Categories
мэдээ нийгэм

“Crash Landing on You” цувралын жүжигчид гэрлэхээр болжээ

2019 онд Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Crash Landing on You” цувралын гол дүрийн жүжигчид гэрлэхээр болсноо Пүрэв гарагт зарлажээ.

Уг цувралд жүжигчин Сон Е Жин санамсаргүй тохиолдлоор Умард Солонгосын нутагт нэвтэрсэн баян өв залгамжлагч бүсгүйн дүрийг бүтээдэг.

Харин жүжигчин Хён Бин уг эмэгтэйд хайртай болсон Умард Солонгосын армийн офицерын дүрийг бүтээдэг юм.

Хоёр жүжигчин тоглосон дүрээсээ гадна бодит амьдрал дээр дотно харилцаатай болсноо 2021 оны эхээр анх олон нийтэд дэлгэж байжээ.

Пүрэв гарагт Сон Е Жин өөрийн Инстаграм хуудсанд бяцхан хуримын даашинзын зургийг нийтлээд “Ийм чухал мэдээг яаж хүмүүстэй хуваалцахаа би удаан бодлоо” гэж бичсэн байна.

Тэрбээр Хён Биний нэрийг дурдалгүйгээр үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх нэгнийг олсноо цааш нь бичсэн юм.

Цагийн дараа жүжигчин Хён Бин “Цувралд хамт тоглосон Жон Хёк, Се Ри хоёр хамтын амьдралын эхний алхмаа хийхээр боллоо. Зарим нь үүнийг эртнээс тааварлаж байсан байх. Тиймээ, би гэрлэхээр шийдэж, амьдралынхаа хоёр дахь шатанд шилжихээр боллоо” гэж Инстаграм хуудсандаа бичжээ.

Жон Хёк, Се Ри нь “Crash Landing on You” цувралд тэдний бүтээсэн дүрүүдийн нэрс юм.

Энэ онд хоёул 40 нас хүрч байгаа Сон, Хён нар Өмнөд Солонгосын алдартай кино одууд бөгөөд Азийн зах зээлд дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болдог.

Тухайлбал Сон Е Жин нь Италийн хувцас загварын Valentino компанитай хамтран ажилладаг бол Хён Бин нь Швейцарын Omega цаг үйлдвэрлэгчийн брэнд элч төлөөлөгчөөр ажилладаг юм.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *