсэн заалтыг санаачилж оруулаад батлуулсан. Учир нь эдгээр байгууллагын ажил нь хүнд, цалин нь бага болохоор хүн очиж ажилладаггүй. Мөн С.Бямбацогт нарын гишүүдтэй хамтарч УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулийн ач холбогдол нь гишүүдийн баталж гаргасан хууль хэрхэн хэрэгжиж байна гэдгийг Хянаж шалгах түр хороо байгуулах, холбогдох албан тушаалтнуудаас асуулга тавьж, мэдээлэл сонсох хэлэлцүүлэг хийх, хянаж шалгаад холбогдох хууль хяналтын байгууллагыг татан оролцуулна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар УИХ-ын үүрэг нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. Хууль батлаад орхидог бус тэр хууль хэрхэн хэрэгжиж байна гэдгийг араас нь хянах, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болох юм.

Харин энэ хаврын чуулганы тухайд нэлээд хэдэн хуулийн төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн уул уурхайн лицензийг олгох, хүчингүй болгох асуудалд саналаа оруулна. Мөн Газрын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах хууль буюу тендерийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй зүйлүүд харагдаж байна. Төрийн албаны хууль, Эрдэс баялгийн хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль зэрэг уул уурхайтай холбоотой хууль, Байгаль орчны багц хууль, Усны тухай хууль зэрэг хуульд анхаарч ажиллана. Мөн нэр бүхий гишүүдтэй хамт санаачилсан Зөрчлийн тухай хуульд анхаарч ажиллана. Одоогоор Засгийн газрын саналыг авсан. Иргэдтэй уулзаад явж байхад нэг гаргасан зөрчил дээр олон давхар шийтгэл ногдуулаад байна. Нэг зөрчил гаргалаа гэхэд торгодог, эрхийг нь хасдаг, тодорхой хэмжээгээр эд хөрөнгийг нь хураадаг гэх мэт ногдуулах шийтгэл давхардаж иргэдэд хатуу тусч байна гэж байсан. Тиймээс зарим нэг зөрчил дээр эхний удаадаа сануулдаг байя. Дараагийн удаа торгодог байхаар зохицуулж байгаа. Жишээлбэл, суудлын бүсээ зүүгээгүй хөдөлгөөнд оролцсон ч юмуу, эсвэл автомашиных нь нэг гэрэл асахгүй байхад эхлээд сануулж бүртгэлжүүлээд хоёр дахь тохиолдол дээр нь торгодог байя гэсэн саналаа оруулсан. Үүнээс гадна Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ хууль батлагдвал манай аймгийн уул уурхай дагасан томоохон сумд болох Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумд цаашдаа хот болж хөгжих боломж бүрдэнэ. Мөн хүн ам олноор суурьшсан Цагаан хад суурьшлын бүс тосгон болж хөгжих боломжтой болох юм.

-Таны санаачилсан Үйлдвэрлэл технологийн паркийн хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэхүү хуулийн ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд батлагдсан. Одоо шинэчлэн найруулах шаардлагатай байна. Өнөөдрийн хууль эрх зүйн орчинд үйлдвэрлэл байгуулж бүтээгдэхүүн гаргаснаас түүхийгээр нь зарсан нь илүү хялбар байгаа юм. Тиймээс олон зөвшөөрлийг багасгаж үйлдвэр байгуулах газрыг нь зааж өгч, дэд бүтэц, уур ус, дулаан, цахилгааныг нь холбож татвараас тодорхой хугацаанд хөнгөлөхгүй бол цаашид ч түүхийгээр нь гаргасаар байна шүү дээ. Тиймээс төрийн дэмжлэг хэрэгтэй. Оюу толгойг түшиглэж зэс боловсруулах үйлдвэр байгуулъя. Зэсээ баяжмалаар бус катодын зэс гаргая. Таван толгойг түшиглэж нүүрсээ баяжуулж боловсруулдаг коксын үйлдвэр байгуулж бүтээгдэхүүн гаргая гэж байгаа юм. Нүүрснээс маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж болно. Тухайлбал, хуванцар сав, эм хүртэл гаргаж авч болж байгаа юм.

