Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баруун гарын дүрмээ баримталж хэвшицгээе || DNN.mn

Ногоон гэрэл асч, замын хоёр талаас явган зорчигчид яаран сандран зөрөлдөв. Их сургуулийн өмнөх энэ гарц хөл хөдөлгөөн ихтэйг хэлэх үү, зам ачаалалтай үед гэрлэн дохио анивчих мэт солигдоно. Утсаа ширтэх залуус олны хөлийг дагаад ум хумгүй урагшлахдаа хоорондоо мөргөлдөж, барьцалдахаас наагуур юм болж, ам амандаа үглээд гэрлэн дохиотой уралдан гүйлдэх нь тэр. Монголчууд бид үнэндээ дүрэмгүй амьдраад сурчихсан улс гэдэг нь энэ мэт энгийн хэдхэн үйлдлээс шууд харагдана. Дуртай газраа тарлаж амьдардаг нүүдэлчин сэтгэхүй нь гудамжинд зөрөхөд, шатаар алхахад, хаалгаар орж гарахдаа ч мөргөлдөж, шүргэлцэх байдлаар илэрнэ. Бухимдал, стрессийн шалтгаан болсон энэ асуудлын шийдэл уг нь тун амархан. Хүн бүр баруун гарын дүрмээ баримталдаг болчихвол зовлонгүй. Зөв гарынхаа чигийг дагаад л явбал чихцэлдээн үүсээд байхгүй шүү дээ. Шатаар өгсөхдөө ханаа дагаад, уруудахдаа шатны бариулыг барина. Гарцаар гарахдаа хүмүүстэй зүүн талаараа зөрөлдөнө гээд ой санамжиндаа кодолчих хэрэгтэй. Ингэж хэвшээд сурчихвал хэн хэндээ амар. Ядаж л таксины жолоочид зам заахдаа хүртэл “Одоо ийшээ эргэнэ” гээд муйхарлаад байхгүйгээр “Баруун, зүүн тийшээ”-гээ хэмээн хэлдэг болчихно.

Нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцогч иргэн бүр их хотын наад захын дүрэмд суралцмаар байна. Ирээдүйн соёлтой иргэдээ бэлдэхийн тулд өөрсдөө үлгэрлэцгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *