ШУТИС-ийн түүхийн багш доктор, дэд профессор, “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Д.Сэрдарамтай ярилцлаа.
-Монгол хэлний тайлбар тольд хэрсүү гэдэг үгийг аливаа зүйлд сэрэмж болгоомжтой, хашир байх гэж тайлбарласан байдаг. Монголчууд бид хэрсүү байх хэрэгтэй нь аль ч шатанд харагддаг болж. Таны байр суурийг сонсъё?
-Монгол хүнийг тодорхойлдог үнэт зүйл яах аргагүй хэрсүү, уужуу тайван, холч ухаантай гэх мэт сайн сайхан чанарууд байгаа. Гэтэл өнөөдөр нийгмийг юу хөтлөөд байна вэ гэдэг асуудал бий. Боловсрол юм уу, улс төрийн, төрийн алсын хараа юм уу. Эсвэл улс төрийн лидер юм уу. Байхгүй. Хөтөлж явдаг хүн байхгүй болсон. Нэг ёсондоо бид говьд төөрсөнтэй адил болчихсон. Хэрэв говьд төөрчихвөл хамгийн түрүүнд зогсоод зүг чигээ олох ёстой биз дээ. Бид төөрчээ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Машин дотор байгаа хүмүүсээс аль туршлагатай нь удирдах ёстой шүү дээ. Боловсролд ч, улс төрд ч тэр, төр засгийн алсын хараанд ч тэр улстөрч хүний харизм манайд үгүй болсон. Мөн үүнд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол технологийн хөгжил. Өнөөдөр бид технологийн хөгжлийн ололтоор амьдарч байна. Хуучин бидний хэрэглэж байсан технологи бол автомат тохиргоотой байсан бол одоогийн технологи хиймэл оюун ухаанд тулгуурлажээ. Тухайлбал, фэйсбүүкийг Нарантуул захтай зүйрлэж болно. Тэнд удаан явбал зорилготой хүн зорилго марттал эргэлдэнэ, удаан байхын хэрээр эрсдэл тэнд отож байна. Монголчууд технологийн Нарантуул зах дотор амьдарч байна.
Технологийг тодорхой сценарьтай бүтээж хүн түүнд хөтлөгддөг. Өөрөөр хэлбэл, хийсвэр оюун ухаан хүмүүсийн сэтгэл зүйн хандлагыг өөрчилж хүмүүс юу ч хийхэд бэлэн, тэр үйлдлээрээ олон нийтэд танигдаж баатар болж байна. Тэгэхээр ийм орчинд монголчууд хашир байхаас өөр аргагүй.
-Монгол хүний дархлааны асуудал яригдах хэрэгтэй болж байна. Бид хэдий хүртэл нүдээ боолгосон гөлөг шиг амьдрах вэ. Хэрсүүжих, эзэн байх тухай яригддаг болжээ?
-Аливаа улс үндэстний дархлаа гэдэг аль болох зөв шударга, дэлхийн сонгодог, шинжлэх ухаанч хандлагад тулгуурласан байх тогтолцоог хэлдэг. Жишээ нь, боловсролыг авч үзье. Өнөөдөр хүүхдүүдийг сайн дархлаатай, сайн мэдлэгтэй болгох гол зүйл нь бүх шатны сургуулийн нэгдсэн стандартыг бий болгох ёстой. Японд бага ангиас дунд ангид орохдоо тэдэн ханз тогтоосон, тийм зохиол уншсан байх ёстой гэдэг нэгдмэл стандарттай байдаг бол Монголд төлсөн төлбөрийн ялгаагаар боловсролын үйлчилгээ явагдаж байна.
Хуучин цагт биднийг зургадугаар ангид Пушкиний “Евгений Онегин”-ийг уншсан байна гэсэн программтай, “Евгений Онегин”-ийг зургаа, найм, аравдугаар ангид уншихад өөр өөрөөр ойлгодог. Түүнийг тайлбарладаг байсан болохоор дэлхийн сонгодогтой танилцаж боловсролын стандартад хүрдэг байжээ. Тухайн зохиолыг унших дуртай ч бай, дургүй ч бай тэр тухай мэддэг болох нь чухал байсан. Энэ бол энгийн нэг жишээ. Үүний адил бид өнөөдөр боловсролын түвшиндээ нэг стандартыг тавих хэрэгтэй.
-Та бол түүхийн багш хүн. Монгол Улсын хувьд хоёр хөршдөө хандах хандлага манайд харилцан адилгүй. Томоор нь харвал тэд том гүрэн, бид жижиг улс гэсэн хандлага олон нийтэд бий. Гэхдээ одоо үүнээс салах цаг нь болсон юм биш үү. Жижиг сэтгэлгээ хөгжилд саад болдог гэдэг биз дээ?
-Танин мэдэхүйн үндэс бол гайхах. Бидний үед юм бүрийг гайхаж сонирхож хүлээж авдаг байсан болохоор Боловсролын систем хүүхэд залуучуудын идэвхтэй сонирхдог зарчим дээр тулгуурлаж хөгжиж байжээ. Одоогийн залуу үе гайхаж сонирхохоо больчихсон юм уу? Үгүй шүү дээ. Тэдний энэ зан чанар сүүдэр шиг нь хамт байгаа ч Боловсролын систем нь хүүхэд залуучуудыг гайхаж сонирхуулахгүй болчихсон буюу хоцрогджээ. Монголчууд гайхалтай сониуч, хэрэгт дуртай, мэдэхийн төлөө тэмүүлдэг хүмүүс. Хүн бүр хоёр хөршийнхөө, дэлхий дахины тухай сонирхдог,цэц булаалдан мэтгэлцдэг. Энэ чанар дээр өмнө хэлсэн технологийн шийдэл нэмэгдчихээр нөгөө сошиал ертөнц нь олон нийтийг төөрөгдөлд оруулж, анархизм, улс төрийн цуу яриа, дуулиа, цаашлаад эмх замбараагүй байдал гаргах, туйлшрах үндэс болчихоод байгаа юм.
Зарим улс орны иргэд улс төрийн идэвх сул, улс төрд санаа зовох шаардлагагүй, улс төрийн сонголтоо зөв хийгээд чадварлаг улс төрийн сонголт хийдэг учир төр засагтаа итгэдэг. Харин эдийн засаг, бизнесийн сонирхолд илүү анхаарч нийгмийн идэвх нь эдийн засгийн сонирхолтой байдаг. Төрийн бодлого, алсын хараа гэдэг 100 км цагийн хурдтай явж байгаа машинд хурдаа сааруулахгүйгээр 200 метрийн цаана унасан чулууг тойроод явахыг хэлнэ. Гэтэл бид буруу сонголтынхоо үйлийн үрийг дараагийн сонгууль хүртэл эдэлсээр 30 жил болох нь.
-Тэгээд явбал монгол хүнд хангалттай нөөц боломж байгаа байх…
-Боломж бол хаа сайгүй байна. Залуусын “How too” гэдэг хүний хөгжлийн хоосон номлолруу хошуураад байгаа магадгүй өөрчлөлтийн эхлэл болж болох юм. Хэрхэн яаж гэдэг олон номлолын үндэс нь ганцхан байдаг. Тэр бол хийх гэж байгаа зүйлээ хэвшил буву хабит болгох. Зөвхөн залуус гэхгүйгээр улс үндэстнээрээ санаачилгыг хабит болгохын өөрөөрөө харуулах хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхий сайд “Илүүдэл жингүй эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачилсан байна. Ядаж дулаахан гурван сардаа хамгаалалтаасаа татгалзаад гүйгээд, дугуйгаар жийгээд заншвал энэ хөдөлгөөнд нэг сая хүн дагалдаж оролцоод 10.000 хүнд нь хэвшил болж магад. Санаачилгын цаана зөв үлгэрлэл хэрэгтэй
-Монгол хүний бахархал Чингис хаанаар л хязгаарлагдаж байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлье, өнөө үеийн бахархлыг бий болгоё гэх агуулгыг та хэрхэн хардаг вэ?
-Би өөрөө түүхийн багш мөртлөө Чингис хааны тухай хоосон магтаж ярих дургүй. Бид хуучнаа дурсах шаардлагагүй. Түүхийг сайн мэддэг байх нь чухал болохоос биш байн байн улиг болтол ярих шаардлагагүй. Мэдэхгүй түүхээ догма шиг шүлэглэдэг болчихлоо. Яс юман дээрээ би ч түүхээ сайн мэдэхгүй.Эх түүх маань үзэл суртал, сэтгэл зүй, утга уянгын уран зохиол болчих гээд байна.
Өнөөгийн хүүхдүүдэд ийм номлолыг сонсоод суух өгөгдөл байхгүй. Яагаад гэвэл тэдний амьсгалдаг агаар нь мэдээллийн технологи. Тэд технологийн тусламжтайгаар хэрэгтэй зүйлээ хялбаршуулаад мэдлэг болгоод авах чадвартай, бидний яриад байгаа зүйлийн 90 хувийг нь “сийндэх” буюу аньчихдаг.
Улс үндэстэнд бахархал байлгүй яахав. Бахархлыг бид түүхээс илүү бодит зүйлд буюу амьтай зүйлд тулгуурлан босгох хэрэгтэй. Бидний бахархах зүйл хэр зэрэг шинжлэх ухаанч байна, хэр зэрэг прагматикбайж орчин үетэй хөл нийлүүлэх чадвартай байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол хүн хэчнээн байна гэдгээрээ л бахархааас биш өнгөрсөн цаг дээр тийм байсан гэж бахархах шаардлагагүй. Угаас 30 жилд ийм бахархал яриад үр дүн алга. Үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ бид хуучнаараа бахархах завгүйгээр ажиллах, боловсрохын төлөө, улс үндэстнээрээ хөгжихийн төлөө шамдах хэрэгтэй. Хийсний дараа бахархал гарч ирнэ.