2005 оноос эхлэн Өмнөговийн Таван толгойгоос нүүрсийг түүхийгээр экспортолсон. Бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадахгүй байна. Дотооддоо нэмүү өртөг, ажлын байр бий болгож чадахгүй 17 жил боллоо. Зэсийн баяжмал ч ялгаагүй 2009 оноос гарч ирсэн. Боловсруулах үйлдвэр байхгүйгээс түүхийгээр нь гаргаж байгаа шүү дээ. Тиймээс заасан бүс нутгуудад төрөөс газрыг нь олгож дэд бүтцийг нь шийдэж өгч кластер хэлбэрээр үйлдвэрүүдийг чиглэл чиглэлээр нь байгуулна. Тусгай зөвшөөрөл авч үйлдвэрлэл технологийн парк дотор ажиллах аж ахуйн нэгж байгууллага, иргэд татварын хөнгөлөлт эдэлнэ. Жишээ нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг эхний таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувиар чөлөөлөх, газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх гэх мэтчилэнгээр үйлдвэрийг дэмжье гэж байгаа. Манай улсын өргөн хэрэглээний барааны 70 гаруй хувийг импортоор авч байна. Тиймээс өөрсдөө цемент шохой, төмөр, нүүрсээ баяжуулж кокс химийн үйлдвэр байгуулъя. Малын түүхий эд хаягдаад байгааг бүтээгдэхүүн болгоё. Ингэж төрөлжүүлж Үйлдвэр технологийн парк байгуулъя гэж байгаа юм. Хөдөө орон нутагт жишээлбэл, Өмнөговь, Дорноговь, Налайх, Дархан, Эрдэнэтэд бүсчлээд үйлдвэр байгуулчихвал төвлөрлийг сааруулах, ажлын байр бий болгох зэрэг олон ач холбогдолтой.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт та багтдаг шүү дээ. Тиймээс тус гэрээний Өмнөговь аймагтай холбоотой заалтын хэрэгжилт болон бодит нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-2009 онд байгуулагдсан гэрээн дотор бүс нутгийн хөгжилтэй холбоотой хэрэгждэггүй хэдэн заалт бий. Түүнийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, 2009 оны гэрээнд Өмнийн говийн бүс нутгийн зөвлөл байгуулна гэсэн заалт байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй шахуу байна. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан Өмнийг говийн хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн заалтын хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Тиймээс аймгаас сонгогдсон хоёр гишүүн хөрөнгө оруулагч тал, Оюу толгой компани, холбогдох яамдын төлөөлөл орсон бүсийн зөвлөлийг байгуулъя гэдэг саналаа ажлын хэсэгт өгчихсөн байгаа. Бүсийн зөвлөл Ханбогд сумыг хот болгож хөгжүүлэх асуудлыг хөндмөөр байгаа юм. Хот болгож хөгжүүлэх төсвийг хөрөнгө оруулагч талаас ч, Засгийн газар талаас ч гаргах шаардлагатай байна. Өнөөдөр Ханбогд суманд цэцэрлэг, сургууль, эрчим хүч, цэвэрлэх байгууламж хүрэлцээгүй болчихоод байна. Тиймээс хөгжлийн төлөвлөгөөг нь дахин хийж хот байгуулах асуудал туйлын чухал. Үүнээс гадна Даланзадгад суманд уул уурхайн жишиг сургууль байгуулна гэсэн заалт орсон. Энэ заалт мөн л хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн. Өмнөговьд ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулна гэсэн Засгийн газрын шийд гарсан. Одоо сургуулиа барих хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс бүсийн зөвлөл үүнд анхаарч Оюу толгойгоос хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай байна. Мөн устай холбоотой олон асуудал ярьдаг. Усны хяналт, мониторинг хийдэг олон улсын байгууллагыг оруулж усны хэрэглээ, гүний усны төлөв байдалд хяналт хийлгүүлэхгүй бол болохгүй байгаа юм. “Оюу толгойн гүний усны түвшин өөрчлөгдөөгүй. Хэрэглэсэн усныхаа 88 хувийг эргүүлэн зарцуулж байгаа” гэсэн тайлан өгдөг ч бодит байдал дээр булаг шанд, мал услах худгууд ширгэж байна, цөлжилт нэмэгдэж байна гэдгийг малчид хэлж байна. Үүнээс гадна унд ахуйн усны төлбөр, үйлдвэрлэлийн зориулалттай усны төлбөр гэсэн хоёр төлбөр байдаг. Одоогоор үйлдвэрлэлийн зориулалттай усны төлбөрөө төлж байна. Харин унд ахуйн усны төлбөрөө төлдөггүй. Учир нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр унд ахуйн усны төлбөрөөс чөлөөлөгдчихсөн. Унд ахуйн усны төлбөрийг төлж сумын төсөвт оруулах хэрэгтэй байгаа юм. 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны төлбөр төлөөд явж байгаа. Гэтэл Оюу толгой төлдөггүй. Шалтгаан нь хууль батлагдахаас өмнө буюу 2009 онд гэрээ байгуулсан. Гэрээнд энэ талаар тусгагдаагүй гэдэг. Тиймээс энэ төлбөрийг авах заалтыг нэмж оруулах шаардлагатай гэж үзэж байна. Ер нь хангай говь руу гарч байгаа гол мөрнөөс илүүдэл усыг нь хуримтлуулж говийн бүсийг усжуулах Орхон-Онги, Хэрлэн-Тоонот гэсэн хоёр төслийн ТЭЗҮ-г БОАЖЯ-наас бэлэн болгочихсон. Одоо ажил хэрэг болгож хөрөнгө оруулалт татах, төслийн нэгж байгуулах ажлууд хийгдэнэ. Тиймээс цаашид Оюу толгой гүнийхээ усыг хязгаарлах ёстой. Мөн саяны миний ярьсан томоохон төслүүдийг санхүүжүүлж дэмжиж ажиллах ёстой гэсэн саналыг оруулсан. Энэ бол говьчуудын хүсэн хүлээсэн ажил л даа.

-Энэ УИХ-д лобби бүлэг олон бий. Түүний нэг нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан долоон гишүүн нийлж байгуулсан лобби бүлэг. Энэ лобби бүлэг юу хэлэлцдэг юм бол. Хүмүүс хор найруулдаг бүлэг гэлцэх юм?

-Албан ёсоор бол байгуулаагүй. Өмнө нь аймаг орон нутагт ажиллаж байсан гэдэг утгаараа Нэгжийн хууль (хуулийн богино нэршил), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хяналт шалгалтын хууль, Төрийн албаны хууль, Байгаль орчинтой холбоотой хуулийн төслөөр санаа бодлоо солилцдог. Хууль амьдрал дээр хэрхэн хэрэгждэг, яавал хэрэгжихэд илүү нийцтэй болох талаас өөр өөрсдийн санал бодлоо солилцож, түүнийгээ байнгын хороо чуулганд хэлдэг болохоос биш ямар нэгэн албан тушаал, ашиг сонирхлын талаар санал солилцдоггүй. Нэгнийгээ нэг байнгын хорооны эсвэл дэд, түр хорооны дарга болгоё гэдэг ч юмуу тийм зүйл ярьдаггүй. Ажил хэрэгч саналуудаа хуваалцдаг.

-Таныг “говийн хүн” гэж хэлж болох байх. Тэр дундаа Өмнөговь аймагт багагүй хугацаанд ажиллаж амьдарсан. Ер нь та одоо бүрмөсөн хотын хүн болоод суурьшчихсан уу. Хаагуур амьдарч байгаа вэ?

-Би 1996 онд сургуулиа төгссөнөөс хойш 2002 онд хүртэл хотод ажиллаж амьдарсан. Ингээд 2002 онд Өмнөговь аймаг руу шилжиж 2009 он хүртэл тэндээ төрийн алба хашиж байгаад АНУ-д сурахаар ажлаа өгч Калифорнийн Олон улсын их сургуульд Олон улсын бизнесийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Буцаж ирээд Дорноговь аймагт дөрвөн жил хувийн секторт ажилласан. 2016 оны орон нутгийн сонгуульд оролцож ялалт байгуулж Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаад 2020 оны сонгуулиар гишүүн болж Улаанбаатар хотдоо буцаж ирсэн. АНУ руу явж сурч ирснийхээ дараа нь Дорноговь аймагт дөрвөн жил хувийн секторт ажиллах үедээ хотод байртай болчихсон байсан. Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа түрээсийн байранд амьдарч байгаад хотод ирээд өөрийн гэртээ амьдарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *