Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Нэг удаагийн бэлтгэл таслахад асар их зүйл алддаг гэж боддог || DNN.mn


Мэргэжлийн Жюү Жицүгийн ДАШТ-ий цагаан бүсний ангиллын алтан медальт, Garuda BJJ & MMA клубийн тулаанч А.Гантүлхүүртэй ярилцлаа.


-Та бага насныхаа тухай яриач?

-Дорнод аймагт төрж өссөн. Багадаа ер нь л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хаана зодоон болно тэнд би байдаг байлаа. Өөрийн алдаанаас болж дунд сургуулиа дүүргэж чадаагүй. Хүнтэй муудах үедээ боксын тамирчин гэлтгүй хэнээс ч айхгүй зодолддог уруул, нүд хавдах, хөхрөх бол энүүхэнд… Одоо бодоход их тэнэг зүйл шиг санагддаг(инээв).

-Энэ спортоор хэзээнээс эхэлж хичээллэх болов?

-Анх 2015 оноос эхлэн тулааны спортоор эрчимтэй хичээллэсэн. Хотод ирээд жин нэмсэн. Тэгээд турах зорилгоор Гаруда клубийн дасгалжуулагч Б.Гантогтох багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар энэ спортод дурлаж, би өөрөө ч бас их амархан сайжирсан.

-Хувийн амьдрал, бэлтгэл сургуулилалтаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Манай эхнэр үнэхээр мундаг эмэгтэй бий. Ер нь бэлтгэлээс өөр гэр бүлийн асуудалд нээх оролцоод байдаггүй. Эхнэр маань ч намайг ойлгож дэмжиж надад бэлтгэл хийх хангалттай цаг гаргаж өгдөг.

-Эхнэртээ хандаж хэлэхэд?

-Ханьдаа “Баярлалаа. Хайртай шүү” тулгамдаад хэлэх үг олдохгүй байна(инээв). Мөн Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ хоёр охиндоо хайртай шүү. Аав нь үргэлж хичээж явдаг шүү.

-Тулааны спортоор хичээллэхэд хувь хүнд ямар давуу тал бий болгодог вэ?

-Тулааны спорт бол тулааны талбараас гадуур сахилга батыг шаардана. Нэгдүгээрт, ёс зүйтэй байх. Би зодолдож чаддаг гээд бусдыг өдөөд байж болохгүй. Өөр хүн миний нүүр лүү нулимж байсан ч биеэ барьж чадах түвшний сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Би тэр хүнийг зодож чадна гэдгээ мэдэж байгаа ч намайг доромжиллоо гээд би муу хүн болохгүй шүү дээ.

Хоёрдугаарт, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй, хорт зуршлаас хол байдаг. Нэг удаагийн бэлтгэл таслахад асар их зүйл алддаг гэж боддог. Манай найзууд болон эргэн тойронд байгаа хүмүүст архи, тамхи хэрэглэдэг хүн байхгүй. Холимог тулааны О.Пүрэв найзыгаа гартаа пиво барьж байхыг харж байгаагүй. Тэр хүн сахилга батыг маш сайн сахидаг болохоор өндөр амжилт үзүүлж чадсан.

-Шантрах үе байсан уу?

-Анх хичээллэж эхэлж байхад хүнд бэлтгэлийн дараа битүүхэн дотроо шаналах үе байсан. Харин одоо бол жингээ хасах болгондоо шантардаг(инээв). Дуртай зүйлээ идэж болохгүй, бэлтгэл илүү эрчимжээд ачаалал ихсээд ирэхэд бага зэрэг хэцүү санагддаг.

-Таны хувьд БНХАУ-д тулалдаж байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хятадад 2017-2019 он хүртэл нийт 24 удаа тулаан хийж, 19 удаа ялалт байгуулж байсан. Нэг тулаанд ороход 6000-8000 юань авдаг байсан. Мөн хүний нутагт байгаа болохоор сэтгэл зүйн тал дээр үнэхээр хэцүү. Намайг дэмжих үзэгч байхгүй. Үзэгчид намайг ялах үед гуниглаж, ялагдах үед баярладаг байлаа.

-Таны тамирчны замналд хийсэн хамгийн хүнд тулаан?

-Шанхайд хийсэн анхны тулаанд 72кг-ын жинд ОХУ-ын тамирчинтай таарч байлаа. Гурван үеийн турш үргэлжилсэн хүндхэн тулаанд оноогоор ялагдал хүлээж байсан. Маш их ачаалал авч цохиулсны улмаас маш их ядарсан. Тэр тулааны дараа хоёр өдрийн турш хэвтэж, багийн хамт олон маань эм, хоол дөхүүлж өгдөг байсан. Тэр тулаан санаанаас минь огт гардаггүй юм.

-Таны холимог тулааны спортоос олж буй орлого амьдралд тань хүрэлцээтэй байдаг уу?

-Миний хувьд тодорхой хэмжээнд нэрд гарсан тулаанч тийм учраас бусад тамирчныг бодоход арай өндөр орлоготой. Гэхдээ л амьдралд хүрэлцээтэй гэхэд бас хэцүү. Тамирчид даруу төлөв байх нь хүмүүст тааламжтай байдаг. Гэвч тулааны спортын тамирчид илүү сэтгэл хөдлөл өндөр, их амбицтай байх хэрэгтэй. Цахим ертөнцөд идэвхтэй, эсрэг тамирчнаа өдөөн хатгах гэх мэт үйлдэл үзүүлж байж бусдыг татах өөрөө хүмүүст танигдах хэрэгтэй. Залуу тамирчдын хувьд амь нас, эрүүл мэндээ дэнчин тавин байж 100-500 мянган төгрөг авдаг. Хааяа хэцүү санагддаг. Гэхдээ өөрийн гэсэн дүрэмтэй, тулааны талбар дээр шүүгч байгаа учраас тамирчид бэртэх тохиолдол бага гардаг.

Гуравдугаар сарын 18-нд Ө.Баярмандах(Жалам Хар)-тай хийх тулааны талаар яривал?

-Миний хувьд догдлоод сандрахгүй л байна. Би тэр хүнийг тулаанд дуудаагүй. Хэд хэдэн удаа тулалдах саналд нь татгалзсан боловч, холбооноос тулалдахыг шаардсан.

-Таныг дэмждэг үзэгчдэдээ хандаж юу хэлмээр байна?

-Намайг дэмждэг найз нөхөд, гэр бүлийхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна. Спонсор байгууллага болон тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *