Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн шинэ лаборатори нээлтээ хийлээ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар сургууль шинэ лабораторитой болж, өнөөдөр нээлтээ хийжээ.

Тус сургууль нь Бельги улсын Боловсрол, алсын зайн сургалт, соёлын гүйцэтгэх агентлагтай 2019- 2022 он хүртэл гурван жилийн хугацаатайгаар Монгол Улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах 106,400 еврогийн төсөвт өртөгтэй “Erasmus+ Programme Capacity-Building projects in the field of Higher Education (E+CBHE)” төслийн гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 15-нд байгуулсан.

Энэхүү төслөөр Английн улсын лабораторийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “SATRA” компанийн Арьс ширний физик-механик шинж чанар тодорхойлох долоон төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь арьс ширэн материалын физик механик шинж чанарыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх, үнэлэлт дүгнэлт гаргах боломжтой юм байна.

Төвийн зорилго нь арьс ширний салбарын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах аж. Үүнд:

  1. Монголын арьс ширний салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна,
  2. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн технологи, зохион бүтээлтийн сургалтыг зохион байгуулна,
  3. Салбарын инженер техникийн ажилтнуудын судалгаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна,
  4. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн туршилт, судалгаа, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана,
  5. Төв нь бие даан гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран улсын, улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэнэ,
  6. Олон улсын зах зээлд өрсөлдөх дэвшилтэт технологи, аргачлал, стандарт боловсруулна,
  7. Инновац, технологи дамжуулна,
  8. ШУТИС-ийн ахисан түвшний болон бакалаврын хөтөлбөрөөр сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадвартай судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *